Иона 1:1–17

  • Иона Еховагаас зугтахыг оролдов (1-3)

  • Ехова хүчтэй салхи дэгдээв (4-6)

  • Ионагаас болж гамшиг нүүрлэв (7-13)

  • Ионаг догшин шуургатай тэнгис рүү хаяв (14-16)

  • Аварга том загас Ионаг залгив (17)

1  Ехова Амиттаин хүү Ионад*  «Их хот Ниневед очиж шүүх мэдээ тунхагла. Учир нь тэдний бузар булай нь хэрээс хэтэрч миний анхааралд өртлөө» хэмээн айлдав.  Гэвч Иона Еховагаас зугтахын тулд Таршиш руу явахаар шийдэв. Тэрбээр Иоппад очоод Таршиш руу явах усан онгоц олжээ. Ингээд зардлаа төлж, Таршиш орох хүмүүстэй хамт явахаар усан онгоцонд суулаа. Иона Еховагаас зугтаж яваа нь энэ билээ.  Тэгтэл Ехова тэнгист хүчтэй салхи дэгдээв. Догшин шуурга боссонд онгоц сүйрэх дөхлөө.  Далайчид үхтэлээ айж дор бүрнээ бурхнаа дуудан тусламж гуйв. Тэд онгоцоо хөнгөлөх гэж ачаануудаа далай руу шидэлж гарлаа. Харин Иона онгоцны доод хэсэгт бөх гэгч нь унтаж байв.  Онгоцны ахмад түүн дээр очиж «Чи яахлаараа унтаж байдаг билээ? Босоод бурхнаа дууд! Жинхэнэ Бурхан биднийг анхаарч, бид амьд үлдэх ч юм билүү?» гэж хэлэв.  Далайчид: «Алив, энэ гамшиг хэнээс болж байгааг мэдэхийн тулд бүгдээрээ шавга хаяцгаая» гээд шавга хаяхад Иона дээр буув.  Тэгээд түүнээс «Энэ гамшиг хэнээс болж бидэнд учирч байгааг хэлээч. Чи юу хийдэг, хаанахын хүн бэ? Аль нутгийн, ямар үндэстэн бэ, чи?» гэж асуулаа.  Иона: «Би еврей хүн. Далай тэнгис, хуурай газрыг бүтээсэн, тэнгэрийн Бурхан Еховагаас эмээдэг*» гэж хариулав. 10  Тэгэхэд далайчид бүр ч их айж «Чи яагаад тэгсэн юм бэ?» гэв. (Иона өөрөө хэлсэн учраас тэд түүнийг Еховагаас зугтаж явааг мэджээ.) 11  Шуурга ширүүссээр байсан тул далайчид: «Тэнгисийг намжаахын тулд бид чамайг яах ёстой юм бэ?» гэхэд 12  Иона: «Намайг өргөөд тэнгис руу хая. Тэгвэл тэнгис намжина. Надаас болж энэ догшин шуурга та нарыг нөмөрснийг би мэдэж байна» гэлээ. 13  Далайчид хуурай газар хүрэх гэж хамаг чадлаараа сэлүүрдсэн боловч шуурга улам ширүүсэж байсан тул нэмэр болсонгүй. 14  Тэгээд тэд Еховаг дуудан «Ехова, энэ хүнээс болж биднийг битгий хөнөөгөөч! Гэмгүй хүнийг хөнөөсөн гэж битгий буруутгаач. Ехова, энэ бүхэн таны тааллаар болж байгаа шүү дээ» гээд 15  Ионаг өргөж тэнгис рүү хаяхад догшин шуурга намжив. 16  Далайчид Еховагаас ихэд эмээн Еховад тахил өргөж, тангараг тавьжээ. 17  Ехова аварга том загас илгээж Ионаг залгиулахад Иона загасны гэдсэнд гурван өдөр, гурван шөнө болов.

Зүүлт

«Тагтаа» гэсэн утгатай.
Эсвэл «Еховаг шүтдэг»