Ёоханд илчилсэн нь 8:1–13
8 Хурга долоо дахь лацыг салгахад тэнгэрт хагас цаг орчим нам гүм байлаа.
2 Бурхны өмнө зогсох долоон тэнгэрийн элчийг би харав. Тэдэнд долоон бүрээ өгсөн байв.
3 Алтан бойпор барьсан өөр нэгэн тэнгэрийн элч ирж тахилын ширээний дэргэд зогслоо. Түүнд их хэмжээний утлага өгчээ. Тэрээр бүх ариун хүнийг залбирахад сэнтийний өмнөх алтан тахилын ширээн дээр утлага уугиулах ажээ.
4 Тэнгэрийн элчийн уугиулсан утлага, ариун хүмүүсийн залбирлууд Бурханд хүрэв.
5 Гэтэл тэр даруй тэнгэрийн элч тахилын ширээний галаас авч бойпроо дүүргээд дэлхий рүү гал хаялаа. Тэгтэл тэнгэр нижигнэж, дуу чимээ гарч, аянга гялбаж, газар хөдлөв.
6 Тэгэхэд долоон тэнгэрийн элч дор бүрнээ бүрээгээ үлээхэд бэлдэв.
7 Эхний тэнгэрийн элч бүрээгээ үлээхэд цустай мөндөр, гал дэлхий дээр бууж, дэлхийн гуравны нэг, модны гуравны нэг, бүх ногоон өвсийг шатаалаа.
8 Хоёр дахь тэнгэрийн элч бүрээгээ үлээхэд шатаж буй асар том уул шиг юм тэнгист хаягдлаа. Тэнгисийн гуравны нэг нь цус болж,
9 тэнгисийн амьтдын гуравны нэг нь үхэж, усан онгоцны гуравны нэг нь сүйрэв.
10 Гурав дахь тэнгэрийн элч бүрээгээ үлээхэд асаж буй дэн мэт асар том од тэнгэрээс уналаа. Голуудын гуравны нэг болон усны эх булгууд дээр унав.
11 Энэ одыг «Гашуун өвс» гэдэг бөгөөд усны гуравны нэг гашуун өвс болжээ. Гашуун уснаас болж олон хүн үхэв.
12 Дөрөв дэх тэнгэрийн элч бүрээгээ үлээхэд нарны гуравны нэг, сарны гуравны нэг, оддын гуравны нэг сүйдэв. Ингэснээр тэдгээрийн гуравны нэг нь харанхуйлан, өдрийн гуравны нэг нь гэрэлгүй болж, шөнө ч бас тийм болох ажээ.
13 Тэгээд би тэнгэрийн дундуур нисэж яваа нэгэн бүргэдийг харлаа. Тэр бүргэд чангаар ингэж хэлэхийг сонсов. «Дэлхийд суугчид харамсалтай яа, харамсалтай яа, харамсалтай яа! Учир нь үлдсэн гурван тэнгэрийн элч бүрээгээ үлээх гэж байна!».