Египетээс гарсан нь 26:1–37

  • Шүтлэгийн асар (1-37)

    • Асрын бүрээснүүд (1-14)

    • Яс модон хүрээнүүд, углуургууд (15-30)

    • Хөшигнүүд (31-37)

26  Чи шүтлэгийн асарт зориулан сайн чанарын маалинган утас, хөх утас, нил ягаан ноосон утас, час улаан утсаар 10 бүрээс хий. Дээр нь херубуудыг урлаж шагла.  Асрын бүрээс бүрийн урт нь 28 тохой*, өргөн нь 4 тохой байна. Бүгд нэг хэмжээтэй байх ёстой.  Таван бүрээс нь хоорондоо залгаа байх бөгөөд нөгөө тав нь ч залгаа байх юм.  Хоёр залгаа бүрээсийг нийлүүлэхийн тулд эхний залгаа бүрээсний арын захад болон нөгөө залгаа бүрээсний урд захад хөх утсаар гогцоонууд хий.  Эхний залгаа бүрээсэнд 50 гогцоо, нөгөө залгаа бүрээсний захад 50 гогцоо хий. Хоёр бүрээсний гогцоонууд нэг нэгнийхээ харалдаа байх ёстой.  Тавин алтан гархи хийгээд тэр гархинуудаараа бүрээснүүдийг холбож, асрыг бүтээх нэг бүтэн бүрээс болго.  Чи бас ямааны хялгасаар шүтлэгийн асрыг бүтээх бүрээснүүдийг хий. 11 бүрээс байх ёстой.  Бүрээс бүрийн урт нь 30 тохой, өргөн нь 4 тохой байх бөгөөд 11 бүрээс бүгд ижил хэмжээтэй байх ёстой.  Таван бүрээс нь залгаа байх бөгөөд нөгөө зургаа нь ч мөн залгаа байх юм. Зургаа дахь бүрээсний хувьд асрын урдах хэсгийнхийг нь нугална. 10  Хоёр залгаа бүрээсийг нийлүүлэхийн тулд эхний залгаа бүрээсний арын захад 50 гогцоо, нөгөө залгаа бүрээсний урд захад 50 гогцоо хий. 11  Тавин зэс гархи хийгээд тэр гархинуудаараа бүрээснүүдийн гогцоонуудыг холбож, асрыг бүтээх нэг бүтэн бүрээс болго. 12  Асрын ард илүү гарсан тал бүрээсийг унжсан хэвээр нь байлга. 13  Асрын хоёр талд илүү гарах бүрээс нь нэг нэг тохой байна. Тэр бүрээсийг унжсан хэвээр нь байлга. 14  Бас чи улаан өнгөнд оруулсан хуцын арьсаар бүрээс хий. Мөн далайн хавын арьсаар бүрээс хийж дээр нь тавь. 15  Асрын яс модон хүрээнүүдийг хуайс модоор хий. 16  Яс модон хүрээ бүрийн өндөр нь 10 тохой, өргөн нь нэг тохой хагас байх ёстой. 17  Хүрээ бүр хоёр углууртай* байх бөгөөд тэдгээр нь зэрэгцсэн байх ёстой. Чи асрын бүх яс модон хүрээг ийнхүү хийгтүн. 18  Асрын өмнө талыг босгохын тулд 20 яс модон хүрээ хий. 19  Чи яс модон хүрээний доорх хоёр углуурт зориулж хоёр углуурга, дараагийнх нь хүрээний хоёр углуурт зориулж хоёр углуурга гэх маягаар 20 хүрээнд зориулж 40 мөнгөн углуурга хий. 20  Асрын нөгөө тал буюу хойд талыг босгоход зориулж 20 яс модон хүрээг 21  дөчин мөнгөн углуургатай нь хийгтүн. Яс модон хүрээний доорх хоёр углуурт зориулж хоёр углуурга, дараагийнх нь хүрээний хоёр углуурт зориулж хоёр углуурга гэх маягаар хий. 22  Асрын ард тал буюу баруун зүг рүү харсан хэсгийг зургаан яс модон хүрээ босгож хий. 23  Асрын арын хоёр буланд тулгуур болгон хоёр яс модон хүрээ нэмж хий. 24  Хүрээ бүр доороосоо орой хүртлээ үргэлжилсэн хоёр модтой байх бөгөөд тэдгээр нь дээд үзүүр дээрээ нийлж, эхний гархитай холбогдсон байх ёстой. Ийнхүү булангийн хоёр тулгуурыг яг адилхан хий. 25  Нэг яс модон хүрээний доор хоёр углуурга, дараагийнх нь хүрээний доор хоёр углуурга гэх маягаар найман хүрээний доор 16 мөнгөн углуурга байх ёстой. 26  Асрын нэг талын яс модон хүрээнүүдэд зориулж хуайс модоор таван хөндлөвч мод, 27  нөгөө талынх нь яс модон хүрээнүүдэд зориулж таван хөндлөвч мод, мөн баруун зүг рүү харсан хэсэг буюу асрын ард талын хүрээнүүдэд зориулж таван хөндлөвч мод хий. 28  Голын хөндлөвч мод нь яс модон хүрээнүүдийн дундуур нэг захаас нөгөө зах хүртэл үргэлжилнэ. 29  Яс модон хүрээнүүд болон хөндлөвч моднуудыг алтаар бүр. Хөндлөвч моднуудыг тогтоох гархинуудыг алтаар хий. 30  Миний чамд уулан дээр үзүүлсэн загвараар чи шүтлэгийн асрыг баригтун. 31  Чи хөх утас, нил ягаан ноосон утас, час улаан утас, сайн чанарын маалинган утсаар хөшиг хийгтүн. Хөшгөн дээрээ херубуудыг урлаж шагла. 32  Түүнийгээ алтаар бүрсэн дөрвөн хуайс модон баганад өлгөгтүн. Дэгээнүүд нь алтан байх ёстой. Багануудыг дөрвөн мөнгөн углуургад суурилуул. 33  Гархинуудын доор хөшгийг өлгөж, хөшигний ард гэрчлэлийн авдрыг тавигтун. Хөшиг нь Ариун газрыг Ариунаас ариун газраас зааглах юм. 34  Ариунаас ариун газар дахь гэрчлэлийн авдар дээр чи тагийг нь тавигтун. 35  Хөшигний гадна талд ширээ, дэнгийн суурийг тавих ёстой. Ширээг шүтлэгийн асрын хойд тал руу тавьж, эсрэг талд нь буюу өмнө талд нь дэнгийн суурийг тавигтун. 36  Мөн мөргөлийн асрын үүдний хөшгийг хий. Хөшгийг хөх утас, нил ягаан ноосон утас, час улаан утас, сайн чанарын маалинган утсаар нэхэж хийгтүн. 37  Үүдний хөшгөнд зориулж хуайс модоор таван багана хийгээд алтаар бүр. Дэгээнүүд нь алтан байх ёстой. Тэгээд багануудыг таван зэс углуургад суулгагтун.

Зүүлт

1 тохой нь 44,5 см. Хавсралт Б14-ийг үзнэ үү.
Эсвэл «босоо модтой»