Иов 9:1–35
9 Иов хариу өчсөн нь:
2 «Тэр ч үнэн л дээ.
Тэгэвч мөнх бус хүн Бурхантай заргалдаад яахин зөвдөх билээ?
3 Маргалдахыг* хүссэн хэн ч гэсэнМянган асуултынх нь нэгэнд ч хариулж чадахгүй шүү дээ.
4 Хэмжээлшгүй мэргэн ухаантай*, асар их хүчтэй түүнийг
Хэн эсэргүүцээд шархдахгүй байж чадах билээ?
5 Уулсыг нүүлгэхэд* нь хэн ч мэдэхгүй.Уурандаа тэр тэдгээрийг хөмрүүлдэг.
6 Газар дэлхийг байрнаас нь сэгсрэхэдБаганууд нь ганхдаг.
7 Түүнийг тушаахад нар гэрэлтдэггүй.Тэрбээр оддын гэрлийг лацаддаг.
8 Орь ганцаараа тэнгэрийг дэлгэж,Өндөр давлагаанууд дээр гишгэдэг.
9 Аш*, Кесил*, Кима* ордуудыг болонӨмнөд тэнгэрийн одны ордуудыг* бүтээсэн.
10 Ухаарч ойлгомгүй агуу зүйлсийг,Тоолж барамгүй гайхамшигт юмсыг бүтээдэг.
11 Хажуугаар минь өнгөрөхөд би түүнийг хардаггүй.Дэргэдүүр минь өнгөрөхөд би түүнийг таньдаггүй.
12 Юмыг нь булааж авбал хэн түүнийг эсэргүүцэж чадах вэ?
“Юу хийж байна вэ, та?” гэж хэн түүнд хэлэх вэ?
13 Бурхныг уурлан хилэгнэхэдРахабын* туслагч нар ч түүний өмнө бөхийнө.
14 Тэгэх тусмаа түүнтэй маргаж буй биХэлэх үгээ бүр ч болгоомжтой сонгоод хариулна биз дээ?
15 Миний зөв байлаа ч би түүнд хариулах нь юу л бол.
Магад, шүүгчээсээ* өршөөл л гуйх биз.
16 Дуудлаа гээд тэр надад хариулах уу?
Дуу хоолойг минь сонсоно гэдэгт би лав итгэхгүй байна.
17 Шуургаар тэрбээр намайг бяцалж,Шалтгаангүйгээр шархнуудыг минь олшруулдаг.
18 Золгүй надад амьсгаагаа дарах ч завдал өгдөггүй.Зовлон дээр минь зовлон нэмсээр байдаг*.
19 Хэрэв хүч чадлын тухай яривал тэр хүчит нэгэн мөн.Хэрэв шударга ёсны тухай яривал тэрбээр:“Хэн надад хариуцлага хүлээлгэх* вэ?” гэж хэлдэг.
20 Би зөвдлөө ч ам минь намайг буруутгана.Би чин үнэнч* байлаа ч тэрбээр намайг гэмтэнд тооцно.
21 Би чин үнэнч* байлаа ч өөртөө итгэлгүй* байна.Би энэ амьдралаас залхаж байна.
22 Ямар ч ялгаа алга. Тийм болохоор би:“Тэр гэмгүй* хүнийг ч, муу хүнийг ч ялгалгүй устгадаг” гэж хэлж байна.
23 Цаг зуурын үер гэнэтийн үхэлд хүргэвэлЦөхөрч гансарсан гэмгүй хүмүүсийг тэрбээр шоолох биз.
24 Тэрбээр газар дэлхийг хорон муу хүмүүст өгч,Шүүгчдийнх нь нүдийг тагладаг.
Тэр биш юм бол өөр хэн байх вэ?
25 Өдөр хоногууд минь гүйгчээс хурдан юм.Өөдрөг сайныг үзэлгүй зугтан одох юм.
26 Тэд хөвж яваа зэгсэн завь адил юм.Олз руугаа шунган дайрах бүргэд адил юм.
27 Би: “Гомдлоо мартаж,Уруу царайлахаа больж, хөгжил баясалтай болъё” гэж хэллээ ч
28 Тарчлах зовлонгоосоо болж айдсаас салж чадахгүй.Та өрөвдөж намайг зөвтгөхгүйг би мэдэж байна.
29 Гэм буруутайд* тооцогдохоос хойш
Хичээж мэрийхийн хэрэг байна уу?
30 Би хайлсан цасны тогтоол усаар биеэ угааж,Шүлтээр гараа цэвэрлэлээ гэхэд
31 Та намайг нүхэнд хийнэ.Тэгээд хувцас минь хүртэл намайг жигшинэ.
32 Бурхан хүн биш учир би түүнд хариулах боломжгүй.Хамт шүүх дээр очих ч аргагүй.
33 Биднийг шүүж,Шийдвэр гаргах* хэн ч байхгүй.
34 Хэрэв тэрбээр намайг саваадахаа больж,Хирд хийтэл минь айлгахаа байвал
35 Түүнтэй би зоригтой ярих сан.Тэгээд ч би ярихаасаа айгаад байдаг хүн биш.
Зүүлт
^ Эсвэл «Түүнийг шүүх дээр аваачихыг»
^ Эсвэл «Зүрхэндээ мэргэн»
^ Эсвэл «үгүй хийхэд»
^ Том баавгайн орд (Долоон бурхан одыг багтаасан том орд) бололтой.
^ Маралын гялаан бололтой.
^ Мичид зургаа (Үхрийн ордод байрладаг Плеиадын одод) бололтой.
^ Үгч. «Өмнө зүгийн дотоод өрөөнүүдийг»
^ Далайн аварга том амьтан бололтой.
^ Эсвэл «шүүх дээр намайг буруутгаж байгаа нэгнээс» гэсэн бололтой.
^ Эсвэл «Гашуун зүйлсээр намайг дүүргэдэг»
^ Үгч. «Хэн намайг дуудаж ирүүлэх»
^ Эсвэл «гэм буруугүй»
^ Эсвэл «гэм буруугүй»
^ Эсвэл «өөрийгөө мэдэхгүй»
^ Эсвэл «чин үнэнч»
^ Үгч. «Мууд»
^ Эсвэл «Бидний хооронд зуучлах»