Езра 6:1–22

  • Дариус судалгаа хийлгэж, зарлиг гаргав (1-12)

  • Өргөөг барьж дуусган, зориулах ёслол хийв (13-18)

  • Дээгүүр өнгөрөх баяр тэмдэглэв (19-22)

6  Тэгээд Дариус хаан зарлиг буулгаж, Вавилонд үнэт эрдэнэ, бичиг баримт хадгалдаг архивт судалгаа хийлгэхэд  Меде мужийн Екбатана дахь цайзаас нэгэн хуйлмал ном олдов. Уг ном дахь тэмдэглэлд үндэслэн бичсэн нь:  «Кореш хаан захирч эхэлсэн анхдугаар ондоо Иерусалим дахь Бурхны өргөөний талаар ийм зарлиг гаргасан байна. “Тахил өргөх газар буюу өргөөг иудейчүүд сэргээн барьж, суурийг нь тавиг. Өргөөний өндөр нь 60 тохой*, өргөн нь 60 тохой байх бөгөөд  хана нь гурван үе том чулуу, нэг үе дүнз байх ёстой. Зардлыг нь хааны өргөөнөөс гаргагтун.  Үүнчлэн Иерусалимд байсан сүмээс Небухаднеззарын Вавилонд авчирсан, Бурхны өргөөний алт, мөнгөн сав суулгыг буцааж Иерусалим дахь Бурхны өргөөнд байранд нь тавигтун” гэсэн байна.  Иймээс Их мөрний чанад дахь бүс нутгийн* захирагч Таттенаи, Шетар-бозенаи, хамтрагч нар нь болох Их мөрний чанад дахь бүс нутгийн бага тушаалын захирагчид аа, энэ хэрэгт бүү оролц.  Бурхны өргөөний ажилд бүү саад хий. Иудейчүүдийн захирагч, ахлагчид Бурхны өргөөг өмнө байсан газарт нь сэргээн бариг.  Үүнээс гадна Бурхны өргөөг дахин барьж байгаа иудейчүүдийн ахлагчдын төлөө та нарын юу хийх тухай зарлигийг би гаргаж байна. Тэр хүмүүсээр ажлыг нь саадгүй хийлгэхийн тулд Их мөрний чанад дахь бүс нутгаас хааны санд өгсөн татвараас зардлыг нь даруй гаргагтун.  Бас тэнгэрийн Бурханд шатаалт тахил болгон өргөх залуу бух, хуц, хурга, мөн буудай, давс, дарс, тос гээд алив хэрэгтэй бүхнийг нь Иерусалим дахь тахилчдын хүссэнээр өдөр алгасалгүй өгөгтүн. 10  Ингэвэл тэд тэнгэрийн Бурхны таалалд нийцэх тахилыг тогтмол өргөж, хаан миний төлөө болон хөвгүүдийн минь сайн сайхны төлөө залбирах биз ээ. 11  Хэрэв хэн нэг хүн энэ зарлигийг зөрчих аваас байшингаас нь нэг дүнзийг сугалаад өнөөх этгээдийг өргөж тэр дүнзэндээ хад. Бас гэрийг нь нийтийн жорлон* болго хэмээн би тушааж байна. 12  Мөн энэ тушаалыг зөрчиж, Иерусалим дахь Бурхны өргөөг устгах гэж оролдсон ямар ч хаан, ямар ч ард түмнийг Бурхан хөнөөх болтугай. Бурхан нэрийнхээ төлөө тэр газрыг сонгосон билээ. Дариус би энэ зарлигийг гаргав. Үтэр түргэн үйлдэгтүн» гэжээ. 13  Ингээд Их мөрний чанад дахь бүс нутгийн захирагч Таттенаи, Шетар-бозенаи болон тэдний хамтрагчид Дариус хааны тушаасан бүхнийг даруй гүйцэтгэв. 14  Зөнч Хаггаи, Иддогийн ач хүү Зехариа хоёрыг зөгнөсний үрээр урам зориг нь бадарсан иудейчүүдийн ахлагчид барилгын ажлаа дахин үргэлжлүүлж, ажил нь ч урагштай байлаа. Ийнхүү Израйлын Бурхны тушаалаар болон Кореш, Дариус, Персийн хаан Артаксерксын зарлиг ёсоор барилгын ажлаа дуусгажээ. 15  Тэд Дариус хаан захирсны зургаадугаар оны Адар* сарын гурван гэхэд өргөөг барьж дуусгасан юм. 16  Тэгээд тахилчид, левичүүд, цөллөгөөс ирсэн бусад израйлчууд Бурхны өргөөг зориулах ёслолыг баяр хөөртэй хийжээ. 17  Бурхны өргөөг зориулахдаа 100 бух, 200 хуц, 400 хурга, мөн бүх Израйлын нүглийн төлөөх тахил болгон Израйлын овгийн тоогоор 12 ухна өргөв. 18  Тэд Мосегийн номд бичсэний дагуу тахилчдыг бүлэг бүлгээр нь, левичүүдийг бүлэг бүлгээр нь Иерусалимд Бурханд үйлчлүүлэхийн тулд томилсон юм. 19  Цөллөгөөс ирсэн хүмүүс 1 дүгээр сарын* 14-ний өдөр Дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэв. 20  Тахилчид, левичүүд дор бүрнээ өөрсдийгөө ариусгасан тул бүгдээрээ цэвэр байв. Тэд цөллөгөөс ирсэн хүмүүс, бусад тахилч болон өөрсдийнхөө төлөө Дээгүүр өнгөрөх баярын тахилын малуудыг нядалжээ. 21  Цөллөгөөс буцаж ирсэн израйлчууд болон Израйлын Бурхан Еховаг шүтэхээр тэдэнтэй нэгдэж, тэр нутгийн үндэстнүүдийн бузар үйл хэргийг хийхээ больсон хүн бүхэн тахилаас идэв. 22  Мөн тэд Исгээгүй талхны баярыг долоон хоног баяр хөөртэй тэмдэглэжээ. Учир нь Ехова тэднийг баяр хөөртэй болгож, Ассирийн хааныг тэдэнд сайн хандуулсан юм. Тиймдээ ч Ассирийн хаан Израйлын Бурхан болох жинхэнэ Бурхны өргөөний ажлыг хийж байсан хүмүүсийг дэмжсэн билээ.

Зүүлт

26,7 м орчим. Хавсралт Б14-ийг үзнэ үү.
Евфрат мөрний баруун бүс нутаг
Эсвэл «хогийн цэг», «өтөг бууцны овоо» гэсэн бололтой.
Хавсралт Б15-ыг үзнэ үү.
Иудейчүүдийн ариун хуанлийн 1-р сар. Хавсралт Б15-ыг үзнэ үү.