Ёоханд илчилсэн нь 10:1–11
10 Тэнгэрээс өөр нэг хүчирхэг тэнгэрийн элч бууж ирэхийг би харлаа. Тэрээр үүлэн хувцастай, тэргүүн дээрээ солонготой, нар мэт нүүртэй, галан багана мэт хөлтэй байв.
2 Гарт нь бяцхан хуйлмал ном дэлгээтэй байлаа. Баруун хөлөөрөө тэнгис, зүүн хөлөөрөө газар гишгэж,
3 архирах арслан адил сүрлэг дуугаар хашхирав. Түүнийг хашхирахад нүргэлэх долоон дуу ярив.
4 Нүргэлэх долоон дуу ярихад би бичих гэлээ. Гэтэл тэнгэрээс дуу гарч «Долоон дууны ярьсныг лацад. Бүү бич» гэхийг би сонсов.
5 Тэнгис ба газар дээр зогсож байсан, миний харсан өнөөх тэнгэрийн элч баруун гараа тэнгэр өөд өргөж,
6 тэнгэр болон дээрх юмсыг нь, газар болон дээрх юмсыг нь, тэнгис болон доторх юмсыг нь бүтээсэн үүрд мөнх оршигч Нэгнээр тангараглаж «Үүнээс хойш хүлээхгүй.
7 Гэхдээ долоо дахь тэнгэрийн элчийг бүрээгээ үлээх гэж байхад Бурхны ариун нууц дуусна. Энэ нууц бол зөнч буюу боолууддаа Бурхны тунхагласан сайн мэдээ юм» гэлээ.
8 Тэнгэрээс гарсан өнөөх дуу надад дахин сонсдож, «Очоод тэнгис, газар дээр зогсож байгаа тэнгэрийн элчийн гарт дэлгээтэй байгаа хуйлмал номыг ав» гэж хэлэв.
9 Би тэнгэрийн элч рүү очоод бяцхан хуйлмал номоо надад өгөөч гэхэд тэрээр: «Май. Үүнийг ид. Ходоодыг чинь хорсгох боловч аманд чинь зөгийн бал мэт чихэрлэг байх юм» хэмээв.
10 Би тэнгэрийн элчийн гараас бяцхан хуйлмал номыг аваад идэв. Аманд минь зөгийн бал мэт чихэрлэг байсан боловч идсэний дараа ходоодыг минь хорсгов.
11 «Чи олон үндэстэн, олон ард түмэн, олон хэлтэн, олон хааны талаар дахиад зөгнөх ёстой» гэж тэд надад хэллээ.