Езра 1:1–11

  • Кореш хаан өргөөг сэргээн барих тунхаг гаргав (1-4)

  • Цөлөгдөгсөд Вавилоноос буцахад бэлдэв (5-11)

1  Персийн хаан Корешийн* анхдугаар он байв. Ехова Иеремиагаар хэлүүлсэн үгээ биелүүлэхийн тулд Ехова Персийн хаан Корешт нөлөөлж*, хаант улс даяар нэгэн тунхаг гаргуулж, бичүүлжээ. Уг тунхагт:  «Персийн хаан Кореш ийн айлдаж байна. “Тэнгэрийн Бурхан Ехова надад дэлхийн бүх хаант улсыг өгсөн бөгөөд Иуда дахь Иерусалимд өөрт нь зориулж өргөө барихыг надад даалгасан билээ.  Та нарын дунд түүнд үйлчилдэг хүн байгаа бол Бурхан нь хамт байг. Тэр хүн Иуда дахь Иерусалим руу явж, Израйлын Бурхан Еховагийн өргөөг сэргээн бариг. Тэр бол жинхэнэ Бурхан бөгөөд өргөө нь Иерусалимд байсан*.  Хаант улсад маань суугаа харь хүмүүс болох иудейчүүдэд хөршүүд нь туслан алт мөнгө, эд бараа, мал сүрэг өгөг. Мөн жинхэнэ Бурхны, Иерусалимд байсан өргөөнд зориулж сайн дурын өргөл өгөгтүн”» хэмээжээ.  Тэгэхэд Иуда, Бениамин овгийн эцгийн бүлүүдийн тэргүүнүүд, тахилчид, левичүүд Иерусалимд байсан Еховагийн өргөөг сэргээн барих гэж явахаар бэлдэв. Учир нь жинхэнэ Бурхан тэдний сэтгэлийг хөдөлгөсөн юм.  Хөршүүд нь бүгдээрээ тэднийг дэмжиж алт мөнгөн сав суулга, эд бараа, мал сүрэг, бусад үнэт зүйлээс гадна Бурхны өргөөнд зориулж сайн дурын өргөл өгчээ.  Иерусалим дахь Еховагийн өргөөнөөс Небухаднеззарын авч, бурхныхаа өргөөнд тавьж байсан сав суулгыг Кореш хаан гаргаж өгөв.  Ингэхдээ Персийн хаан Кореш тэдгээр сав суулгыг сан хөмрөг хариуцагч Митредатаар гаргуулж тоолуулаад Иуда овгийн ахлагч Шешбаззарт* өгүүлжээ.  Сав суулгыг тоолоход алтан сагс 30, мөнгөн сагс 1 000, тэдгээртэй төстэй сав 29, 10  жижиг алтан аяга 30, жижиг мөнгөн аяга 410, өөр сав суулга 1 000 байв. 11  Алт мөнгөн сав суулга нийлээд 5 400 байлаа. Вавилонд байсан цөлөгдөгсдийг Иерусалим руу буцахад Шешбаззар эдгээрийг авч явав.

Зүүлт

II Кир юм уу Их Кир
Эсвэл «санаа өгч»
Эсвэл «тэрбээр Иерусалимд байдаг» гэсэн бололтой.
Езр 2:2; 3:8-д гардаг Зеруббабел бололтой.