Египетээс гарсан нь 38:1–31

  • Шатаалт тахилын ширээ (1-7)

  • Усны зэс сав (8)

  • Хашаа (9-20)

  • Шүтлэгийн асрын материалуудын жагсаалт (21-31)

38  Тэрбээр хуайс модоор шатаалт тахилын ширээ хийжээ. Урт нь таван тохой*, өргөн нь таван тохой дөрвөлжин, өндөр нь гурван тохой байлаа.  Тахилын ширээг дөрвөн буландаа эвэртэй хийв. Эврүүд нь тахилын ширээтэйгээ нэгэн үргэлж байсан бөгөөд тахилын ширээг зэсээр бүржээ.  Тэгээд тахилын ширээний бүх хэрэгслийг буюу хувин, хүрз, сав, сэрээ, галын гаргуулуудыг зэсээр хийв.  Тэрбээр бас тахилын ширээнд зэс сараалжин тор хийгээд торыг тахилын ширээний амсрын доор, ширээний дунд хавьд тогтоожээ.  Мөн зэс сараалжин торны хавьцаа дөрвөн буланд нь дамнуургуудыг тогтоох гархинуудыг цутгаж хийв.  Тэгээд хуайс модон дамнуургууд хийгээд зэсээр бүрсэн юм.  Тэдгээр дамнуургаар тахилын ширээг зөөхийн тулд хажуу талынх нь гархинуудад дамнуургуудыг шургуулав. Тахилын ширээг банзаар, дотроо хөндий хийжээ.  Дараа нь тэрбээр усны зэс савыг суурьтай нь хийв. Ингэхдээ цугларалтын асрын үүдэнд үйлчилдэг эмэгтэйчүүдийн толинуудаар* хийжээ.  Мөн хөшгөөр хашаа хийв. Өмнө талынх нь хөшгийг 100 тохой урт сайн чанарын маалинган даавуугаар хийжээ. 10  Хөшиг 20 баганатай, 20 зэс углуургатай байлаа. Баганын дэгээнүүд болон холбооснуудыг нь мөнгөөр хийв. 11  Хойд талын хөшиг нь бас 100 тохой урттай байв. 20 багана, 20 углуургыг нь зэсээр хийсэн юм. Баганын дэгээнүүд болон холбооснууд* нь мөнгөн байлаа. 12  Хашааны баруун хөшигний урт нь 50 тохой байсан бөгөөд 10 багана, 10 углуургатай байв. Баганынх нь дэгээнүүд болон холбооснууд* нь мөнгөн байлаа. 13  Хашааны өргөн тал нь буюу наран мандах зүг рүү харсан тал нь 50 тохой байв. 14  Хашааны хаалганы баруун талд 15 тохой хөшиг, гурван багана, гурван углуурга байв. 15  Нөгөө талд нь 15 тохой хөшиг, гурван багана, гурван углуурга байлаа. 16  Хашааны хөшгийг сайн чанарын маалинган даавуугаар хийжээ. 17  Баганынх нь углуургуудыг зэсээр, дэгээнүүд, холбооснууд*, тогтоогчуудыг нь мөнгөөр хийв. Багануудын оройг мөнгөөр бүрсэн юм. 18  Хашааны үүдний хөшгийг хөх утас, нил ягаан ноосон утас, час улаан утас, сайн чанарын маалинган утсаар нэхэж хийжээ. Урт нь 20 тохой, өндөр нь хашааны хөшигтэй адил 5 тохой байв. 19  Дөрвөн багана нь дөрвөн углуургатайгаа зэс байлаа. Дэгээ болон холбооснууд* нь мөнгөн байв. Багануудын оройг мөнгөөр бүржээ. 20  Шүтлэгийн асар болон хашааны бүх гадас зэс байлаа. 21  Гэрчлэлийн авдрыг тавьдаг шүтлэгийн асрыг барихад ашигласан материалуудын жагсаалт нь дараах юм. Эдгээрийг Мосегийн тушаалаар, тахилч Аароны хүү Итамарын заавраар левичүүд жагсааж бичив. 22  Иуда овгийн Хурын ач, Уригийн хүү Безалел Еховагийн Мосед тушаасан ёсоор бүгдийг хийжээ. 23  Безалелтэй хамт Дан овгийн Ахисамахын хүү Охолиаб ажиллав. Тэрбээр сийлбэрч, урлаач, хатгамалч төдийгүй хөх утас, нил ягаан ноосон утас, час улаан утас, сайн чанарын маалинган утсаар юм нэхдэг хүн юм. 24  Ариун газрын бүх ажилд ашигласан нийт алт нь даллах өргөлийн нийт алттай тэнцүү бөгөөд ариун газрын хэмжигдэхүүнээр 29 талант*, 730 шекел* байлаа. 25  Бас чуулганы бүртгүүлсэн хүмүүсийн авчирсан мөнгө нь ариун газрын хэмжигдэхүүнээр 100 талант, 1 775 шекел байлаа. 26  Хорь болон түүнээс дээш насны бүртгүүлсэн 603 550 хүн тус бүр ариун газрын хэмжигдэхүүнээр хагас шекел мөнгө өгсөн юм. 27  Ариун газрын болон хөшигний* цутгамал углуургууд нийт 100 талант жинтэй байлаа. Углуурга бүр нэг талант жинтэй бөгөөд 100 углуурга нь 100 талант жинтэй байв. 28  Үлдсэн 1 775 шекелээр багануудад дэгээ хийж, оройнуудыг нь бүрж, холбооснууд хийжээ. 29  Ард олны хандивласан* зэс 70 талант, 2 400 шекел байв. 30  Үүгээр хийсэн зүйлс нь цугларалтын асрын үүдний багануудын углуургууд, зэс тахилын ширээ, зэс сараалж, тахилын ширээний бүх эд хэрэгсэл, 31  хашаа болон үүдний багануудын углуургууд, шүтлэгийн асар болон хашааны бүх гадас юм.

Зүүлт

1 тохой нь 44,5 см. Хавсралт Б14-ийг үзнэ үү.
Сайтар өнгөлсөн металл толинууд
Эсвэл «гархинууд», «цагаригууд»
Эсвэл «гархинууд», «цагаригууд»
Эсвэл «гархинууд», «цагаригууд»
Эсвэл «гархинууд», «цагаригууд»
1 талант нь 34,2 кг. Хавсралт Б14-ийг үзнэ үү.
1 шекел нь 11,4 г. Хавсралт Б14-ийг үзнэ үү.
Ариунаас ариун газрын урдах хөшиг
Эсвэл «Даллах өргөлийн»