Естер 5:1–14

  • Естер хаанд бараалхав (1-8)

  • Хаманы уур хилэн ба бардамнал (9-14)

5  Гурав дахь өдөр нь Естер, хатныхаа хувцсыг өмсөөд хааны өргөөний үүдэнд очиж зогсоход хаан өргөөндөө, сэнтийдээ заларч байв. 2  Естер хатныг өргөөний үүдэнд зогсож байгааг хаан хараад таалан соёрхож, очирт алтан таягаа сунгав. Естер дөхөж очоод таягийнх нь үзүүрт хүрлээ. 3  Хаан түүнд «Юу болов, Естер хатантан? Чи юу хүсээ вэ? Хаант улсынхаа хагасыг ч байсан чамд өгье» гэж хэлсэнд 4  Естер: «Хэрэв хаан таалбал танд зориулсан найрт өнөөдөр Хамантай хамт ирнэ үү» гэж хариулав. 5  Хаан зарц нартаа «Естерийн гуйсны дагуу Хаманд хурдан ир гэж хэл» гэлээ. Ингээд хаан, Хаман хоёр Естерийн хийж буй найрт очжээ. 6  Хэсэг хугацааны дараа дарс ууж байх үеэр хаан Естерт «Чи юу гуймаар байна вэ? Түүнийг чинь өгье. Юу хүсэх вэ? Хаант улсын хагасыг өгөх байсан ч хүсэлтийг чинь биелүүлье» гэж хэлэв. 7  Естер хариуд нь «Миний гуйлт, хүсэлт бол 8  хэрэв би хааны тааллыг олсон бол, хэрэв хаан гуйлт хүсэлтийг минь биелүүлнэ хэмээн болгоовол маргааш хийх найрт минь Хаман та хоёр хүрэлцэн ирнэ үү. Маргааш би хаантан танд гуйлт хүсэлтээ хэлье» гэжээ. 9  Тэр өдөр Хаман ихэд баярлан, сэтгэл өндөр гарч явлаа. Гэтэл ордны дааман хаалганы дэргэд Мордехаи сууж байв. Өөрийнх нь өмнө босож зогсох ч үгүй, айж чичрэх ч үгүй байгааг хараад Хаман Мордехаид уурлан хорсжээ. 10  Гэвч тэрбээр биеэ барьж гэрийн зүг явлаа. Тэгээд найз нөхөд болон эхнэр Зерешээ дуудуулав. 11  Хаман асар их эд баялаг, олон хөвгүүнээрээ сайрхаж, хаан өөрийг нь хэрхэн дэвшүүлж бусад бүх захирагч, албатуудынхаа дээгүүр өргөмжилснийг гайхуулан ярив. 12  Хаман цааш нь «Бүр Естер хатан хүртэл ганцхан намайг хаантай хамт найрт урьсан гээд бод доо. Би маргааш бас хаантай хамт найрт нь очно. 13  Гэхдээ л иудей хүн Мордехаиг ордны үүдэнд сууж байсан цагт энэ бүхэнд миний сэтгэл баясахгүй байна» гэлээ. 14  Тэгтэл эхнэр Зереш болон найз нөхөд нь: «Тавин тохой* өндөр шон босгогтун. Түүн дээр Мордехаиг өлгөж алахыг маргааш өглөө хаанаас гуй. Дараа нь хаантай хамт найрт очиж баясан цэнгэ» хэмээн зөвлөжээ. Энэ зөвлөгөө Хаманд сайхан санагдсан тул шон босгуулжээ.

Зүүлт

22,3 м орчим. Хавсралт Б14-ийг үзнэ үү.