Египетээс гарсан нь 16:1–36

  • Ард олон хоолны талаар гомдоллов (1-3)

  • Ехова гомдлыг нь сонсов (4-12)

  • Бөднө шувуу ба маннаг өгөв (13-21)

  • Амралтын өдөр манна байхгүй байв (22-30)

  • Маннаг дурсгал болгон хадгалав (31-36)

16  Израйлын чуулганыхан Елимээс хөдөлж, Египетээс гарснаасаа хойш сарын дараа буюу хоёр дахь сарын арван таванд Елим болон Синаин хоорондох Синий цөлд хүрчээ. 2  Тэнд Израйлын чуулганыхан Мосе Аарон хоёрт дургүйцэн гомдоллов. 3  Израйлчууд дахин дахин «Бид нар Египетийн нутагт тогоо дүүрэн махтай, цадталаа идэх талхтай байхдаа Еховагийн мутарт үхсэн нь дээр байж. Та нар бид бүгдийг өлсгөлөнгөөр алах гэж энэ цөл рүү авчраа юу?» гэцгээж байлаа. 4  Тэгэхэд Ехова Мосед «Би та нарын төлөө тэнгэрээс талх оруулна. Хүн бүр гарч, өдөрт идэх хэмжээгээрээ цуглуулах ёстой. Ингэж би тэднийг миний хуулийг сахих нь уу, үгүй юү гэдгийг нь шалгана. 5  Харин зургаа дахь өдөр өдөрт хураадгаасаа хоёр дахин ихийг хурааж бэлтгэг» гэв. 6  Тэгээд Мосе Аарон хоёр израйлчуудад «Та нарыг Египетээс Ехова гаргасныг та нар энэ орой мэдэх болно. 7  Өглөө та нар Еховагийн цог жавхланг харна. Яагаад гэвэл Ехова та нарыг өөрт нь дургүйцэн гомдоллохыг сонссон. Бид хоёр хэн болоод та нар бид нарт гомдоллоно вэ?» гэж хэлэв. 8  Мосе цааш нь «Ехова та нарт орой мах, өглөө цадталаа идэх талх өгнө. Тэгэхэд та нар гомдлыг чинь Ехова сонссоныг мэднэ. Та нар бид нарт гомдоллоод яах вэ дээ. Та нар бид нарт биш, Еховад л дургүйцэн гомдоллож байгаа хэрэг» гэжээ. 9  Тэгээд Мосе Ааронд «Израйлын чуулганыханд “Ехова та нарын дургүйцэн гомдоллохыг сонссон учраас түүний өмнө ойртож ир” гэж хэл» гэлээ. 10  Аароныг Израйлын чуулганыхантай ярьж дуусмагц тэд цөл рүү эргэж харав. Тэгтэл Еховагийн цог жавхлан үүлэн дунд үзэгджээ. 11  Ехова цааш нь Мосед 12  «Би израйлчуудын дургүйцэн гомдоллохыг сонссон. Чи тэдэнд “Та нар үдшийн бүрийгээр мах идэж, өглөө цадталаа талх иднэ. Тэгээд та нар намайг та нарын Бурхан Ехова гэдгийг мэднэ” гэж хэл» гэлээ. 13  Орой болоход бөднө шувууд ирээд хуаранг бүрхэв. Өглөө нь хуарангийн эргэн тойронд шүүдэр буусан байлаа. 14  Шүүдэр арилахад хяруу гэлтэй жижиг үрлэнцэр юмс газрыг бүрхсэн байв. 15  Израйлчууд түүнийг хараад юу болохыг нь мэдэхгүй байсан учраас «Энэ юу вэ?» гэж нэг нэгнээсээ асууцгааж байлаа. Мосе тэдэнд «Энэ бол та нарын хүнсэнд зориулж Еховагийн өгсөн талх. 16  Ехова: “Хүн бүр идэх хэмжээгээрээ цуглуул. Майхандаа байгаа хүний тоогоор, нэг хүнд нэг омер* байхаар авагтун” гэж тушаасан» гэлээ. 