Египетээс гарсан нь 40:1–38
40 Тэгээд Ехова Мосед
2 «Чи эхний сарын эхний өдөр цугларалтын асар болох шүтлэгийн асрыг баригтун.
3 Дотор нь гэрчлэлийн авдрыг байрлуулж, хөшгөөр халхал.
4 Дараа нь ширээг оруулж, дээр нь тавих зүйлсийг тавигтун. Мөн дэнгийн суурийг оруулж дэнгүүдийг нь асаа.
5 Гэрчлэлийн авдрын өмнө утлагын алтан ширээг тавьж, шүтлэгийн асрын үүдний хөшгийг өлгө.
6 Чи цугларалтын асар болох шүтлэгийн асрын үүдний өмнө шатаалт тахилын ширээг тавигтун.
7 Мөн усны савыг цугларалтын асар, тахилын ширээний хооронд тавиад ус хий.
8 Тэгээд мөргөлийн асраа тойруулан хашаа босгоод үүднийх нь хөшгийг өлгөгтүн.
9 Чи тосолгооны тос авч асар болон доторх бүх зүйлийг нь тосол. Шүтлэгийн асрыг бүх эд хэрэгсэлтэй нь ариусга. Ингэвэл ариун болно.
10 Мөн шатаалт тахилын ширээг бүх хэрэгсэлтэй нь тосолж, шатаалт тахилын ширээг ариусга. Ингэвэл маш ариун тахилын ширээ болно.
11 Усны савыг суурьтай нь тосолж ариусгагтун.
12 Тэгээд чи Аароныг хөвгүүдтэй нь цугларалтын асрын үүдний ойрхон авчраад биеэ угаахыг тушаа.
13 Аароныг надад тахилчаар үйлчлүүлэхийн тулд ариун өмсгөлийг нь өмсгөж, тослоод ариусга.
14 Хөвгүүдийг нь бас авчирч дотуур дээл өмсгөгтүн.
15 Тэднийг надад тахилчаар үйлчлүүлэхийн тулд эцгийг нь тосолсон шиг тэднийг тосол. Ийнхүү тосолсноор тэд болон үр удам нь үргэлж тахилчаар үйлчлэх юм» гэж айлдав.
16 Мосе Еховагийн тушаасан бүхнийг яг хэлснээр нь биелүүлжээ.
17 Хоёр дахь жилийн эхний сарын эхний өдөр шүтлэгийн асрыг барив.
18 Мосе шүтлэгийн асрыг барихдаа углуургуудыг нь тавьж, яс модон хүрээнүүдийг нь босгоод хөндлөвч моднуудыг нь хийж, асрын багануудыг босгожээ.
19 Мосе Еховагийн тушааснаар яс модон хүрээнүүдийг бүрээсээр бүтээгээд дээгүүр нь гадна талын бүрээснүүдийг нь тавив.
20 Дараа нь тэрбээр гэрчлэлийг авч авдарт хийгээд дамнуургуудыг нь авдарт шургуулж, тагийг нь тавьжээ.
21 Мөн Еховагийн тушааснаар гэрчлэлийн авдрыг шүтлэгийн асарт оруулж, халхлах хөшгийг нь өлгөв.
22 Тэгээд ширээг цугларалтын асар болох шүтлэгийн асар дотор хойд талд нь халхлах хөшигний гадна тавьж,
23 Еховагийн Мосед тушааснаар ширээн дээр талхнуудыг Еховагийн өмнө давхарлаж тавьжээ.
24 Тэрбээр цугларалтын асар болох шүтлэгийн асрын өмнө тал руу, ширээний урд дэнгийн суурийг тавив.
25 Тэгээд Еховагийн тушаасан ёсоор Еховагийн өмнө дэнгүүдийг асаажээ.
26 Дараа нь утлагын алтан ширээг цугларалтын асарт, халхлах хөшигний өмнө тавив.
27 Энэ нь Еховагийн тушаасан ёсоор дээр нь анхилуун утлагыг уугиулахын тулд юм.
28 Мосе шүтлэгийн асрын үүдний хөшгийг өлгөв.
29 Тэрбээр Еховагийн тушаасан ёсоор шатаалт тахил, идээн өргөлийг өргөхийн тулд цугларалтын асар болох шүтлэгийн асрын үүдэнд шатаалт тахилын ширээг тавьжээ.
30 Дараа нь усны савыг цугларалтын асар, тахилын ширээний хооронд тавьж ус хийв.
31 Мосе, Аарон болон Аароны хөвгүүд тэндээс ус авч гар, хөлөө угаажээ.
32 Тэд цугларалтын асарт орохдоо мөн тахилын ширээнд дөхөж очихдоо Еховагийн Мосед тушааснаар ийн угаадаг байв.
33 Эцэст нь тэрбээр шүтлэгийн асар болон тахилын ширээг тойруулан хашаа босгож, хашааны үүдний хөшгийг өлгөжээ.
Ингээд Мосе ажлаа дуусгав.
34 Тэгэхэд цугларалтын асар болох шүтлэгийн асрыг үүл бүрхэн авч, Еховагийн цог жавхлан асрыг дүүргэлээ.
35 Цугларалтын асар болох шүтлэгийн асрыг үүл бүрхэж, Еховагийн цог жавхлан дүүргэсэн учир Мосе дотогш орж чадсангүй.
36 Шүтлэгийн асраас үүл өргөгдөх болгонд израйлчууд майхнаа буулгаж, аян замдаа гардаг байв.
37 Харин үүл өргөгдөхгүй бол нүүдэггүй байжээ.
38 Шүтлэгийн асар дээр өдөр нь Еховагийн үүл, шөнө нь гал үзэгддэг байв. Тэр нь нүүдэллэж явсан израйлчуудад бүгдэд нь харагддаг байлаа.