Езра 8:1–36
8 Артаксеркс хааны засаглалын үед надтай хамт Вавилоноос явсан эцгийн бүлүүдийн тэргүүнүүд болон бусад хүнийг ураг ургаар нь жагсааж бичвэл:
2 Финехасын удмынхнаас Гершом, Итамарын удмынхнаас Даниел, Давидын удмынхнаас Хаттуш,
3 Шеканиа болон Парошийн удмынхнаас Зехариа, түүнтэй хамт жагсаалтад орсон 150 эрэгтэй,
4 Пахат-моабын удмынхнаас Зерахиагийн хүү Елиехоенаи, түүнтэй хамт 200 эрэгтэй,
5 Заттугийн удмынхнаас Иахазиелын хүү Шеканиа, түүнтэй хамт 300 эрэгтэй,
6 Адины удмынхнаас Ионатаны хүү Ебед, түүнтэй хамт 50 эрэгтэй,
7 Еламын удмынхнаас Аталиагийн хүү Иешаиа, түүнтэй хамт 70 эрэгтэй,
8 Шефатиагийн удмынхнаас Михаелын хүү Зебадиа, түүнтэй хамт 80 эрэгтэй,
9 Иоабын удмынхнаас Иехиелийн хүү Обадиа, түүнтэй хамт 218 эрэгтэй,
10 Банигийн удмынхнаас Иосифиагийн хүү Шеломит, түүнтэй хамт 160 эрэгтэй,
11 Бебаин удмынхнаас Бебаин хүү Зехариа, түүнтэй хамт 28 эрэгтэй,
12 Азгадын удмынхнаас Хаккатаны хүү Иоханан, түүнтэй хамт 110 эрэгтэй,
13 Адоникамын удмынхнаас буцаж ирсэн сүүлийн гурван хүн буюу Елифелет, Иеиел, Шемаиа, тэдэнтэй хамт 60 эрэгтэй,
14 Бигваин удмынхнаас Утаи, Заббуд, тэдэнтэй хамт 70 эрэгтэй байв.
15 Би тэднийг Ахава руу урсдаг гол дээр цуглуулаад тэнд бид гурван хоног буудаллав. Би ард олныг болон тахилчдыг бүртгэхэд леви хүн* нэг ч байсангүй.
16 Иймээс би удирдагчид болох Елиезер, Ариел, Шемаиа, Елнатан, Иариб, Елнатан, Натан, Зехариа, Мешуллам, мөн багш нар болох Иоиариб, Елнатан нарыг дуудаж ирүүлээд
17 тэднийг Касифиа гэдэг газрын удирдагч Иддо дээр очихыг тушаав. Иддо нь ах дүүстэйгээ Касифиад амьдардаг бөгөөд тэд сүмийн үйлчлэгчдийн* удмынхан юм. Тэдэнд Бурхны өргөөнд үйлчлэх хүмүүсийг бидэн рүү явуулаач гэж хэлэхийг би явуулсан хүмүүстээ захисан юм.
18 Сайхан сэтгэлтэй Бурхан маань бидэнд тусалсан* учир тэд Израйлын хүү Левигийн ач Махлигийн удмын Шеребиа гэгч нэгэн ухаалаг хүнийг хөвгүүд, ах дүүтэй нь нийт 18 эрэгтэйг авчирсан юм.
19 Бас Хашабиаг, мераричуудын Иешаиаг, түүний ах дүү, тэдний хөвгүүдтэй, нийт 20 эрэгтэйг авчирсан.
20 Мөн нэрс нь жагсаалтад орсон, сүмийн 220 үйлчлэгчийг авчрав. Тэд бол левичүүдэд туслуулахаар Давид болон ноёдынх нь сонгож байсан сүмийн үйлчлэгчдийн үр удам билээ.
21 Тэгээд би Бурхнаас өөрсдийнхөө төлөө, үр хүүхэд, ачаа бараа, аян замынхаа төлөө гуйх гэж өөрсдийгөө даруу болгохоор Ахава голын дэргэд мацаг барилтыг зарлав.
22 Учир нь би Артаксеркс хаанаас аян замд дайснаас хамгаалах цэрэг, морьтнуудыг гуйхаас санаа зовж байлаа. Яагаад гэвэл бид хаанд «Манай Бурхан* өөрт нь найддаг бүх хүнтэй хамт байдаг. Харин өөрийг нь умартдаг бүх хүнд уурлан хилэгнэдэг» гэж нэгэнт хэлсэн билээ.
