Египетээс гарсан нь 5:1–23

  • Мосе Аарон хоёр фараоны өмнө (1-5)

  • Улам их дарлав (6-18)

  • Израйлчууд Мосе Аарон хоёрыг буруутгав (19-23)

5  Үүний дараа Мосе Аарон хоёр фараонд бараалхаж «Израйлын Бурхан Ехова: “Миний ард түмнийг явуул. Тэд цөлд надад зориулж баяр тэмдэглэг” гэж айлдаж байна» гэхэд  фараон: «Ехова гэж хэн юм бэ? Би яахаараа үгийг нь дагаж израйлчуудыг явуулах ёстой гэж? Ехова гэж би мэдэхгүй, тэгээд ч израйлчуудыг явуулахгүй» гэжээ.  Тэгэхэд нь тэд: «Еврейчүүдийн Бурхан бидэнтэй ярьсан. Биднийг гурван хоног цөл рүү яваад ирэхийг зөвшөөрөөч. Ехова Бурхандаа тахил өргөх гэсэн юм. Тэгэхгүй бол биднийг халдварт өвчин юм уу илдээр хиаруулна» гэлээ.  Египетийн хаан хариуд нь «Мосе Аарон хоёр оо, та хоёр яагаад хүмүүсийг ажлаас нь хөндийрүүлэх гээд байгаа юм бэ? Явж ажлаа хий!» гээд  цааш нь «Энэ нутагт хэчнээн олон хүн ажиллаж байгааг та нар харахгүй байна уу? Битгий ажилд нь садаа болоод бай» гэв.  Фараон тэр өдөртөө ажил хянагчид болон хариуцагчдад тушаан  «Та нар израйлчуудад тоосго хийхэд нь зориулж сүрэл өгөхөө боль. Өөрсдөө явж цуглуулаг.  Гэхдээ тоосгыг өмнө нь хийж байсан тоогоор нь хийлгэ. Тоог нь хасаж болохгүй. Наадуул чинь залхуурч байгаа болохоороо л “Бид нар явмаар байна, Бурхандаа тахил өргөмөөр байна” гэж хашхиралдаж байгаа юм.  Бүр их ажиллуул. Завгүй байлгавал янз бүрийн худал үгийг анхаарахгүй» гэжээ. 10  Тэгээд хянагчид, хариуцагчид гарч яваад ард олонд «Фараон ийн айлдаж байна. “Би та нарт цаашид сүрэл өгөхгүй. 11  Та нар өөрсдөө явж энд тэндээс сүрлээ түүцгээ. Гэхдээ ажлыг чинь огтхон ч багасгахгүй”» гэв. 12  Тиймээс ард олон сүрэл цуглуулахын тулд тарианы ёзоор ч болтугай түүхээр Египетийн нутаг даяар тархлаа. 13  Хянагчид тэднийг шавдуулж «Та нар сүрэл авдаг байсан үеийнх шигээ ажлаа өдөрт нь дуусгах ёстой» гэдэг байв. 14  Фараоны хянагчид израйлчуудын дундаас томилсон хариуцагчдадаа «Та нар өчигдөр, өнөөдөр яагаад урьдынхтайгаа адилхан тоогоор тоосго хийхгүй байгаа юм бэ?» гээд зодов. 15  Тэгэхэд израйл хариуцагчид явж фараонд гомдол мэдүүлж «Та зарц нартаа яагаад ингэж хандаж байгаа юм бэ? 16  Тэд бидэнд сүрэл өгөхгүй мөртлөө “Тоосго хий” гэдэг. Уг нь танай хүмүүс буруутай байтал бид зодуулж байна» гэжээ. 17  Гэтэл фараон: «Та нар залхуу байна! Залхуу болохоороо л “Явж, Еховад тахил өргөе” гэцгээж байна. 18  Явж ажлаа хийцгээ. Та нарт сүрэл өгөхгүй. Тоосгоо тоо ёсоор нь хийх ёстой шүү!» гэлээ. 19  Израйл хариуцагчид «Өдөр бүр тоосгоо тоо ёсоор нь хийх ёстой» гэсэн тушаалыг сонсоод хүнд байдалд орсноо ойлгов. 20  Тэд фараоныхоос гарч ирээд, өөрсдийг нь хүлээгээд зогсож байсан Мосе Аарон хоёртой уулзан 21  «Та хоёрын хийсэн хэргийг Ехова шүүг! Та нараас болж фараон зарц нартайгаа биднийг жигшин зэвүүцэж байна. Та хоёр тэдний гарт биднийг хөнөөх илд атгуулчихлаа шүү дээ!» гэжээ. 22  Мосе Еховад залбирч «Ехова, та яагаад энэ ард түмнийг зовоож байгаа юм бэ? Та яагаад намайг явуулсан юм бэ? 23  Намайг фараонд бараалхаж таны нэрээр ярьсан цагаас хойш фараон энэ ард түмэнд улам л муухай хандаж байна. Та ч ард түмнээ аварсангүй» гэв.

Зүүлт