Езра 7:1–28
7 Энэ бүхний дараа, Персийн хаан Артаксерксын засаглалын үед Езра* Иерусалимд буцаж ирэв. Езра нь Сераиагийн хүү, Сераиа нь Азариагийн хүү, Азариа нь Хилкиагийн хүү,
2 Хилкиа нь Шаллумын хүү, Шаллум нь Задокийн хүү, Задок нь Ахитубын хүү,
3 Ахитуб нь Амариагийн хүү, Амариа нь Азариагийн хүү, Азариа нь Мераиотын хүү,
4 Мераиот нь Зерахиагийн хүү, Зерахиа нь Уззигийн хүү, Уззи нь Буккигийн хүү,
5 Букки нь Абишуагийн хүү, Абишуа нь Финехасын хүү, Финехас нь Елеазарын хүү, Елеазар нь ахлах тахилч Аароны хүү юм.
6 Езра Вавилоноос ирсэн ажээ. Тэрбээр Израйлын Бурхан Еховагийн өгсөн Мосегийн хуульд мэргэшсэн хуулан бичээч* юм. Ехова Бурхан нь Езрад тусалсан учир* Артаксеркс хаан түүнд хүссэн бүхнийг нь өгчээ.
7 Артаксеркс хааны 7 дугаар онд Израйлын ард олон, тахилчид, левичүүд, дуучид, хаалгачид, сүмийн үйлчлэгчдийн* зарим нь Езратай хамт Иерусалим руу явав.
8 Артаксеркс хааны 7 дугаар оны 5 дугаар сард* Езра Иерусалимд хүрчээ.
9 Тэрбээр 1 дүгээр сарын* 1-ний өдөр Вавилоноос гарч 5 дугаар сарын 1-ний өдөр Иерусалимд ирсэн юм. Учир нь сайхан сэтгэлтэй Бурхан нь түүнд тусалжээ.
10 Езра Еховагийн хуулийг судалж, хэрэгжүүлэхийн тулд, мөн тушаал зарлиг, шударга ёсыг Израйлд заахын тулд сэтгэл зүрхээ зориулсан* байлаа.
11 Еховагийн Израйлд өгсөн тушаал, зарлигуудыг гаргууд сайн мэддэг тахилч, хуулан бичээч Езрад Артаксеркс хаан энэ захидлыг өгсөн юм.
12 * «Хаадын хаан Артаксерксаас тэнгэрийн Бурхны хуулийн хуулан бичээч, тахилч Езрад: Амар амгаланг айлтгая.
13 Эзэнт гүрэнд минь байгаа Израйлын ард түмний дундаас тахилчид, левичүүд гээд чамтай хамт Иерусалим руу явахыг хүсэж байгаа бүх хүн явж болно гэсэн зарлигийг би гаргаж байна.
14 Хаан би долоон зөвлөхөө чамтай хамт явуулж, чамд байгаа Бурхны чинь хуулийг Иуда, Иерусалимд сахиж байгаа эсэхийг магадлуулъя.
15 Хаан болон хааны зөвлөхүүдээс Иерусалимд байдаг Израйлын Бурханд зориулж сайн дураараа өгсөн алт, мөнгийг авч явагтун.
16 Бас Вавилоны бүх мужаас чамд өгөх алт, мөнгө, чиний ард түмэн, тахилчдын Иерусалим дахь Бурхныхаа өргөөнд зориулж сайн дураараа өгөх бэлгийг авч яв.
17 Тэгээд энэ мөнгөөр бухууд, хуцууд, хургануудыг идээн өргөл, ундаан өргөлтэй нь хамт даруйхан худалдан аваад Иерусалимд байдаг Бурхныхаа өргөөний тахилын ширээн дээр өргөгтүн.
18 Түүнчлэн үлдсэн алт, мөнгөө чи ах дүүстэйгээ зөв гэж үзсэн зүйлдээ зарцуул. Ингэхдээ Бурхныхаа сэтгэлд нийцүүлээрэй.
19 Бас чиний Бурхны өргөөн дэх үйлчлэлд зориулж чамд өгсөн бүх сав суулгыг Иерусалимд, Бурхны өмнө аваачигтун.
20 Чиний Бурхны өргөөнд шаардлагатай өөр зүйл байгаад чи тэрийг хангах хэрэгтэй болбол тэдгээрийг хааны сангаас авагтун.
21 Артаксеркс хаан би тэнгэрийн Бурхны хуулийн хуулан бичээч, тахилч Езрагийн хүссэн бүхнийг тэр даруй өгөхийг Их мөрний чанад дахь бүс нутгийн* сангийн бүх няравт тушаасан.
22 Ингэхдээ 100 хүртэлх талант* мөнгө, 100 кор* буудай, 100 бат* дарс, 100 бат тос, мөн давсыг хүссэн хэмжээгээр нь өгөгтүн хэмээсэн.
23 Тэнгэрийн Бурхны тушаасан бүхнийг өргөөнийх нь төлөө хичээл зүтгэлтэй биелүүлэгтүн. Тэгвэл эзэнт гүрэн болон хааны хөвгүүдэд Бурхны уур хилэн буухгүй биз ээ.
24 Түүнчлэн тахилчид, левичүүд, хөгжимчид, хаалгачид, сүмийн үйлчлэгчид гээд Бурхны өргөөний ажилчдын хэнд ч татвар хураамж, алба гувчуур, гааль ногдуулж болохгүйг та нарт мэдэгдэж байна.
25 Езра чи, Их мөрний чанад дахь бүх хүнийг шүүх түшмэд, шүүгчдийг Бурхнаас авсан мэргэн ухаанаараа томилогтун. Тэд чиний Бурхны хуулийг мэддэг хүмүүс байх ёстой. Ард олны дунд хуулийг мэддэггүй хүн байвал чи заах учиртай.
26 Чиний Бурхны хууль болон хааны хуулийг сахиагүй хэн ч бай цаазлуулах, цөлөгдөх, торгуулах, шоронд хоригдох зэргээр даруй шийтгүүлэх ёстой» гэсэн байв.
27 Хааныг Иерусалим дахь Еховагийн өргөөг улам сайхан болгоё гэсэн бодол, хүсэлтэй болгосон, өвөг дээдсийн маань Бурхан Ехова магтагдах болтугай!
28 Хаан, хааны зөвлөхүүд болон ноёдын өмнө Бурхан намайг үнэнчээр хайрласан билээ. Ехова Бурхан минь надад тусалсан учир би зориг орсон. Бас Израйлын удирдагчдыг цуглуулж, Иерусалим руу явахаар болсон юм.
Зүүлт
^ «Тусламж» гэсэн утгатай.
^ Эсвэл «гүүш»
^ Эсвэл «Ехова Бурхных нь мутар Езрагийн дээр байсан учир»
^ Эсвэл «нетинимийн». Үгч. «өгөгдсөн хүмүүсийн»
^ Иудейчүүдийн ариун хуанлийн 5-р сар (хожим нь Аб гэх болсон). Хавсралт Б15-ыг үзнэ үү.
^ Иудейчүүдийн ариун хуанлийн 1-р сар. Хавсралт Б15-ыг үзнэ үү.
^ Эсвэл «хандуулсан», «бэлдсэн»
^ Езр 7:12–26-г анх арамей хэлээр бичжээ.
^ Евфрат мөрний баруун бүс нутаг
^ 1 талант нь 34,2 кг. Хавсралт Б14-ийг үзнэ үү.
^ 1 кор нь 220 л. Хавсралт Б14-ийг үзнэ үү.
^ 1 бат нь 22 л. Хавсралт Б14-ийг үзнэ үү.