Иов 12:1–25

  • Иовын хариу (1-25)

    • «Та нараас дордоод байх юм алга» (3)

    • «Элэг доог болох нь ээ» (4)

    • «Бурханд мэргэн ухаан ... бий» (13)

    • Бурхан шүүгчид болон хаадаас өндөр байр суурьтай (17, 18)

12  Тэгэхэд нь Иов хариулсан нь:  2  «Их мэдэгчид минь,Та нарыг үхэхэд мэргэн ухаан үгүй болох нь ээ!  3  Би ч бас ойлгох чадвартай* хүн. Та нараас дордоод байх юм алга. Та нарын ярьсныг мэдэхгүй хэн байгаа юм?  4  Бурхнаас хариу хүссэн биш,Найз нөхдийнхөө элэг доог болох нь ээ. Зөв шударга, гэм зэмгүй хүн элэг доог болчихдог юм байна.  5  Санаа зовох юмгүй хүн гай гамшгийг үл тоон“Гуйвж дайвдаг хүмүүст л энэ нь тохиолддог” гэж боддог.  6  Дээрэмчид майхандаа амар тайван амьдардаг.Бурхныг хилэгнүүлж, шүтээнээ авч явдаг хүмүүс аюулгүй байдаг.  7  Адгуус амьтдаас асуугаарай, тэд чамд зааж өгнө.Тэнгэрийн шувуудаас асуугаарай, тэд чамд хэлж өгнө.  8  Газар дэлхийг ажаарай*, тэр чамайг сургана.Далайн загаснууд чамд үнэнийг тунхаглана.  9  Ехова үүнийг хийснийгТэдний дундаас хэн нь мэддэггүй юм бэ? 10  Бурхны мутарт амьд бүхний амь,Бүх хүний амьсгал байдаг. 11  Хэл* хоолыг амталдгийн адилЧих үгийг нягталдаг бус уу? 12  Өтгөс буурлуудад мэргэн ухаан,Өнө удаан амьдарсан хүмүүст ухаарал байдаг бус уу? 13  Бурханд мэргэн ухаан хийгээд хүч чадал,Зөвлөгөө хийгээд ухаарал бий. 14  Тэрбээр нураавал хэн ч босгож чадахгүй.Тэрбээр хаавал хэн ч нээж чадахгүй. 15  Усыг хаахад нь бүгд хатдаг.Сул тавихад нь дэлхий живдэг. 16  Хүч чадал, мэргэн ухаан түүнд байдаг.Төөрөлдөгч, төөрөлдүүлэгчийн хэн хэн нь түүний мэдэлд бий. 17  Тэрбээр зөвлөгчдийг хөл нүцгэн явуулж*,Шүүгчдийг мунхаг болгодог. 18  Тэрбээр хаадын хүлсэн хүлээсийг ард түмнээс тайлжХаадыг өөрсдийг нь боол болгодог*. 19  Тахилчдыг хөл нүцгэн явуулж,Эрх мэдэл, хүч чадалтай хүмүүсийг түлхэн унагадаг. 20  Найдвартай зөвлөгчдийг хэлэх үггүй болгож,Ахмад настнуудын* хэрсүү ухааныг зайлуулдаг. 21  Язгууртнуудыг жигшин доромжилж,Хүчтэнүүдийг сул дорой болгодог*. 22  Харанхуйн дундаас гүн юмсыг илчилж,Түнэр харанхуйг гэрэлд гаргадаг. 23  Үндэстнүүдийг агуу болгоод, дараа нь устгадаг.Үндэстнүүдийг хүчирхэг болгоод, дараа нь олзонд өгдөг. 24  Ард олны удирдагчдаас ойлгох чадварыг* нь зайлуулж,Зам байхгүй цөлд тэднийг тэнүүчлүүлдэг. 25  Тэд гэрэл гэгээгүй харанхуйд тэмтэчдэг.Тэрбээр тэднийг согтуу хүн шиг тэнүүчлүүлдэг.

Зүүлт

Үгч. «зүрх сэтгэлтэй»
Эсвэл «Газар дэлхийтэй яриарай» гэсэн бололтой.
Үгч. «Тагнай»
Эсвэл «хамаг юмнаас нь салгаж»
Эсвэл «бүсэлхийгээр нь бүсэлдэг»
Эсвэл «Ахлагчдын»
Үгч. «Хүчтэнүүдийн бүсийг сулруулдаг»
Үгч. «зүрх сэтгэлийг»