Египетээс гарсан нь 28:1–43

  • Тахилчийн өмсгөл (1-5)

  • Ефод (6-14)

  • Цээживч (15-30)

    • Урим, Туммим (30)

  • Ханцуйгүй дээл (31-35)

  • Алтан пайз бүхий толгойн өмсгөл (36-39)

  • Тахилчийн бусад хувцас (40-43)

28  Чи ах Аароныгоо болон хөвгүүд нь болох Надаб, Абиху, Елеазар, Итамар нарыг надад тахилчаар үйлчлүүлэхийн тулд израйлчуудын дундаас дуудуулж авчрагтун.  Ах Аарон чинь хүндэтгэл хүлээх учраас түүнд ариун, гоёмсог өмсгөл хийж өг.  Аароныг ариусгаж надад тахилчаар үйлчлүүлэхийн тулд чи ур чадвартай, надаас мэргэн ухааныг арвин ихээр авсан хүмүүстэй ярьж, өмсгөл хийлгэ.  Тэдний хийх хувцас нь цээживч, ефод, ханцуйгүй дээл, шоотой дотуур дээл, толгойн өмсгөл, бүс юм. Тэд тэдгээр ариун хувцсыг Аарон болон хөвгүүдийнх нь төлөө хийх бөгөөд тэд надад үйлчлэх тахилчид болно.  Ур чадвартай хүмүүсийн хэрэглэх зүйлс нь алт, хөх утас, нил ягаан ноосон утас, час улаан утас, сайн чанарын маалинган утас юм.  Тэд ефодыг алтан утас, хөх утас, нил ягаан ноосон утас, час улаан утас, сайн чанарын маалинган утсаар урлаж шаглаг.  Ефодын ард тал, урд талын мөрний хэсгийг нийлүүлж оёгтун.  Ефодыг ийш тийш нь гүйлгэхгүйн тулд ефодтойгоо залгаа нэхмэл бүс хий. Бүсийг адилхан материалаар буюу алтан утас, хөх утас, нил ягаан ноосон утас, час улаан утас, сайн чанарын маалинган утсаар хийнэ.  Чи хоёр оникс чулуу аваад дээр нь Израйлын хөвгүүдийн нэрсийг сийлэгтүн. 10  Насных нь дарааллаар нэг дээр нь зургаан нэрийг, нөгөө дээр нь зургаан нэрийг сийл. 11  Сийлбэрчин Израйлын хөвгүүдийн нэрсийг хоёр чулуун дээр тамга мэт сийлнэ. Дараа нь чи тэр хоёр чулууг алтан хүрээтэй сууринд суулгагтун. 12  Тэр хоёр чулууг Израйлын хөвгүүдийн дурсгал болгон ефодын хоёр мөрөн дээр хад. Аарон тэдний нэрсийг Еховагийн өмнө дурсгал болгон хоёр мөрөн дээрээ авч явна. 13  Чи бас чулууг суулгах алтан хүрээтэй суурь, 14  эрчилсэн уяа шиг хоёр шижир алтан гинж хийгээд эрчилсэн гинжээ алтан суурьтай холбогтун. 15  Чи хатгамалчнаар шийдвэрийн цээживч хийлгэ. Цээживчийг ефодтой адилаар алтан утас, хөх утас, нил ягаан ноосон утас, час улаан утас, сайн чанарын маалинган утсаар хийх ёстой. 16  Цээживч нь нэг сөөм* урт, нэг сөөм өргөн дөрвөлжин байх бөгөөд хоёр давхарласан байна. 17  Цээживчид дөрвөн эгнээ шигтгэсэн чулуу тогтоо. Эхний эгнээнд бадмаараг, молор, маргад, 18  хоёр дахь эгнээнд оюу, индранил, хас, 19  гурав дахь эгнээнд лешем*, гартаам, ягаан болор, 20  дөрөв дэх эгнээнд алтан чулуу, оникс, хаш байх юм. Тэдгээрийг алтан хүрээтэй сууринд суулгасан байх ёстой. 21  Израйлын хөвгүүдийн нэрсийн дагуу эдгээр чулуун дээр 12 овгийн нэрийг нэг нэгээр нь тамга мэт сийл. 22  Чи цээживчид зориулж шижир алтан уяа шиг эрчилсэн гинж хий. 23  Бас хоёр алтан гархи хийгээд цээживчийн хоёр үзүүрт тогтоо. 24  Тэр хоёр гархитайгаа хоёр алтан гинжээ холбогтун. 