Естер 2:1–23

  • Шинэ хатны эрэлд (1-14)

  • Естер хатан болов (15-20)

  • Мордехаи хуйвалдааныг илчлэв (21-23)

2  Энэ бүхний дараа Ахашверош хааны уур хилэн намджээ. Тэрбээр Ваштигийн яасныг, үүнээс болж ямар зарлиг гаргаснаа нэхэн санав.  Хааны шадар түшмэд: «Хаантан та хүн явуулж үзэсгэлэнт онгон охидыг хайж ологтун.  Ингэхийн тулд хаант улсынхаа бүх мужид төлөөлөгчдийг томилогтун. Тэд үзэсгэлэн гоо онгон охидыг бүгдийг нь цуглуулж Суса дахь шилтгээний эмэгтэйчүүдийн өргөөнд авчраг. Эмэгтэйчүүдийг хариуцдаг хааны тайган Хегаид тэднийг хариуцуулж, тэдэнд гоо сайхны үйлчилгээ үзүүлэг.  Тэгээд хаанд хамгийн их таалагдсан бүсгүйг Ваштигийн оронд хатан болгогтун» гэж хэлэв. Энэ саналыг хаан таалж, ёсоор болгожээ.  Суса дахь шилтгээнд Мордехаи гэгч нэгэн иудей хүн байсан бөгөөд тэрбээр Бениамин овгийн Кишийн жич, Шимеигийн ач, Иаирын хүү юм.  Вавилоны хаан Небухаднезар Иудагийн хаан Иекониаг* ард түмэнтэй нь олзлон авч явахад Мордехаи тэдний дунд байжээ.  Тэрбээр авга ахынхаа өнчирч хоцорсон охин Хадасса* буюу Естерийг өсгөн хүмүүжүүлж байлаа. Естер гоолиг биетэй, гоо үзэсгэлэнтэй бүсгүй байв. Эцэг эхийг нь нас барахад Мордехаи түүнийг үрчилж авсан ажээ.  Хааны зарлигаар олон залуу эмэгтэйг Суса дахь шилтгээнд авчирч Хегаид хариуцуулж байх үед Естер ч мөн хааны ордонд хүргэгдэж эмэгтэйчүүдийг хариуцдаг Хегаин халамжид очжээ.  Залуу бүсгүй Естер таалалд нь нийцэж, хайр ивээлийг* нь хүртсэн тул Хегаи түүнд гоо сайхны үйлчилгээ үзүүлэх, хоол хүнсээр хангах ажлыг нэн даруй зохион байгуулж, хааны ордны залуу шивэгчдээс долоог нь сонгож түүнд үйлчлүүлэхээр болжээ. Мөн түүнийг шивэгчидтэй нь хамт эмэгтэйчүүдийн өргөөний хамгийн аятайхан хэсэгт шилжүүлэв. 10  Естер Мордехаин захиснаар садан төрөл, ард түмнийхээ талаар хэнд ч хэлсэнгүй. 11  Мордехаи Естерийн ямар байгааг, юу болж байгааг мэдэх гэж эмэгтэйчүүдийн өргөөний өмнүүр өдөр бүр холхидог байлаа. 12  Залуу бүсгүй бүр эмэгтэйчүүдэд зориулсан 12 сарын үйлчилгээнд хамрагдсаны дараа буюу миррийн тосны 6 сар, гүглийн болон гоо сайхны тосны 6 сарыг гүйцээчхээд Ахашверош хаанд бараалхана. 13  Бэлэн болсон залуу бүсгүйг эмэгтэйчүүдийн өргөөнөөс хааны өргөө рүү явах болоход, гуйсан болгоныг нь өгдөг байв. 14  Тэрбээр орой нь хаан дээр орж, өглөө нь эмэгтэйчүүдийн хоёрдугаар өргөөнд татвар эмсийг хариуцагч, хааны тайган Шаашгазын халамжид очно. Хаан онцгойлон таалж нэрийг нь дуудахаас нааш тэрбээр хаан дээр дахин очихгүй. 15  Мордехаин авга ах Абихаилын охин буюу Мордехаин өргөж авсан охин Естерийн, хаанд бараалхах ээлж болов. Естер, хааны тайган Хегаин зөвлөснөөс өөр юу ч гуйсангүй. Тэрбээр өөрийг нь харсан бүхний тааллыг олж байлаа. 16  Ахашверош хааны засаглалын 7 дахь жилийн 10 дугаар сар буюу Тебет* сард Естерийг хааны ордонд аваачив. 17  Хаан, Естерийг бүх эмэгтэйчүүдээс илүү хайрласан бөгөөд Естер ч бүх онгон охидоос илүүгээр хааны тааллыг олж, хайр ивээлийг* нь хүртжээ. Хаан түүнд хатны толгойн өмсгөл өмсгөж Ваштигийн оронд хатнаа болгон өргөмжиллөө. 18  Хаан бүх захирагч, албатууддаа зориулан Естерийн нэрэмжит том найр хийв. Мөн бүх муж даяар өршөөлийг зарлан тунхаглаж, хааны арвин их хувь хишгийг тарааж байлаа. 19  Онгон охидыг хоёр дахь удаагаа цуглуулахад Мордехаи ордны үүдэнд сууж байв. 20  Естер Мордехаин захисан ёсоор төрөл садан, ард түмнийхээ талаар юу ч ярьсангүй. Тэрбээр Мордехаин асрамжид байх үеийнх шигээ үгэнд нь орсоор байжээ. 21  Мордехаиг ордны үүдэнд сууж байх тэр өдрүүдэд хаалгач түшмэл Бигтан, Тереш хоёр уурандаа Ахашверош хааныг алахаар хуйвалджээ. 22  Мордехаи энэ талаар мэдсэн даруйдаа Естер хатанд мэдэгдэв. Естер Мордехаин нэрээр* хаанд айлтгажээ. 23  Хэргийг шалгаж, нотолсны дараа тэр хоёр хүнийг шонд өлгөж алав. Энэ бүхнийг хааны нүдэн дээр он дарааллын бичигт тэмдэглэн үлдээсэн юм.

Зүүлт

2 Хаад 24:8-д Иехоиахин гэдэг нэрээр гардаг.
«Гавирт мод» гэсэн утгатай.
Эсвэл «үнэнч хайрыг»
Хавсралт Б15-ыг үзнэ үү.
Эсвэл «үнэнч хайрыг»
Эсвэл «өмнөөс»