Езра 9:1–15

  • Израйлчууд харь үндэстнүүдтэй гэрлэсэн байв (1-4)

  • Езра гэмшиж, залбирав (5-15)

9  Эдгээр явдлын дараахан Израйлын ноёд над руу ирж «Израйлчууд, тахилчид, левичүүд нь зэргэлдээх нутгийн үндэстнүүд болох канаанчууд, хитчүүд, перизчүүд, иебусчууд, аммончууд, моабчууд, египетчүүд, аморичуудаас холбоогоо таслаагүйгээр барахгүй жигшүүрт хэргийг нь үйлдэж байна. 2  Тэдний охидоос өөрсдөдөө ч, хөвгүүддээ ч эхнэр авсан. Тэд ариун ард түмэн* байж энэ нутгийн үндэстнүүдтэй холилдсон. Ноёд, захирагчид энэ бузар хэрэгт манлайлан оролцож байна» гэж хэлэв. 3  Би үүнийг сонсмогцоо хувцсаа уран, үс, сахлаа зулгааж, балмагдан доош суулаа. 4  Оройн идээн өргөл өргөх цаг болтол ийн суух зуур Израйлын Бурхны үгийг гүнээ хүндэлдэг бүх хүн намайг тойрон цуглав. Тэд цөллөгөөс буцаж ирсэн хүмүүсийн үнэнч бус явдлаас болж шаналж байсан юм. 5  Оройн идээн өргөлийн цаг болоход уранхай хувцас, ханцуйгүй дээлтэй би шаналан сууж байсан газраасаа босоод, сөхөрч суун Ехова Бурхан руугаа гараа сунгав. 6  Тэгээд би: «Бурхан минь ээ, би танд залбирах нүүр алга. Учир нь Бурхан минь ээ, бидний алдаа дутагдал толгойноос маань давсан бөгөөд бидний гэм буруу тэнгэрт тулам их билээ. 7  Бидний гэм буруу эцэг өвгөдийн маань үеэс өнөөг хүртэл асар их байсаар ирсэн. Элэг нэгтнүүд маань ч, хаад, тахилчид маань ч алдаа дутагдлаасаа болж харийн хаадын эрхшээлд орж, илдээр хөнөөгдөж, олзлогдож, дээрэмдүүлж, гутамшиг болсоор ирсэн. 8  Гэхдээ одоо Ехова Бурхан минь та, ард түмний маань үлдэгсдийг хэсэг зуур ч гэсэн энэрч өршөөлөө. Бурхан минь та, боолчлолд байгаа биднийг бага ч гэсэн амрааж, нүдийг маань гэрэлтүүлэхийн тулд биднийг аварч, ариун газартаа аюулгүй байлгаж байна. 9  Бурхан минь та, боол биднийг зөнд нь орхилгүй, харин ч үнэнчээр хайрлаж Персийн хаадын таалалд багтаасан. Та нурсан өргөөгөө сэргээн босгуулж, биднийг Иуда, Иерусалимд хана хэрэмний цаана байгаа мэт аюулгүй байлгахын тулд* биднийг сэргээсэн билээ. 10  Гэтэл одоо ийм юм болсон байхад, Бурхан минь, танд юу ч гэж хэлэх билээ дээ. Бид таны тушаалуудыг дагахаа больсон. 11  Та зөнч үйлчлэгчдээрээ уламжлуулан: “Та нарын эзэмшил болгон авах гэж байгаа газар нь тэндхийн бузар хүмүүсийн бузарласан газар юм. Тэд жигшүүрт үйлсээрээ тэр газар нутгийг нэг захаас нөгөө зах хүртэл нь бузарласан. 12  Иймээс охидоо тэдний хөвгүүдэд бүү өг, охидыг нь ч хөвгүүддээ бүү ав. Тэдний амар тайван, сайн сайхны төлөө юу ч бүү хий. Ийнхүү миний үгийг дагавал та нар хүчирхэгжиж, энэ газрын шимийг хүртэнэ. Мөн хөвгүүддээ үүрдийн өв болгож үлдээнэ” хэмээн тушаасан билээ. 13  Бидний бузар муу үйлс, асар их гэм буруугаас болж энэ бүхэн болсон байхад Бурхан минь та, бидний ял шийтгэлийг хөнгөлж, олзноос чөлөөлсөн шүү дээ. 14  Тийм байтал бид таны тушаалуудыг дахин зөрчиж, жигшүүрт юм хийдэг ийм хүмүүстэй ураг барилдаж болно гэж үү? Та уурлан хилэгнэж биднээс нэг ч хүн үлдээлгүй бүрмөсөн устгах бус уу? 15  Израйлын Бурхан Ехова минь, та зөв шударга билээ. Учир нь зарим маань өдийг хүртэл эсэн мэнд байна. Бид нүгэлтэйгээсээ болоод таны өмнө зогсох эрхгүй ч зогсож байна» гэв.

Зүүлт

Үгч. «үр»
Үгч. «бидэнд Иуда, Иерусалимд чулуун хэрэм өгөхийн тулд»