Египетээс гарсан нь 31:1–18

  • Бурхан урчуудад агуу хүчээ өгөв (1-11)

  • Амралтын өдөр бол Бурхан ба израйлчуудын хоорондох тэмдэг (12-17)

  • Хоёр чулуун хавтан (18)

31  Ехова цааш нь Мосед  «Би Иуда овгийн Хурын ач, Уригийн хүү Безалелийг сонгосон.  Би түүнд агуу хүчээ өгч бүхий л эд зүйлийг урлах мэргэн ухаан, ойлголт, мэдлэгтэй болгоно.  Тиймээс тэрбээр чамин гоё загвар гаргаж алт, мөнгө, зэсээр юм урлаж,  чулуу засаж суулган, бүх төрлийн модон эдлэлийг хийнэ.  Бас би түүнд туслуулахаар Дан овгийн Ахисамахын хүү Охолиабыг томилсон. Мөн ур чадвартай бүх хүнд мэргэн ухаан өгөх учраас тэд миний чамд тушаасан бүхнийг гүйцэтгэнэ.  Тэд гэрчлэлийн авдрыг тагтай нь, цугларалтын асар, асрын бүх эд хэрэгсэл,  ширээг эд юмстай нь, шижир алтан дэнгийн суурийг эд хэрэгсэлтэй нь, утлагын ширээ,  шатаалт тахилын ширээг бүх эд хэрэгсэлтэй нь, усны савыг суурьтай нь хийнэ. 10  Мөн нарийн нэхсэн хувцаснууд, тахилч Аароны ариун өмсгөл, тахилчаар үйлчлэх хөвгүүдийнх нь өмсгөлүүдийг, 11  тосолгооны тос, ариун газарт зориулсан анхилуун утлагыг хийнэ. Тэд миний чамд тушаасан бүхнийг гүйцэтгэнэ» гэлээ. 12  Түүнчлэн Ехова Мосед 13  «Израйлчуудад ингэж хэл. “Та нар миний амралтын өдрүүдийг заавал сахигтун. Энэ бол үеийн үед би болон та нарын хоорондох тэмдэг байх юм. Ехова би та нарыг тусгай ард түмнээ болгон сонгосныг энэ тэмдэг та нарт мэдүүлнэ. 14  Амралтын өдөр нь та нарын хувьд ариун учир заавал сахигтун. Амралтын өдрийг бузарласан хэнийг ч болов хөнөөх ёстой. Ямар нэг ажил хийсэн хүнийг бас хөнөөх ёстой. 15  Зургаан өдөр ажил хийж болох ч долоо дахь өдөр бол бүтэн амрах Амралтын өдөр юм. Энэ өдөр нь Еховад ариун билээ. Амралтын өдөр ажил хийсэн хэнийг ч бай хөнөөгтүн. 16  Израйлчууд үе уламжлан Амралтын өдрийг сахих ёстой. Энэ бол үргэлж сахих гэрээ бөгөөд 17  израйлчууд болон миний хоорондох байнгын тэмдэг болно. Учир нь Ехова би зургаан өдөр тэнгэр, газрыг бүтээж долоо дахь өдрөө амарч, сэргэсэн билээ”» хэмээн айлдав. 18  Тэрбээр Синаи уулан дээр Мосетой ярьж дуусмагцаа гэрчлэлийн хоёр чулуун хавтанг түүнд өгчээ. Тэдгээр хавтан дээр Бурхан хуруугаараа бичсэн юм.

Зүүлт