Египетээс гарсан нь 18:1–27

  • Иетро Зиппора хоёр ирэв (1-12)

  • Иетро шүүгчдийг томилохыг зөвлөв (13-27)

18  Ехова Бурхан ард түмнээ буюу израйлчуудыг Египетээс хэрхэн гаргасныг, мөн Мосегийн болон ард түмнийхээ төлөө юу хийснийг Мосегийн хадам эцэг, Мидианы тахилч Иетро бүгдийг нь сонсжээ.  Мосе эхнэр Зиппорагаа буцааж явуулсан байсан бөгөөд Мосегийн хадам эцэг Иетро охиноо гэртээ байлгаж байв.  Мөн хоёр хүүг нь ч байлгаж байлаа. Нэг хүүг нь Гершом гэдэг байв. Мосе: «Би хүний нутагт гаднын хүн болсон юм» гээд ийм нэр өгчээ.  Нөгөө хүүг нь Елиезер* гэдэг байв. Мосе: «Миний эцгийн Бурхан надад тусалдаг. Тэрбээр намайг фараоны илднээс аварсан юм» гээд ийм нэр хайрлажээ.  Мосегийн хадам эцэг Иетро эхнэр, хөвгүүдийг нь аваад Мосетой уулзахаар цөлд очив. Тэнд Мосе жинхэнэ Бурхны ууланд буудаллаж байлаа.  Иетро хэл хүргүүлж «Чиний хадам эцэг Иетро би, эхнэр, хоёр хүүг чинь аваад очиж байна» гэж мэдэгдэв.  Тэгэхэд Мосе хадам эцгээ тосохоор гарч, мэхийгээд түүнийг үнсэв. Тэд амар мэндээ мэдэлцээд майханд орцгоолоо.  Ехова Израйлын төлөө фараон болон египетчүүдэд юу үйлдсэнийг, замдаа тэд ямар бэрхшээлтэй тулгарч, Ехова хэрхэн аварсныг Мосе хадам эцэгтээ ярив.  Израйлчуудыг египетчүүдээс аврахын тулд Еховагийн хийсэн бүхнийг сонсоод Иетро маш их баярлажээ. 10  Тиймээс Иетро: «Та нарыг египетчүүд болон фараоноос аварсан Ехова магтагдах болтугай. Тэрбээр ард түмнээ Египетийн эрхшээлээс ангижруулжээ. 11  Омог бардам дайснуудаас нь ард түмнээ аварсан учраас Еховагаас өөр агуу бурхан байхгүй юм байна» гэжээ. 12  Тэгээд Мосегийн хадам эцэг Иетро Бурханд зориулан шатаалт тахил, өргөлүүдийг авчирлаа. Аарон болон Израйлын бүх ахлагч ирж Мосегийн хадам эцэгтэй хамт жинхэнэ Бурхны өмнө хоол идэв. 13  Маргааш нь Мосе заншсан ёсоороо сууж хүмүүсийн хэргийг шүүжээ. Өглөөнөөс орой болтол хүмүүс Мосегийн өмнө ээлжээ хүлээн зогсож байлаа. 14  Хадам эцэг нь ард олны төлөө Мосегийн хийж байгаа бүхнийг хараад «Чи яагаад ганцаархнаа ингэж их зүтгэнэ вэ? Яагаад ард түмэн өглөөнөөс орой болтол чиний өмнө зогсож, чи ганцаараа шүүж байгаа юм бэ?» гэхэд 15  Мосе хадам эцэгтээ «Ард олон Бурхнаас юм асуух гэж над дээр ирдэг юм. 16  Ямар нэг маргаантай асуудал гарвал тэд над дээр ирж, би тэдний хоорондох маргааныг тасалж, жинхэнэ Бурхны хууль тушаалыг мэдүүлдэг юм» гэж хариулав. 17  Мосегийн хадам эцэг түүнд «Ингэж хийж байгаа чинь сайн биш байна. 18  Чи ч ядарна, чамтай хамт байгаа энэ ард түмэн ч ядарна. Яагаад гэвэл энэ бол чамд ахадсан ачаа, чи ганцаараа үүрч чадахгүй. 19  Одоо намайг сонс. Би чамд зөвлөе. Бурхан чамтай хамт байг. Чи цаашдаа ч ард түмний өмнөөс жинхэнэ Бурхантай ярьж, ямар маргаан гарсныг жинхэнэ Бурханд хэлж бай. 20  Чи ард түмэнд зарлиг, хуулиудыг сануулж, яаж амьдарч*, юу хийх ёстойг нь хэлж өг. 21  Ард түмнээс зарим хүнийг мянгат, зуут, тавьт, аравтын даргаар томил. Тэд Бурхнаас эмээдэг, чадварлаг, шударга бусаар ашиг олохыг үзэн яддаг, итгэл даах хүмүүс байх ёстой. 22  Ард түмэнд хэрэг зарга гарвал тэд шүүг. Харин ярвигтайг нь чамаар шүүлгэг. Жижиг хэргүүдийг нь өөрсдөө шүүг. Ингэвэл тэд ачаанаас чинь үүрэлцэж, чамд илүү амар болно. 23  Чи ингэвэл, бас Бурхан чамд ингэж хийхийг тушаавал чи ядрахгүй. Ард түмэн ч гэртээ сэтгэл дүүрэн харина» гэлээ. 24  Мосе шууд хадам эцгийнхээ үгэнд орж, хэлснээр нь хийв. 25  Мосе израйлчуудын дундаас чадварлаг эрчүүдийг сонгож мянгат, зуут, тавьт, аравтын даргаар томиллоо. 26  Ингээд тэд ард олны хэрэг заргыг шүүв. Хэцүү хэргийг нь Мосегоор шүүлгэж, жижиг хэргийг нь өөрсдөө шүүж байлаа. 27  Дараа нь Мосе хадам эцгээ гаргаж өгөхөд тэрбээр нутаг буцжээ.

Зүүлт

«Миний Бурхан бол туслагч» гэсэн утгатай.
Үгч. «явах ёстой замыг нь мэдүүлж»