25  Хоёр гинжнийхээ нөгөө хоёр үзүүрийг ефодын мөрөн дээрх алтан хүрээтэй хоёр сууринд холбо. Ингэснээр цээживч ефодын урд талд унжих юм. 26  Чи мөн хоёр алтан гархи хийж, ефодын урдах цээживчийн доод хоёр үзүүрт нь, дотор талд нь хадагтун. 27  Бас дахиад хоёр алтан гархи хийгээд ефодтой залгаа нэхмэл бүсний дээхэн хад. Энэ нь ефодын урд талд мөрний харалдаа доор байх юм. 28  Тэгээд ефодын энэ хоёр гархийг цээживчийн доод хоёр гархитай хөх уяагаар уя. Ингэснээр цээживч нь ефодоос салахгүй, нэхмэл бүсний дээхэн талд байх юм. 29  Аарон Ариун газар луу орохдоо Израйлын хөвгүүдийн нэрстэй шийдвэрийн цээживчийг зүрхэн тушаа зүүж, Еховагийн өмнө байнгын дурсгал болгон авч явах ёстой. 30  Чи шийдвэрийн цээживчид Урим, Туммимийг* хий. Тэдгээр нь Аароныг Еховагийн өмнө очиход зүрхэн тушаа нь байх ёстой. Аарон израйлчуудтай хамаатай шийдвэр гаргахын тулд Еховагийн өмнө очих болгондоо үүнийг зүүнэ. 31  Чи ефодын ханцуйгүй дээлийг хөх утсаар нэхэж хий. 32  Дээд хэсгийнх нь голд ухлаадас гаргаж, нэхмэлчнээр захалж нэхүүл. Тэгвэл сэмрэхгүй, хайрст хуяг шиг бөх болно. 33  Чи мөн хөх утас, нил ягаан ноосон утас, час улаан утсаар анар жимс хийгээд хормойг нь тойруулж зүү. Дунд нь алтан хонхнууд байх ёстой. 34  Алтан хонх, анар, алтан хонх, анар гэх маягаар ханцуйгүй дээлийн хормойд сөөлжлүүлэн зүү. 35  Аарон үйлчлэхдээ энэ өмсгөлийг өмсөх ёстой. Еховагийн өмнө мөргөлийн асар луу орж гарахад нь хонх нь жингэнэнэ. Ингэснээр тэрбээр үхэхгүй юм. 36  Чи шижир алтаар гялтганасан пайз хийгээд дээр нь “Ариун байдал Еховагийнх” гэж тамга мэт сийлэгтүн. 37  Тэр пайзаа толгойн өмсгөлийн урд байхаар хөх уяагаар тогтоо. 38  Энэ нь Аароны духан дээр байх юм. Хэрэв Бурханд ариун бэлэг болгон өргөхөөр израйлчуудын тусгаарласан ариун юмсад хэн нэгэн хүндэтгэлгүй хандвал Аарон хариуцлагыг нь хүлээнэ. Пайз Аароны духан дээр үргэлж байх ёстой. Ингэвэл ард түмэн Еховагийн таалалд багтана. 39  Чи бас сайн чанарын маалинган утсаар шоотой дотуур дээл, толгойн өмсгөл нэхэж хий. Түүнээс гадна бүс нэхэгтүн. 40  Мөн Аароны хөвгүүдэд дотуур дээл, бүс хийж өг. Тэд хүндэтгэл хүлээх учраас гоёмсог толгойн өмсгөл бас хийж өгөгтүн. 41  Чи ах Аароныгоо хөвгүүдтэй нь хувцаслаж, тослоод тахилчаар томилон ариусга. Тэгээд тэд надад үйлчлэх тахилчид болно. 42  Мөн тэдний нүцгэн биеийг халхлах ташаанаас гуя хүрсэн маалинган дотуур өмд хий. 43  Үүнийг Аарон болон хөвгүүд нь цугларалтын асарт очих юм уу ариун газарт үйлчлэн тахилын ширээ рүү ойртохдоо өмссөн байх ёстой. Тэгэхгүй бол үүнийхээ гэм нүглээс болж үхнэ. Энэ бол Аарон болон үр удмынх нь үргэлж сахих ёстой зарлиг билээ.

Зүүлт

22,2 см орчим. Хавсралт Б14-ийг үзнэ үү.
Ямар чулуу байсан нь тодорхойгүй. Хув, циркон, гэрэлт чимэд, турмалины аль нэг нь байсан бололтой.
Үгийн тайлбарыг үзнэ үү.