Ёоханд илчилсэн нь 12:1–17

  • Эмэгтэй, хүү, луу (1-6)

  • Михаел луутай тулалдав (7-12)

    • Луу дэлхий рүү хаягдав (9)

    • Өөрт нь богинохон хугацаа үлдсэнийг Диавол мэддэг (12)

  • Луу эмэгтэйг хавчив (13-17)

12  Тэнгэрт ийм агуу явдал болов. Нарыг өмссөн, хөл доороо сар, тэргүүн дээрээ 12 од бүхий титэмтэй нэгэн эмэгтэй  2  хөл хүнд байсан бөгөөд төрөх гэж өвдөж, шаналсандаа хашхирч байлаа. 3  Тэнгэрт өөр нэг явдал боллоо. Гал улаан өнгөтэй, долоон толгой, арван эвэртэй бөгөөд толгой болгондоо титэмтэй агуу том луу байсан.  4  Тэрээр сүүлээрээ тэнгэрийн оддын гуравны нэгийг шавхуурдаж дэлхий рүү унагав. Луу эмэгтэйг төрмөгц хүүхдийг нь залгихын тулд төрөх гэж буй эмэгтэйн өмнө зогсож байлаа. 5  Өнөөх эмэгтэй хүү төрүүлэв. Тийм ээ, эрэгтэй хүүхэд төрүүлэв. Тэр хүү бүх үндэстнийг төмөр таягаар хариулна. Хүүхдийг Бурхан болон Бурхны сэнтий рүү аваачив.  6  Эмэгтэй өөрт нь зориулж Бурхны бэлдсэн цөл рүү зугтав. Тэнд түүнийг 1 260 хоногийн турш тэжээнэ. 7  Тэнгэрт дайн болов. Михаел* тэнгэрийн элчүүдтэйгээ хамт луутай тулалдав. Луу болон түүний тэнгэрийн элчүүд тулалдсан ч  8  ялагдсан бөгөөд хойшид тэнгэрт байх газар тэдэнд олдсонгүй.  9  Агуу том луу буюу дэлхийн суугчдыг бүгдийг нь мэхлэгч Диавол буюу Сатан гэгддэг эртний могой доош хаягдав. Тэрээр дэлхий рүү хаягдлаа. Түүнтэй хамт тэнгэрийн элчүүд нь ч доош хаягдав.  10  Тэгтэл тэнгэрт чанга дуу гарч ийн хэлэхийг би сонслоо. «Эдүгээ Бурхан маань хүмүүсийг аварч, хүч чадлаа үзүүлж, Хаант төрөө байгуулсан бөгөөд түүний Христ эрх мэдлийнхээ дагуу ажиллаж эхэллээ. Учир нь ах дүүг маань Бурхны өмнө өдөр шөнөгүй буруутгадаг тэр буруутгагч доош хаягдсан.  11  Тэд түүнийг Хурганы цус болон тунхагласан мэдээгээрээ ялсан. Үүний төлөө тэд амиа ч хайрлаагүй, үхлээс ч айгаагүй.  12  Тиймээс тэнгэр ээ, тэнд нутаглагсад аа, баярлагтун! Дэлхий болон тэнгис харамсалтай яа! Яагаад гэвэл Диавол та нар луу бууж очсон. Өөрт нь богинохон хугацаа үлдсэнийг мэдэж байгаа тул тэрээр үлэмж их уур хилэнтэй байгаа». 13  Луу дэлхий рүү хаягдсанаа мэдээд хүү төрүүлсэн өнөөх эмэгтэйг хавчив.  14  Харин эмэгтэйд агуу том бүргэдийн хоёр далавч өгөв. Тэгээд эмэгтэй өөрт нь бэлдсэн цөл рүү нислээ. Эмэгтэй тэнд могойноос хол байж нэг үе, хоёр үе болон хагас үеийн турш* тэжээгдэх ажээ. 15  Тэгтэл могой эмэгтэйг живүүлэх гэж амнаасаа гол мэт ус гарган араас нь урсгав.  16  Харин газар эмэгтэйд тусалж, амаа ангайлган лууны амнаас урссан голыг залгилаа.  17  Тиймээс могой эмэгтэйд хилэгнэн уурлаж, үр удмаас нь үлдсэн хүмүүстэй дайтахаар явлаа. Тэд бол Бурхны тушаалыг биелүүлдэг, Есүсийн талаар сайтар гэрчлэх даалгавартай хүмүүс юм.

Зүүлт

«Хэн Бурхантай адил бэ?» гэсэн утгатай.
Нийт 3,5 үе