Египетээс гарсан нь 7:1–25
7 Ехова Мосед «Би чамайг фараоны хувьд Бурхан шиг болгосон. Ах Аарон чинь чиний зөнч болно.
2 Миний чамд тушаасан болгоныг Ааронд давтаж хэл. Чиний ах Аарон фараонтай ярина. Тэгээд фараон израйлчуудыг нутгаасаа явуулна.
3 Харин миний хувьд, фараоныг зөрүүдлэн муйхарлахыг нь зөвшөөрнө. Бас Египетийн нутагт олон тэмдэг, гайхамшгуудыг үйлдэнэ.
4 Гэсэн ч фараон чамайг сонсохгүй. Тиймээс би хүчирхэг мутраараа египетчүүд дээр даран хатуу шийтгэж, ард түмнээ буюу тоо томшгүй израйлчуудыг Египетээс гаргана.
5 Египетчүүдийг шийтгэж*, тэдний дундаас израйлчуудыг гаргахад египетчүүд намайг Ехова гэдгийг мэдэх болно» гэж айлдав.
6 Мосе Аарон хоёр Еховагийн яг тушаасан ёсоор гүйцэтгэжээ.
7 Фараонтой уулзахдаа Мосе наятай, Аарон наян гуравтай байв.
8 Ехова Мосе Аарон хоёрт
9 «Фараон та нарт “Гайхамшиг үйлд” гэж хэлбэл чи Ааронд “Таягаа аваад фараоны өмнө газар хая” гэж хэлээрэй. Тэгвэл таяг том могой болно» гэжээ.
10 Ингээд Мосе Аарон хоёр фараонд бараалхаж Еховагийн тушаасныг гүйцэтгэв. Аароныг фараон болон албатуудынх нь өмнө таягаа хаяхад таяг нь том могой болж хувирлаа.
11 Тэгэхэд нь фараон мэргэд, ид шидтэнүүдээ дууджээ. Египетийн ид шид үйлддэг тахилчид бас үүний нэгэн адил үйлдэв.
12 Хүн бүр таягаа хаяхад таяг нь том могой болжээ. Гэтэл Аароны могой* тэр могойнуудыг залгичхав.
13 Тэгсэн ч фараон зөрүүдлэн муйхарлаж, яг Еховагийн хэлсэнчлэн тэднийг сонссонгүй.
14 Ехова Мосед «Фараон хатуу сэтгэл гарган ард түмнийг явуулсангүй.
15 Чи маргааш өглөө явж фараонтай уулз. Фараоныг Нил мөрөн рүү явахад эрэг дээр нь хүлээж байгаад уулзаарай. Тэгэхдээ өмнө нь могой болж байсан таягаа барьж явагтун.
16 Тэгээд ингэж хэл. “Намайг еврейчүүдийн Бурхан Ехова тан руу явууллаа. Бурхан: «Миний ард түмнийг цөл рүү явуул. Тэнд тэд намайг шүтэг*» гэсэн боловч та одоог хүртэл үгийг нь дагасангүй.
17 Тийм учраас Ехова: «Одоо намайг юу үйлдэхийг хараад чи намайг Ехова гэдгийг мэднэ. Би одоо Нил мөрний усыг таягаараа цохино. Тэгэхэд ус цус болно.
18 Нилийн загас үхэж, Нил өмхийрнө. Египетчүүд Нилээс ус уухын аргагүй болно» гэж айлдлаа”» гэлээ.
19 Тэгээд Ехова Мосед «Аароныг “Таягаа бариад Египетийн гол мөрөн, суваг шуудуу*, намаг балчиг, бүх нуур цөөрөм гээд хамаг усан дээгүүр нь сунга” гэж хэл. Египетийн бүх нутаг дахь ус, тэр байтугай мод, чулуун саван дахь ус нь хүртэл цус болно» гэв.
20 Мосе Аарон хоёр тэр даруй Еховагийн тушааснаар хийжээ. Аароныг таягаа өргөөд фараон болон албатуудынх нь нүдэн дээр Нил мөрний усыг цохиход бүх ус нь цус болох нь тэр.
21 Тэгэхэд загаснууд нь үхэж, мөрөн өмхийрөн, египетчүүд Нилээс ус уух аргагүй болжээ. Египетийн нутаг дахь бүх ус цус болов.
22 Египетийн ид шид үйлддэг тахилчид ч бас далдын хүчээр адилхан зүйлийг үйлдэв. Еховагийн хэлсэнчлэн, фараон урьдынх шигээ зөрүүдэлж, Мосе Аарон хоёрыг сонссонгүй.
23 Тэгээд фараон ордон руугаа буцаж, энэ бүхнийг юман чинээ бодсонгүй.
24 Египетчүүд Нилээс ус уух аргагүй болсон тул ус уухын тулд Нилийн эргэн тойронд бүгдээрээ газар ухацгаалаа.
25 Ехова Нилийг цохисноос хойш бүтэн долоо хоног өнгөрөв.
Зүүлт
^ Үгч. «Би мутраа Египет дээр сунгаж»
^ Үгч. «таяг»
^ Үгч. «надад үйлчлэг»
^ Нилийн суваг шуудуу