Египетээс гарсан нь 35:1–35

  • Амралтын өдрийн талаарх заавар (1-3)

  • Шүтлэгийн асрын төлөөх хандив (4-29)

  • Бурхан Безалел Охолиаб хоёрт агуу хүчээ өгөв (30-35)

35  Мосе дараа нь Израйлын чуулганыхныг бүгдийг нь цуглуулаад «Ехова дараах зүйлсийг тушаалаа.  Зургаан өдөр ажил хий. Харин долоо дахь өдөр нь ариун өдөр, Еховад зориулсан бүтэн амрах амралтын өдөр байх юм. Тэр өдөр ажил хийсэн хүнийг хөнөөгтүн.  Амралтын өдөр гэр орондоо гал асааж болохгүй» гэлээ.  Мосе цааш нь Израйлын чуулганыханд «Ехова ингэж тушааж байна.  “Еховад хандив өргөгтүн. Еховад хандив өргөхийг хүссэн хүн бүр дараах зүйлсийг авчир. Алт, мөнгө, зэс,  хөх утас, нил ягаан ноосон утас, час улаан утас, сайн чанарын маалинган утас, ямааны хялгас,  улаан өнгөнд оруулсан хуцын арьс, далайн хавын арьс, хуайс мод,  дэнгийн тос, тосолгооны тос болон үнэрт утлагад зориулсан гүгэл,  ефод ба цээживчид суулгах оникс болон бусад чулуу юм. 10  Та нарын дундаас ур дүйтэй хүн болгон ирж, Еховагийн тушаасан бүхнийг хийгтүн. 11  Юу гэвэл, шүтлэгийн асрыг бүрээс болон бүх хэсэгтэй нь, гархи, яс модон хүрээ, хөндлөвч мод, багана, углуургуудтай нь хий. 12  Мөн гэрчлэлийн авдрыг дамнуургууд, таг, халхлах хөшигтэй нь, 13  ширээг дамнуургууд, бүх сав суулга, талхтай нь, 14  гэрэлтүүлэх дэнгийн суурийг эд хэрэгсэл, дэнгүүд, тостой нь, 15  утлагын ширээг дамнуургуудтай нь хий. Бас тосолгооны тос, анхилуун утлага, шүтлэгийн асрын үүдний хөшгийг хийгтүн. 16  Шатаалт тахилын ширээг зэс сараалж, дамнуургууд, бүх сав суулгатай нь, усны савыг суурьтай нь, 17  хашааны хөшгийг баганууд, углуургуудтай нь хий. Түүнээс гадна хашааны үүдний хөшиг, 18  шүтлэгийн асар болон хашааны гадаснууд, уяанууд, 19  ариун газар үйлчлэхдээ өмсөхөд зориулсан нарийн нэхсэн хувцаснууд, тахилч Аароны ариун өмсгөл, тахилчаар үйлчлэх хөвгүүдийнх нь өмсгөлүүдийг хийгтүн”» гэжээ. 20  Тэгээд Израйлын чуулганыхан Мосегоос салж явлаа. 21  Сэтгэл нь хөдөлсөн, хандив өргөхийг хүссэн хүн бүр Еховад зориулан хандив авчрав. Тэр хандивыг мөргөлийн асар, бүх үйлчлэлд нь, мөн ариун өмсгөлүүдийг хийхэд зориулах юм. 22  Чин сэтгэлээсээ хандив өргөхийг хүссэн эрчүүд, эмэгтэйчүүдийн хөл тасарсангүй. Тэд энгэрийн зүүлт, ээмэг, бөгж, бусад гоёл чимэглэл, бүх төрлийн алтан эдлэл авчирч байв. Ийнхүү тэд алтан эдлэлүүдээ Еховад өргөсөн юм. 23  Хөх утас, нил ягаан ноосон утас, час улаан утас, сайн чанарын маалинган утас, ямааны хялгас, улаан өнгөнд оруулсан хуцын арьс, далайн хавын арьстай бүх хүн тэдгээрийгээ авчирчээ. 24  Мөнгө, зэс өгөхийг хүссэн хүн бүр түүнийгээ Еховад зориулан хандив болгож авчрав. Бас хуайс модтой хүмүүс асрын ажилд зориулан хуайс мод авчирчээ. 25  Утас сайн ээрдэг эмэгтэйчүүд бүгдээрээ хөх утас, нил ягаан ноосон утас, час улаан утас, маалинган утас ээрч авчрав. 26  Зүрх сэтгэл нь хөдөлсөн эмэгтэйчүүд ямааны хялгасыг урнаар ээрэв. 27  Ахлагч нар ефод ба цээживчид суулгах оникс, бусад чулуу, 28  болон гүгэл авчирчээ. Мөн дэнгийн тос, тосолгооны тос, анхилуун утлагад зориулж тос авчрав. 29  Сэтгэл нь хөдөлсөн эрэгтэй, эмэгтэй хүн бүр Еховагийн хий гэж Мосегоор тушаалгасан ажилд зориулж хандив авчрав. Израйлчууд тэдгээрийг Еховад зориулан сайн дураараа өргөсөн юм. 30  Дараа нь Мосе израйлчуудад «Ехова Иуда овгийн Хурын ач, Уригийн хүү Безалелийг сонгосон. 31  Бурхан түүнд агуу хүчээ өгч бүхий л эд зүйлийг урлах мэргэн ухаан, ойлголт, мэдлэгтэй болгосон. 32  Тиймээс тэрбээр чамин гоё загвар гаргаж алт, мөнгө, зэсээр юм урлаж, 33  чулуу засаж суулган, бүх төрлийн чамин модон эдлэлийг хийнэ. 34  Бурхан Безалел болон Дан овгийн Ахисамахын хүү Охолиабыг бусдад заах чадвартай болгосон. 35  Тэр хоёрыг бас сийлэх, урлах, хатгах, хөх утас, нил ягаан ноосон утас, час улаан утас, маалинган утсаар нэхэх, өөр янз бүрийн зүйлийг нэхэх бүрэн чадвартай болгосон. Тэд төрөл бүрийн ажил хийж, янз бүрийн загвар гаргах юм.

Зүүлт