23 Иймээс бид мацаг барьж, энэ талаар Бурхнаасаа гуйхад бидний гуйлтыг сонссон юм.
24 Дараа нь би тахилчдын ахлагчид дундаас 12 хүнийг буюу Шеребиа, Хашабиа, тэдний арван ах дүүг сонголоо.
25 Тэгээд би тэдэнд алт, мөнгө, хэрэгслүүдийг жинлэж өгөв. Тэдгээрийг хаан, хааны зөвлөхүүд, ноёд, тэндхийн бүх израйл хүн манай Бурхны өргөөнд зориулж хандивласан юм.
26 Миний жинлэж өгсөн юмс нь 650 талант* мөнгө, нийт 2 талантын жинтэй 100 ширхэг мөнгөн хэрэгсэл, 100 талант алт,
27 нийт 1 000 дарикийн* жинтэй 20 ширхэг жижиг алтан аяга, алтнаас дутахааргүй үнэ цэнтэй, гялалзсан улаан, сайн чанарын 2 хүрэл сав байв.
28 Би тэдэнд «Та нар Еховагийнх, хэрэгслүүд ч түүнийх*. Эдгээр алт мөнгө нь та нарын эцэг өвгөдийн Бурхан Еховад зориулж өгсөн сайн дурын өргөл билээ.
29 Та нар эдгээрийг Иерусалимд хүртлээ сайтар харж хамгаалж яв. Тэгээд Еховагийн өргөөний танхимуудад* очоод тахилчид болон левичүүдийн ахлагчид, Израйлын эцгийн бүлүүдийн удирдагчдын өмнө жинлэж тэдэнд өг» гэж хэлэв.
30 Ингээд Иерусалим руу, Бурхныхаа өргөө рүү өгч явуулахаар жинлэсэн алт, мөнгө, хэрэгслүүдээ тахилчид, левичүүдэд хүлээлгэж өгөв.
31 Бид 1 дүгээр сарын* 12-ны өдөр Ахава голоос Иерусалим руу хөдөллөө. Бурхан маань бидэнтэй хамт байж, замд дайснууд, дээрэмчдээс хамгаалсан билээ.
32 Бид Иерусалимд ирээд гурав хонов.
33 Тэгээд дөрөв дэх өдөр нь Бурхныхаа өргөөнд алт, мөнгө, хэрэгслүүдийг жинлээд Уриагийн хүү тахилч Меремотод хүлээлгэн өгсөн билээ. Меремоттой хамт Финехасын хүү Елеазар, левичүүд болох Иешуагийн хүү Иозабад, Биннуин хүү Ноадиа нар байсан.
34 Ийнхүү бүх юмыг тоолж, жинлээд жин хэмжээг нь тэмдэглэсэн юм.
35 Цөллөгөөс буцаж ирсэн хүмүүс Израйлын Бурханд 96 хуц, 77 эр хурга, нүглийн төлөөх тахил болгож 12 ухна, бас хамаг Израйлын төлөө 12 бухаар шатаалт тахил өргөв. Энэ бүхнийг Еховад шатаалт тахил болгож өргөсөн юм.
36 Дараа нь бид хааны зарлигийг хааны сатрапууд*, Их мөрний чанад дахь бүс нутгийн* захирагчдад дамжуулсан бөгөөд тэд ард олныг дэмжиж, мөн жинхэнэ Бурхны өргөөнд хэрэгтэй бүхнийг өгсөн билээ.
Зүүлт
^ Тахилч биш леви хүнийг хэлжээ. «Үгийн тайлбар»-аас «Леви, левичүүд»-ийг үзнэ үү.
^ Эсвэл «нетенимийн». Үгч. «өгөгдсөн хүмүүсийн»
^ Үгч. «Бурхны маань сайн мутар бидний дээр байсан»
^ Үгч. «Бурхны маань сайн мутар»
^ 1 талант нь 34,2 кг. Хавсралт Б14-ийг үзнэ үү.
^ Дарик нь эртний Персийн алтан зоос. Хавсралт Б14-ийг үзнэ үү.
^ Үгч. «Та нар Еховад ариун, сав суулгууд ч ариун»
^ Эсвэл «хоолны танхимуудад»
^ Иудейчүүдийн ариун хуанлийн 1-р сар. Хавсралт Б15-ыг үзнэ үү.
^ Энэ цол «Хаант улсыг хамгаалагч» гэсэн утгатай. Персийн мужуудын захирагчдыг хэлжээ.
^ Евфрат мөрний баруун бүс нутаг