Естер 3:1–15

  • Хаманыг өргөмжлөв (1-4)

  • Хаман иудейчүүдийг устгах төлөвлөгөө зохиов (5-15)

3  Үүний дараа Ахашверош хаан агаг хүн Хаммедатагийн хүү Хаманыг дэвшүүлж, өөртэй нь хамт байсан бусад бүх захирагчийн дээгүүр өргөмжлөв.  Ордны үүдэнд байх хааны бүх албат Хаманд мэхийн ёсолж, сөгдөн мөргөдөг байлаа. Түүнийг ийнхүү хүндлэхийг хаан тушаасан ажээ. Харин Мордехаи мэхийн ёсолдог ч үгүй, сөгдөн мөргөдөг ч үгүй байв.  Тэгтэл ордны үүдэнд байдаг хааны албатууд түүнд «Чи юунд хааны тушаалыг зөрчинө вэ?» гэлээ.  Өдөр бүр ингэж хэлэхэд нь Мордехаи тоодоггүй байв. Түүнийг энэ янзаараа яваад байж болох эсэхийг мэдэхийн тулд тэд Хаманд мэдэгджээ. Учир нь Мордехаи тэдэнд иудей хүн гэдгээ хэлсэн аж.  Мордехаиг өөрт нь мэхийн ёсолж, сөгдөн мөргөхгүй байгааг Хаман хараад галзууртлаа уурлав.  Гэвч ард түмнийг нь хэн болохыг дуулсан тул ганц Мордехаин аминд хүрэх нь түүнд хангалтгүй санагджээ. Тиймээс Хаман Ахашверош хааны эзэмшил нутагт буй бүх иудейчүүдийг буюу Мордехаин ард түмнийг хүйс тэмтрэх аргыг эрэлхийлж эхлэв.  Хүмүүс сар өдрийг товлохоор Ахашверош хааны 12 дугаар оны Нисан* буюу 1 дүгээр сард Пур хэмээх шавгыг Хаманы өмнө хаяхад Адар* буюу 12 дугаар сар буув.  Хаман Ахашверош хаанд «Таны эзэнт гүрний бүх мужид оршин суудаг ард түмнүүдийн дунд тархан суурьшсан нэг үндэстэн байна. Тэд бүх ард түмнийхээс өөр хуультай бөгөөд хаантан таны хуулийг сахидаггүй. Тэднийг зүгээр орхих нь хаанд тусгүй.  Хаантан болгоовол, тэднийг устгах тушаал гаргагтун. Би 10 000 мөнгөн талантыг* түшмэдэд өгч хааны эрдэнэсийн санд хийлгэе*» гэж хэлэв. 10  Тэгэхэд нь хаан хуруунаасаа тамгат бөгжөө авч иудейчүүдийн дайсан, агаг хүн Хаммедатагийн хүү Хаманд өглөө. 11  Хаан: «Мөнгө* болон тэр ард түмнийг чиний мэдэлд өгье. Хүссэнээ хийгтүн» гэж Хаманд хэлэв. 12  Хааны бичээч нар 1 дүгээр сарын 13-ны өдөр дуудагдаж Хаманы тушаасан бүгдийг дээд тушаалтнууд, мужийн захирагчид, ард түмнүүдийн ноёдод муж бүрийн бичиг үсгээр, ард түмнүүдийн хэлээр бичжээ. Уг тушаалыг Ахашверош хааны нэрээр бичиж, хааны тамгат бөгжөөр тамгалж лацдав. 13  Адар буюу 12 дугаар сарын 13-нд хөгшин залуу, хүүхэд эмэгтэйчүүд гэлгүй бүх иудейчүүдийг ганцхан өдрийн дотор алж устган, хүйс тэмтэрч, эд хөрөнгийг нь олзлон авсугай гэсэн захидлыг хааны бүх мужид зарлагуудаар илгээв. 14  Захидлын агуулгыг муж бүрд хуульчлан баталсан бөгөөд тэр өдөрт бэлтгүүлэхийн тулд бүх ард түмэнд зарлан тунхаглав. 15  Зарлагууд хааны тушаалаар нэн даруй явцгаалаа. Суса дахь шилтгээнд ч энэ хууль гарсан юм. Хаан, Хаман хоёрыг дарс ууж суухад Суса хот даяар үймэлдэн сандарч байлаа.

Зүүлт

Хавсралт Б15-ыг үзнэ үү.
Хавсралт Б15-ыг үзнэ үү.
1 талант нь 34,2 кг. Хавсралт Б14-ийг үзнэ үү.
Эсвэл «Энэ ажлыг гүйцэтгэх хүмүүсийн төлөө би 10 000 мөнгөн талантыг хааны эрдэнэсийн санд хийе» гэсэн бололтой.
Иудейчүүдээс дээрэмдэж авах мөнгийг хэлсэн бололтой.