Езра 5:1–17
5 Зөнч Хаггаи, Иддогийн ач хүү зөнч Зехариа нар Иуда, Иерусалим дахь иудейчүүдэд тэдний дээр оршдог Израйлын Бурхны нэрээр зөгнөн хэлжээ.
2 Иймд Шеалтиелын хүү Зеруббабел, Иехозадакийн хүү Иешуа хоёр Иерусалимд байсан Бурхны өргөөг дахин барих ажлыг сэргээв. Бурхны зөнчид тэдэнтэй хамт байж, тусалж дэмжиж байлаа.
3 Гэтэл Их мөрний чанад дахь бүс нутгийн* захирагч Таттенаи, мөн Шетар-бозенаи хамтрагчидтайгаа тэдэн рүү ирээд «Хэн та нарт энэ өргөө, энэ барилга байгууламжийг барьж дуусга гэж тушаасан юм бэ?» хэмээн асуужээ.
4 Бас «Энэ барилгыг хэн хэн барьж байгаа юм?» гэв.
5 Бурхан иудейчүүдийн ахлагчдыг харж хамгаалж байсан тул тэдний ажил зогссонгүй. Дариуст мэдээ хүрч, албан бичгээр хариу иртэл Таттенаи хамтрагчидтайгаа тэдний ажлыг зогсоож чадаагүй юм.
6 Их мөрний чанад дахь бүс нутгийн захирагч Таттенаи, Шетар-бозенаи болон хамтрагчид нь болох Их мөрний чанад дахь бүс нутгийн бага тушаалын захирагчид Дариус хаанд захидал илгээжээ.
7 Тэд түүнд мэдээлж, бичсэн нь:
«Дариус хаан танаа,
Таны амар амгаланг айлтгая!
8 Бид Иуда муж руу явж агуу Бурхны өргөөнд очлоо. Өргөөг том том чулуугаар барьж, хананд нь дүнз суулгаж байна. Тэд ажилдаа шамдаж, ажил нь ч урагштай байгааг хаан мэдтүгэй!
9 Бид ахлагчдаас нь “Хэн та нарт энэ өргөө, энэ барилга байгууламжийг барьж дуусга гэж тушаасан юм бэ?” гэж лавласан юм.
10 Бас ахалж байгаа хүмүүсийнх нь нэрийг танд бичиж явуулах гээд нэрсийг нь асуусан билээ.
11 Тэгэхэд тэд: “Бид тэнгэр, газрын Бурханд үйлчилдэг. Олон жилийн өмнө Израйлын агуу хааны барьсан өргөөг дахин барьж байгаа юм.
12 Гэвч өвөг дээдэс маань тэнгэрийн Бурхныг хилэгнүүлсэн учир тэрбээр тэднийг Вавилоны хаан, халдей хүн Небухаднеззарын мэдэлд өгсөн юм. Небухаднеззар энэ өргөөг устгаж, тэднийг Вавилон руу цөлсөн.
13 Дараа нь Вавилоны хаан Кореш захирч эхэлсэн анхдугаар ондоо Бурхны өргөөг сэргээн барих зарлиг буулгасан.
14 Мөн Небухаднеззарын Иерусалим дахь сүмээс зөөж Вавилон дахь сүмд аваачсан Бурхны өргөөний алт, мөнгөн сав суулгыг Кореш хаан Вавилоны сүмээс гаргаж, захирагчаар томилсон Шешбаззар* гэдэг хүндээ өгсөн билээ.
15 Кореш түүнд «Эдгээр сав суулгыг аваад яв. Иерусалим дахь Бурхны өргөөг өмнө байсан газар нь дахин бариад эдгээрийг байранд нь тавь» гэж хэлсэн юм.
16 Тэгэхэд нь Шешбаззар Иерусалимд ирээд Бурхны өргөөний суурийг тавьсан. Өргөөг тэр үеэс хойш барьж байгаа ч дуусаагүй л байна” гэж бидэнд хариулсан билээ.
17 Тэгэхээр, хаантан таалбал, Иерусалим дахь Бурхны өргөөг сэргээн барих зарлигийг Кореш хаан буулгасан эсэхийг тогтоохын тулд Вавилон дахь хааны санд судалгаа хийлгэнэ үү. Тэгээд энэ талаарх шийдвэрээ бидэнд мэдэгдэнэ үү» гэжээ.