Ёоханд илчилсэн нь 9:1–21
9 Тав дахь тэнгэрийн элч бүрээгээ үлээв. Тэнгэрээс дэлхий дээр унасан одыг би харлаа. Ёроолгүй нүхний түлхүүрийг түүнд өгсөн байлаа.
2 Тэрээр ёроолгүй нүхийг нээхэд асар том зуухных мэт утаа нүхнээс гарч, утаанаас болж нар, агаар харанхуйллаа.
3 Царцаанууд өнөөх утаан дундаас дэлхий дээр гарч ирэв. Царцаануудад өгсөн эрх мэдэл нь дэлхийн хилэнцэт хорхойнхтой адил ажээ.
4 Дэлхийн өвс ногоо, аливаа ногоон ургамал, ямар ч модонд хор учруулахгүй байхыг тэдэнд тушаажээ. Харин духан дээрээ Бурхны тамгагүй хүмүүст л хор учруулах ажээ.
5 Тэднийг алах бус, харин таван сар тарчлаах эрхийг царцаануудад өгсөн бөгөөд тэд хилэнцэт хорхой хатгахад тарчилдаг шиг тарчлах ажээ.
6 Тэгэхэд хүмүүс үхлийг хайх боловч үхэл олдохгүй, үхье гэвч үхэл тэднээс зугтана.
7 Царцаанууд тулалдаанд бэлтгэгдсэн морьд мэт харагдана. Толгой дээр нь алтан титэм мэт юм байх бөгөөд хүнийх шиг нүүртэй,
8 гэхдээ эмэгтэй хүнийх шиг үстэй, арслангийнх шиг шүдтэй.
9 Төмөр чээживч шиг чээживчтэй, далавчаа дэвэхэд нь тулалдахаар давхиж яваа морин тэрэгний чимээ шиг чимээ гардаг ажээ.
10 Царцаанууд сүүлэндээ хилэнцэт хорхойнх шиг хорт хатгууртай. Хүмүүсийг таван сар тарчлаах хүч сүүлэнд нь байдаг.
11 Тэдний хаан бол ёроолгүй нүхний тэнгэрийн элч юм. Нэрийг нь еврейгээр Абадон*, грекээр Аполон* гэдэг.
12 Нэг гамшиг өнгөрлөө. Эдгээрийн дараа хоёр гамшиг болох гэж байна.
13 Зургаа дахь тэнгэрийн элч бүрээгээ үлээв. Бурхны өмнөх тахилын алтан ширээний эврүүдээс нэг дуу гарч,
14 бүрээ бүхий зургаа дахь тэнгэрийн элчид хандан «Агуу Евфрат мөрний дэргэд хүлээтэй байгаа дөрвөн тэнгэрийн элчийг сулла» гэхийг би сонслоо.
15 Тэгэхэд хүмүүсийн гуравны нэгийг хөнөөхөөр цаг, өдөр, сар, жилийг хүлээж байсан дөрвөн тэнгэрийн элч суллагдав.
16 Морьт цэргийн тоо нь хоёр зуун сая гэдгийг би сонслоо.
17 Миний үзсэн үзэгдэлд морьд болон морьтонгууд ийм байв. Морьтонгууд нь гал улаан, тод цэнхэр, хүхрийн шар өнгөтэй чээживчтэй. Морьд нь арслангийнх шиг толгойтой, амнаас нь гал, утаа, хүхэр савсана.
18 Энэ гурван гамшиг буюу морьдын амнаас савсах гал, утаа, хүхрээс болж хүмүүсийн гуравны нэг үхэв.
19 Учир нь морьдын хүч ам ба сүүлэнд нь байдаг. Сүүл нь могой шиг бөгөөд толгойтой. Морьд үүгээрээ хөнөөл учруулдаг.
20 Гэвч эдгээр гамшгаар хөнөөгдөөгүй хүмүүс хийсэн хэргээ* гэмшсэнгүй. Тэд чөтгөрүүдийг шүтэхээ больсонгүй. Хардаггүй, сонсдоггүй, явдаггүй, алт, мөнгө, зэс, чулуу, модон шүтээн шүтэхээ больсонгүй.
21 Тэд хүн алдагтаа ч, ид шид үйлддэгтээ ч, садарлаж самуурдагтаа* ч, хулгай хийдэгтээ ч гэмшсэнгүй.
Зүүлт
^ Устгал гэсэн утгатай.
^ Устгагч гэсэн утгатай.
^ Үгч. «гарын үйлсээ»
^ Грекээр «порнея». Үгийн тайлбараас «Садар самуун»-ыг үзнэ үү.