Египетээс гарсан нь 8:1–32

  • 2-р гамшиг: Мэлхий (1-15)

  • 3-р гамшиг: Дэлэнч (16-19)

  • 4-р гамшиг: Хөх түрүү (20-32)

    • Гошен нэрвэгдээгүй (22, 23)

8  Дараа нь Ехова Мосед «Фараонд бараалхаад ингэж хэл. “Ехова ийн айлдаж байна. «Миний ард түмнийг явуул. Тэд намайг шүтэг*.  Тэднийг явуулахгүй байгаад байвал би танай бүх газар нутгийг мэлхийгээр дүүргэж гамшиг буулгана.  Нил мөрөн мэлхийгээр дүүрч, мэлхийнүүд гарч ирээд чиний орд харш, унтлагын өрөө, ор дэр, зуух, гурил зуурдаг саванд, мөн албат зарц, ард иргэдийн чинь гэр оронд хүртэл орно.  Мөн чам дээр, ард түмэн, бүх албат зарц дээр чинь шавна»” гэж хэл» хэмээн айлдав.  Тэгээд Ехова Мосед «Чи Аароныг “Таяг барьсан гараа гол мөрөн, Нилийн суваг шуудуу, намаг балчиг дээгүүр сунгаж Египетийн нутаг даяар мэлхийнүүдийг гарга” гэж хэл» гэлээ.  Аароныг Египетийн усан дээгүүр гараа сунгахад мэлхийнүүд гарч ирээд Египетийн газар нутгийг бүрхэв.  Тэгтэл ид шид үйлддэг тахилчид далдын хүчээр ижилхэн зүйлийг үйлдэж Египетийн нутгийг мэлхийгээр дүүргэжээ.  Фараон Мосе Аарон хоёрыг дуудуулж «Надаас, бас ард түмнээс маань мэлхийнүүдийг зайлуулж өгөхийг Еховагаас гуйгтун. Би ард түмнийг явуулъя. Тэд Еховад тахил өргөг» гэж хэлэв.  Тэгэхэд нь Мосе фараонд «Би гуйж өгье. Намайг гуйвал мэлхийнүүд танаас, таны албат зарц, ард түмэн, орд харш, орон гэрүүдээс тань зайлж, Нил мөрөнд л үлдэнэ. Харин би хэзээ гуйж өгөх вэ?» гэхэд 10  фараон: «Маргааш» гэв. Мосе: «Таны хэлснээр болог. Манай Бурхан Ехова шиг нэгэн өөр байхгүйг та мэдэх болно. 11  Мэлхийнүүд танаас, таны орд харш, орон гэрүүд төдийгүй албат зарц, ард түмнээс тань зайлж, Нилд л үлдэнэ» гэлээ. 12  Тэгээд Мосе Аарон хоёр фараоныхоос гарч явав. Мосе Еховагаас фараон дээр буулгасан мэлхийнүүдээ зайлуулж өгөхийг шаргуу гуйжээ. 13  Еховаг Мосегийн гуйлтыг биелүүлэхэд мэлхийнүүд гэр, хашаа, хээр талд үхэцгээв. 14  Хүмүүс мэлхийнүүдийг цуглуулж тоолохын аргагүй олон овоо босгоход газар нутаг өмхийрөв. 15  Фараон гамшиг зогссоныг хараад зөрүүдлэн муйхарлаж Еховагийн хэлсэнчлэн тэдний үгийг ойшоосонгүй. 16  Ехова Мосед «Аароныг “Таягаа сунгаж газрын тоос шороог цохь. Тэр нь Египетийн нутаг даяар дэлэнч болно” гэж хэл» гэжээ. 17  Ингээд тэд тийнхүү үйлдэв. Аарон таяг барьсан гараа сунгаж газрын тоос шороог цохиход хүн, амьтан дээр дэлэнч шавав. Египетийн нутаг даяар газрын бүх тоос шороо дэлэнч болжээ. 18  Ид шид үйлддэг тахилчид адилхан зүйл хийхийг оролдож далдын хүчээр дэлэнч гаргах гэсэн ч чадсангүй. Хүн, амьтан дэлэнчид бариулав. 19  Тиймээс ид шид үйлддэг тахилчид фараонд «Энэ бол Бурхны хуруу байна!» гэж хэлжээ. Гэсэн ч фараон бас л зөрүүдлэн муйхарлаж, Еховагийн хэлснээр тэднийг сонссонгүй. 20  Ехова Мосед «Чи өглөө эрт босоод фараоныг Нил мөрөн рүү явахад нь тосож уулзаад ингэж хэл. “Ехова ийн айлдаж байна. «Миний ард түмнийг явуул. Тэд намайг шүтэг. 21  Хэрэв чи миний ард түмнийг явуулахгүй бол би чам руу, албат зарц, ард түмэн рүү чинь хөх түрүү* явуулж, орд харш, орон гэрүүд рүү чинь оруулна. Хөх түрүү египетчүүдийн сууцыг дүүргэж, бүр тэдний амьдардаг газрыг бүрхэнэ. 22  Харин тэр өдөр би ард түмнийхээ амьдардаг Гошенийг тусгаарлаж, тийшээ хөх түрүү оруулахгүй. Үүгээр чи Ехова намайг энэ нутагт байгааг мэдэх болно. 23  Би өөрийнхөө ард түмэн болон чиний ард түмний хооронд зааг тавина. Энэ нь маргааш биелнэ»” гээрэй» гэжээ. 24  Тэгээд Ехова хэлснээрээ үйлдэв. Язганасан олон хөх түрүү фараоны орд харш, албат зарц нарынх нь гэр орон, Египетийн бүх газар нутгийг нөмөрлөө. Хөх түрүүнээс болж газар нутаг сүйджээ. 25  Фараон Мосе Аарон хоёрыг дуудаж «Явж, энэ нутагт Бурхандаа тахил өргө» гэхэд 26  Мосе: «Тэгж болохгүй. Яагаад гэвэл бид нарын Ехова Бурхандаа өргөж байгаа тахилыг египетчүүд хараад жигшинэ. Тийм байтал нүдэн дээр нь тахил өргөж уурыг нь хүргэвэл бидэн рүү чулуу шидэхгүй гэж үү? 27  Бид гурван хоног цөл рүү яваад ирье. Ехова Бурхныхаа хэлснээр, тэнд тахил өргөнө» гэжээ. 28  Фараон: «Би та нарыг Ехова Бурханд чинь тахил өргүүлэхээр цөл рүү явуулъя. Харин та нар хэтэрхий хол явж болохгүй шүү. Миний төлөө залбираарай» гэхэд 29  Мосе: «Би танайхаас гарч яваад Еховагаас гуйя. Маргааш фараон танаас, таны албат зарц, ард түмнээс хөх түрүүнүүд зайлна. Гэхдээ фараон та манай ард түмнийг Еховад тахил өргүүлэхээр явуулахгүй гэж дахин битгий мэхлээрэй» гэж хэлжээ. 30  Тэгээд Мосе фараоныхоос явж Еховагаас гуйв. 31  Ехова Мосегийн гуйлтыг биелүүлж фараоноос, албат зарц, ард түмнээс нь хөх түрүүнүүдийг зайлуулжээ. Нэг ч хөх түрүү үлдсэнгүй. 32  Фараон дахиад л гөжиж, ард түмнийг явуулаагүй юм.

Зүүлт

Үгч. «надад үйлчлэг»
Нэг зүйлийн хаздаг ялаа