Египетээс гарсан нь 4:1–31
4 Тэгэхэд нь Мосе: «Тэд надад “Ехова чамд юу гэж үзэгдэх юм бэ!” гээд итгэхгүй, миний үгийг сонсохгүй байвал яах юм бэ?» гэхэд
2 Ехова: «Гарт чинь юу байгаа юм бэ?» гэж асуув. Мосег «Таяг» гэж хариулахад
3 «Таягаа газар хаягтун» гэлээ. Газар хаятал таяг нь могой болсонд Мосе түүнээс зугтав.
4 Тэгэхэд нь Ехова Мосед «Гараа сунгаад сүүлнээс нь барь» гэжээ. Сүүлнээс нь барьтал могой таяг болов.
5 Бурхан бас «Ингэж үзүүлбэл тэд өвөг дээдсийнх нь Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан Ехова чамд үзэгдсэнд итгэж болох юм» гэж айлдав.
6 Ехова цааш нь «Гараа өвөртөө хий дээ» гэлээ. Мосе гараа өвөртөө хийгээд гаргаж иртэл гар нь цас шиг цагаан болж уяман өвчтэй болсон байлаа!
7 Тэгтэл Бурхан: «Гараа өвөртөө дахиад хий дээ» гэв. Гараа дахиад өвөртөө хийгээд гаргаж ирэхэд гар нь биеийнх нь бусад хэсэг шиг эрүүл болсон байлаа!
8 Бурхан: «Тэд чамд итгэхгүй, эхний тэмдгийг тоохгүй байлаа гэхэд дараагийн тэмдгийг анхаарч л таарна.
9 Харин энэ хоёр тэмдэгт ч итгэхгүй, чиний үгийг сонсохгүй бол чи Нил мөрнөөс ус авч, хуурай газар асгаарай. Нилээс авсан усыг хуурай газар асгахад цус болно» гэв.
10 Мосе Еховад «Ехова минь ээ, намайг өршөөгөөрэй. Урьд нь ч, таныг зарц тань болох надтай ярьж эхэлснээс хойш ч би уран цэцэн байгаагүй. Учир нь би хэлж ярихдаа муу, модон хэлтэй хүн» гэж хэлэхэд
11 Ехова: «Хэн хүний амыг бүтээсэн бэ? Хэн хүнийг хэлгүй, дүлий, хараатай эсвэл сохор болгодог вэ? Ехова би биш гэж үү?
12 Тиймээс одоо явагтун! Чамайг ярихад би чамтай хамт байж, юу ярихыг чинь заана» гэлээ.
13 Гэтэл Мосе: «Ехова минь ээ, намайг өршөөгөөрэй. Надаас өөр явуулмаар байгаа хүнээ явуулаач» гэв.
14 Ехова Мосед уурлан хилэгнэж «Чамд леви овгийн Аарон гэдэг ах байгаа биз дээ? Хэл яриа сайтайг нь би мэднэ. Тэр одоо чамтай уулзахаар ирж байгаа. Чамайг хараад тэр* баярлана.
15 Чи Ааронд юу ярихыг нь зааж өгөх ёстой. Ярих үед чинь би та хоёртой хамт байж, юу хийхийг чинь зааж өгнө.
16 Аарон чиний өмнөөс ард түмэнтэй ярина. Тэр чиний ам болж, чи түүний хувьд Бурхан шиг байх болно*.
17 Чи энэ таягийг бариад тэмдгүүдийг үзүүлнэ» гэж хэлжээ.
18 Тэгээд Мосе буцаж яван хадам эцэг Иетрогийндоо очоод түүнд «Би Египет рүү буцаж яваад ах дүүсээ амьд байгаа эсэхийг мэдэх гэсэн юм. Намайг явуулаач» гэсэнд Иетро Мосед «Яв даа» гэж хэлэв.
19 Мосег Мидианд байхад нь Ехова: «Чамайг алахаар эрж хайж байсан хүмүүс бүгдээрээ үхсэн учраас Египет рүү буцаж яв» хэмээн айлдав.
20 Ингээд Мосе эхнэр, хөвгүүдээ аван илжиг унуулаад Египет рүү буцах замдаа гарав. Мосе жинхэнэ Бурхны таягийг барьж явлаа.
21 Ехова Мосед «Би чамд гайхамшиг үйлдэх хүч өгсөн. Чи Египетэд буцаж очоод энэ бүх гайхамшгийг фараоны нүдэн дээр үйлд. Би фараоныг зөрүүдлэн муйхарлахыг нь зөвшөөрөх* бөгөөд тэрбээр ард түмнийг явуулахгүй.
22 Чи фараонд “Ехова ингэж айлдаж байна. «Израйл бол миний хүү, ууган хүү минь юм.
23 Хүүг минь явуулж намайг шүтүүл*. Хэрвээ явуулахгүй бол би ууган хүүг чинь хөнөөнө»” гэж хэл» гэлээ.
24 Замд хоноглох газарт нь Ехова түүнтэй уулзаад, түүний* амийг авах гэв.
25 Иймд Зиппора цахиур чулуу авч, хүүгийнхээ тээрхийн арьсыг таслаад тэнгэрийн элчийн* хөлд хүргэж «Та миний цусан барилдлагатай эр нөхөр билээ» гэжээ.
26 Тэгэхэд нь Тэрбээр түүнийг орхив. Зиппора «цусан барилдлагатай нөхөр» гэж хэлсний учир нь хөвч тасалсных ажээ.
27 Дараа нь Ехова Ааронд «Цөл рүү явж Мосетой уулз» гэж хэлэв. Аарон явж, жинхэнэ Бурхны ууланд Мосетой уулзаад үнсэв.
28 Мосе өөрийг нь илгээсэн Еховагийн бүх үгийг Ааронд хэлжээ. Бас ямар ямар тэмдэг үзүүлээрэй гэж Бурхан тушаасныг хэлэв.
29 Дараа нь Мосе Аарон хоёр явж Израйлын бүх ахлагчийг цуглууллаа.
30 Аарон тэдэнд Еховагийн Мосед айлдсан бүхнийг хэлж, ард түмний нүдэн дээр тэмдгүүдийг үзүүлжээ.
31 Тэгэхэд нь ард түмэн итгэв. Ехова израйлчуудад анхаарлаа хандуулж, зовлон зүдгүүрийг нь харсныг тэд сонсоод бөхийж, сунан мөргөжээ.
Зүүлт
^ Үгч. «зүрх сэтгэл нь»
^ Эсвэл «чи Аароны хувьд Бурхныг төлөөлнө»
^ Үгч. «түүний зүрхийг хатууруулах»
^ Үгч. «надад үйлчлүүл»
^ Мосегийн хүүг хэлсэн бололтой.
^ Үгч. «түүний»