Египетээс гарсан нь 9:1–35

  • 5-р гамшиг: Мал амьтан үхэв (1-7)

  • 6-р гамшиг: Хүн, мал амьтан идээт яранд бариулав (8-12)

  • 7-р гамшиг: Мөндөр (13-35)

    • Бурхныг хэр хүчтэйг Фараон ойлгов (16)

    • Еховагийн нэр дуурьсагдана (16)

9  Тиймээс Ехова Мосед «Фараон дээр очоод ингэж хэл. “Еврейчүүдийн Бурхан Ехова ийн айлдаж байна. «Миний ард түмнийг явуул. Тэд намайг шүтэг*.  Хэрвээ чи тэднийг явуулахгүй байгаад байх юм бол  Ехова би, хээр талд байгаа мал амьтан дээр чинь гамшиг буулгана. Адуу, илжиг, тэмээ, үхэр, хонин сүрэг чинь аймшигт өвчинд нэрвэгдэнэ.  Ехова би, Израйлын мал амьтан Египетийн мал амьтны хооронд ялгаа зааг тавина. Тийм учраас израйлчуудынхаас нэг нь ч хорогдохгүй»” гээрэй» гэлээ.  Бас Ехова цаг тогтоон «Маргааш Ехова би үүнийг энэ нутагт үйлдэнэ» гэж айлдав.  Маргааш нь Еховаг ийнхүү үйлдэхэд Египетийн мал амьтан олноороо хорогджээ. Харин израйлчуудын мал амьтнаас нэг нь ч үхсэнгүй.  Фараон юу болсныг мэдэхээр зарц нараа илгээгээд Израйлын мал амьтнаас нэг нь ч үхээгүйг олж мэджээ. Гэсэн ч фараон урьдын адил гөжүүдэлж израйлчуудыг явуулсангүй.  Тэгээд Ехова Мосе Аарон хоёрт «Мосе зуухнаас хоёр гараараа дүүрэн хөө авч фараоны нүдэн дээр агаарт цацах ёстой.  Энэ нь нарийн тоос болж, Египетийн бүх нутагт тогтоно. Үүнээс болж Египетийн нутаг даяар хүн, мал амьтан идээт яранд бариулна» гэж айлдлаа. 10  Тиймээс тэд зуухнаас хөө аваад фараоны өмнө зогсов. Мосе түүнийгээ агаарт цацахад хүн, мал амьтан идээт яранд бариуллаа. 11  Египетчүүд бүгдээрээ идээт яранд бариулсан бөгөөд мөнөөх ид шид үйлддэг тахилчид ч бариулав. Тэр тахилчид идээт ярнаасаа болоод Мосе дээр ирж чадсангүй. 12  Ехова фараоныг зөрүүдлэн муйхарлахыг зөвшөөрөв. Фараон Еховагийн Мосед хэлснээр тэднийг сонссонгүй. 13  Тэгээд Ехова Мосед «Өглөө эрт босож фараон дээр очоод ингэж хэл. “Еврейчүүдийн Бурхан Ехова ийн айлдаж байна. «Миний ард түмнийг явуул. Тэд намайг шүтэг. 14  Явуулахгүй бол би бүх гамшгаа чам дээр, албат зарц, ард түмэн дээр чинь буулгана. Тэгээд чи газар дэлхий дээр над шиг Нэгэн байхгүйг мэдэх болно. 15  Би асар их хүчээрээ чамайг ард түмэнтэй чинь аймшигт өвчинд нэрвэгдүүлж, газрын хөрснөөс арчиж чадах л байсан. 16  Харин чамайг амьд байлгаж байгаагийн учир нь чамд хүч чадлаа харуулж, даян дэлхийд алдар нэрээ дуурьсгахын тулд юм. 17  Чи ард түмнийг минь явуулахгүй ихэрхээд л байх уу? 18  Египетэд хэзээ ч бууж байгаагүй асар хүчтэй мөндрийг би маргааш өдийд буулгана. 19  Тиймээс хэл хүргүүлж, хээр байгаа бүх мал амьтан, өөрийн гэсэн бүхнээ аюулгүй газар оруулуул. Мөндөр буухад дотор байгаагүй, хээр гадаа явсан хүн, мал бүгд үхнэ»” гээрэй» хэмээн айлдав. 20  Фараоны албат зарц нарын дундаас Еховагийн үгийг сонсоод айсан хүн бүр зарц шивэгчид, мал амьтнаа шалавхан дотогш оруулжээ. 21  Харин Еховагийн үгийг үл тоосон хүмүүс зарц шивэгчид болон мал амьтнаа хээр үлдээв. 22  Ехова Мосед «Гараа тэнгэр өөд сунга. Тэгвэл Египетийн бүх нутаг, хүн, амьтан, Египетийн нутаг дахь бүх өвс ургамал дээр мөндөр бууна» гэж айлдлаа. 23  Тэгээд Мосег тэнгэр өөд таягаа сунгахад Ехова аянга нижигнүүлж, мөндөр буулган, газарт гал* цахиулав. Ийнхүү Ехова Египетийн нутагт мөндөр буулгажээ. 24  Мөндөр буухад дунд нь гал цахилж байлаа. Египет үндэстэн бий болсноос хойш тийм аймшигтай мөндөр тэр нутагт орж байгаагүй билээ. 25  Хүн, амьтнаас авхуулаад Египетийн нутаг даяар хээр байсан бүхэн мөндөрт цохиулав. Өвс ургамал, мод бүгд сүйджээ. 26  Зөвхөн израйлчуудын байсан Гошенд л мөндөр ороогүй юм. 27  Фараон Мосе Аарон хоёр луу хүн илгээж «Би энэ удаа нүгэл үйлдлээ. Еховагийн зөв. Миний буруу. Манай ард түмэн ч буруутай. 28  Аянга, мөндрийг зогсоохын тулд чи Еховагаас гуйгтун. Би та нарыг явуулъя, дахиж саатуулахгүй» гэж хэлүүлэв. 29  Тэгэхэд нь Мосе: «Би хотоос гарангуутаа гараа өргөн Еховад залбиръя. Тэгэхэд аянга, мөндөр зогсоно. Тэгээд та даян дэлхий Еховагийнх гэдгийг мэдэх болно. 30  Тэгсэн ч гэсэн та ч, таны албатууд ч Ехова Бурхнаас эмээхгүй гэдгийг би мэдэж байна» гэжээ. 31  Тэр үед арвай боловсорч, маалинга цэцэглэж байсан учраас аль аль нь сүйдэв. 32  Харин буудай* дараа нь соёолох байсан учраас сүйдээгүй юм. 33  Мосег фараоноос салж яваад хотоос гарч гараа өргөөд Еховад залбирахад аянга, мөндөр зогсож, бороо цутгахаа болилоо. 34  Фараон бороо, мөндөр, аянга зогссоныг хараад албатуудынхаа хамт дахиад л гөжүүдэлж нүгэл үйлдэв. 35  Фараон зөрүүдлэн муйхарлахаа болилгүй, Еховагийн Мосед хэлснээр израйлчуудыг явуулсангүй.

Зүүлт

Үгч. «надад үйлчлэг»
Хүчтэй аянга цахилгааныг дүрслэн хэлсэн бололтой.
Үгч. «улаан буудай болон спелт буудай». Спелт нь эртний Египетэд тариалдаг байсан буудайны нэг төрөл.