Езра 3:1–13

  • Тахилын ширээг дахин босгож, тахилууд өргөв (1-6)

  • Сүмийг сэргээн барьж эхлэв (7-9)

  • Сүмийн суурийг тавив (10-13)

3  Долоодугаар сар* болж, израйлчууд тус тусын хотоосоо Иерусалимд ирж нэг хүн мэт цуглажээ. 2  Иехозадакийн хүү Иешуа болон бусад тахилч, Шеалтиелын хүү Зеруббабел болон ах дүү нар нь жинхэнэ Бурхны хүн болох Мосегийн хуульд бичсэний дагуу шатаах тахилуудыг өргөхийн тулд ажилдаа ханцуй шамлан орж, Израйлын Бурхны тахилын ширээг босгов. 3  Тэд хөрш зэргэлдээх үндэстнүүдээсээ айж байсан ч тахилын ширээг урьд байсан газар нь босгож, түүн дээрээ Еховад зориулан өглөө, орой бүр шатаалт тахилууд өргөх болов. 4  Мөн Саравчинд суух баярыг* бичигдсэн ёсоор тэмдэглэж, уг баярын үеэр өдөр бүр өргөх ёстой шатаалт тахилыг тоо ёсоор нь өргөжээ. 5  Түүнээс хойш тэд байнгын шатаалт тахилаа үргэлжлүүлэн өргөж, шинэ сарын тахил, Еховад зориулсан бүх баярын тахилыг өргөв. Бас хүн бүрийн, Еховад сайн дураараа өгсөн тахилыг өргөжээ. 6  Еховагийн сүмийн суурь хараахан тавигдаагүй байсан ч тэд долоо дахь сарын эхний өдрөөс Еховад зориулан шатаалт тахил өргөж эхэлсэн юм. 7  Тэд Персийн хаан Корешийн зөвшөөрлөөр чулуу цавчигчид, урчуудад мөнгө өгч, бас Ливанаас Иоппа руу хуш моддыг тэнгисээр авчирсан сидончууд, тирчүүдэд идэж уух юм, тос өгөв. 8  Шеалтиелын хүү Зеруббабел, Иехозадакийн хүү Иешуа, тэдний ах дүүс буюу тахилчид, левичүүд гээд олзноос буцаж ирсэн бүх хүн Иерусалимд ирснийхээ 2 дахь жилийн 2 дугаар сард* жинхэнэ Бурхны өргөөг сэргээн барих ажлаа эхлэв. Тэд Еховагийн өргөөний ажлыг хариуцуулахаар 20 болон түүнээс дээш насны левичүүдийг томилсон юм. 9  Жинхэнэ Бурхны өргөөний ажлыг хийж байгаа хүмүүсийг Иудагийн удмын Иешуа хөвгүүд, ах дүү нартайгаа, Кадмиел хөвгүүдтэйгээ, левичүүд болох Хенададын удмынхан, тэдний хөвгүүд, ах дүү нар хамтдаа хариуцах болжээ. 10  Барилгачид Еховагийн сүмийн суурийг тавьж дуусахад Израйлын хаан Давидын өгч байсан заавар ёсоор тахилчид өмсгөлөө өмсөж, бүрээгээ бариад, левичүүд, Асафын хөвгүүд цангаа бариад Еховаг магтахаар байраа эзэлцгээв. 11  Тэгээд тэд Еховаг магтан, талархаж «Тэр бол сайн. Израйлыг үүрд үнэнчээр хайрладаг» хэмээн харилцан дуулжээ. Тэгэхэд бүх хүн Еховаг чангаар магтав. Учир нь Еховагийн өргөөний суурь тавигдсан юм. 12  Хүмүүсийг хамаг чадлаараа баярын уухай хадааж байхад өндөр настай, өмнөх өргөөг харж байсан тахилчид, левичүүд, эцгийн бүлүүдийн тэргүүнүүд өргөөний суурь тавигдсаныг үзээд чанга дуугаар уйлав. 13  Иймээс баярын уухайг уйлах дуунаас ялгах аргагүй байлаа. Яагаад гэвэл ард олон маш чангаар уухай хадааж байсан учир тэр их чимээ шуугиан алсад ч сонсогдож байв.

Зүүлт

Иудейчүүдийн ариун хуанлийн 7-р сар. Хавсралт Б15-ыг үзнэ үү.
Бас «Майхан баяр» гэдэг. «Үгийн тайлбар»-аас үзнэ үү.
Иудейчүүдийн ариун хуанлийн 2-р сар. Хавсралт Б15-ыг үзнэ үү.