17  Израйлчууд ч тийнхүү үйлджээ. Зарим нь ихийг, зарим нь багыг цуглуулав. 18  Тэд түүснээ омероор хэмжихэд ихийг цуглуулсанд нь илүүдэхээргүй, багыг цуглуулсанд нь дутахааргүй байв. Хүн бүр идэх хэмжээгээрээ түүжээ. 19  Мосе тэдэнд «Өглөө болтол нэг ч хүн юу ч үлдээж болохгүй» гэж хэлжээ. 20  Гэтэл тэд үгийг нь дагасангүй. Зарим хүн өглөө болтол үлдээсэнд тэр нь өтөж өмхийрчээ. Тийм учраас Мосе тэдэнд маш их уурлав. 21  Хүн бүр өглөө болгон идэх хэмжээгээрээ түүж байлаа. Газар үлдсэн нь нар төөнөхөд хайлчихдаг байв. 22  Зургаа дахь өдөр нь тэд нэг хүнд хоёр омер байхаар хоёр дахин их идэх юм түүжээ. Энэ тухай чуулганы бүх удирдагч Мосе дээр очоод хэлэхэд 23  Мосе тэдэнд «Ехова ингэж айлдаж байна. “Маргааш Ехова надад зориулсан ариун Амралтын өдөр учраас та нар бүтэн амрах ёстой. Жигнэхээ жигнээд, чанахаа чанаад үлдсэнийг нь маргааш өглөө болтол хадгал”» гэж хэлэв. 24  Тэд Мосегийн тушааснаар өглөө болтол хадгалсанд өтөж өмхийрсөнгүй. 25  Тэгээд Мосе: «Хадгалснаа өнөөдөр ид. Яагаад гэвэл өнөөдөр Еховад зориулсан Амралтын өдөр. Та нар газраас юу ч олохгүй. 26  Зургаан өдөр түүх боловч долоо дахь өдөр Амралтын өдөр учраас юу ч байхгүй» гэв. 27  Гэтэл зарим хүн долоо дахь өдөр түүхээр гарчээ. Тэд юу ч олсонгүй. 28  Тэгэхэд нь Ехова Мосед «Та нар хэдий болтол миний хууль тушаалуудыг сахихгүй байх юм бэ? 29  Ехова би та нарт Амралтын өдрийг өгсөн шүү дээ. Тийм болохоор та нарт зургаа дахь өдөр хоёр дахин их хоол өгдөг юм. Долоо дахь өдөр хүн бүр байгаа газраа байж, хаашаа ч явж болохгүй» гэж айлдлаа. 30  Тиймээс ард түмэн долоо дахь өдөр амрав. 31  Израйлчууд тэр хүнсийг «манна*» гэж нэрлэжээ. Тэр нь кориандрын үр мэт цагаан, зөгийн балтай боов мэт амттай байлаа. 32  Тэгээд Мосе: «Ехова ингэж тушаасан. “Үүнээс нэг бүтэн омерийг авч, үе уламжлан хадгал. Үр хүүхдүүд чинь үүнийг хараад намайг та нарыг Египетийн нутгаас гаргаад цөлд яаж тэжээж байсныг мэдэх болно”» гэжээ. 33  Тиймээс Мосе Ааронд «Ваар авч, дотор нь нэг бүтэн омер манна хий. Түүнийг Еховагийн өмнө тавьж, үе уламжлан хадгал» гэв. 34  Еховагийн Мосед тушаасан ёсоор Аарон гэрчлэлийн* өмнө түүнийг тавьж хадгалжээ. 35  Израйлчууд хүн оршин суудаг газар очтолоо 40 жил манна идсэн юм. Канааны захад хүртлээ тэд манна идсэн билээ. 36  Нэг омер нь ефагийн* аравны нэг юм.

Зүүлт

2,2 л орчим. Хавсралт Б14-ийг үзнэ үү.
«Энэ юу вэ?» гэсэн утгатай еврей үгээс гаралтай бололтой.
Чухал бичиг баримт хадгалдаг хайрцаг бололтой.
1 ефа нь 22 л. Хавсралт Б14-ийг үзнэ үү.