Египетээс гарсан нь 27:1–21

  • Шатаалт тахилын ширээ (1-8)

  • Хашаа (9-19)

  • Дэнгийн тос (20, 21)

27  Чи хуайс модоор тахилын ширээ хий. Урт нь таван тохой*, өргөн нь таван тохой дөрвөлжин ширээ байх ёстой. Өндөр нь гурван тохой байна.  Тахилын ширээг дөрвөн буландаа эвэртэй хийгтүн. Эврүүд нь тахилын ширээтэйгээ нэгэн үргэлж байна. Тахилын ширээг зэсээр бүр.  Бас чи үнсний* хувин, хүрз, сав, сэрээ, галын гаргуулууд хий. Тахилын ширээний бүх хэрэгслийг зэсээр хийнэ.  Мөн тахилын ширээнд зэс сараалжин тор хий. Дөрвөн өнцөгт нь зэс гархи хийгтүн.  Торыг тахилын ширээний амсрын доор, ширээний дунд хавьд байхаар тогтоо.  Чи тахилын ширээнд зориулж хуайс модон дамнуургууд хийж зэсээр бүрэгтүн.  Тахилын ширээг зөөхийн тулд хоёр талынх нь гархинуудад дамнуургуудыг шургуул.  Чамд уулан дээр үзүүлсний дагуу тахилын ширээг банзаар, дотроо хөндий хийх ёстой.  Чи мөн шүтлэгийн асарт зориулж хөшгөөр хашаа хий. Өмнө талын хөшигний урт нь 100 тохой байх бөгөөд сайн чанарын маалинган даавуугаар хийгтүн. 10  Уг хөшиг 20 баганатай, 20 зэс углуургатай байх ёстой. Баганын дэгээнүүд болон холбооснуудыг* мөнгөөр хий. 11  Хойд талын хөшиг нь бас 100 тохой урт, 20 багана, 20 зэс углуургатай байна. Баганын дэгээнүүд, холбооснуудыг* мөнгөөр хий. 12  Хашааны баруун хөшигний урт нь 50 тохой байх бөгөөд 10 багана, 10 углуургатай байна. 13  Хашааны өргөн тал нь буюу наран мандах зүүн зүг рүү харсан тал нь 50 тохой байх ёстой. 14  Хашааны хаалганы баруун талд 15 тохой хөшиг, гурван багана, гурван углуурга байх юм. 15  Нөгөө талд нь 15 тохой хөшиг, гурван багана, гурван углуурга байх ёстой. 16  Хашааны үүдний хөшиг 20 тохой урт байх бөгөөд хөх утас, нил ягаан ноосон утас, час улаан утас, сайн чанарын маалинган утсаар нэхэж хийгтүн. Мөн дөрвөн багана, дөрвөн углуургатай байх ёстой. 17  Хашааг тойрсон бүх баганын холбоос, дэгээнүүдийг мөнгөөр, углуургуудыг нь зэсээр хий. 18  Хашааны урт нь 100 тохой, өргөн нь 50 тохой, өндөр нь 5 тохой байна. Хашааны хөшгийг сайн чанарын маалинган даавуугаар хийгтүн. Углуургууд нь зэс байх ёстой. 19  Шүтлэгийн асрын үйлчлэлд зориулсан бүх сав суулга, эд хэрэгсэл, мөргөлийн асар болон хашааны бүх гадсыг зэсээр хийгтүн. 20  Дэнг бөхөөхгүйн тулд хамгийн сайн чанарын чидуны тос авчрахыг израйлчуудад тушаа. 21  Цугларалтын асарт, гэрчлэлийн урдах хөшигний гадна байх дэн оройноос өглөө хүртэл Еховагийн өмнө асаалттай байх ёстой. Үүнийг Аарон болон хөвгүүд нь хариуцах юм. Энэ нь израйлчуудад үеэс үед, үргэлж сахих зарлиг болно.

Зүүлт

1 тохой нь 44,5 см. Хавсралт Б14-ийг үзнэ үү.
Эсвэл «тостой үнсний». Энэ нь тахилын өөхний тос нэвчсэн үнс.
Эсвэл «гархинуудыг», «цагаригуудыг»
Эсвэл «гархинуудыг», «цагаригуудыг»