Иона 3:1–10

  • Иона Бурхны үгэнд орж Ниневе рүү явав (1-4)

  • Ниневечүүд Ионагийн үгийг сонсоод гэмшив (5-9)

  • Бурхан Ниневег устгахаа болив (10)

3  Ехова Ионад хоёр дахь удаагаа айлдан 2  «Их хот Ниневе рүү явж миний чамд хэлэх мэдээг тунхагла» гэлээ. 3  Иймд Иона Еховагийн үгийг дуулгавартай биелүүлэн Ниневег зорив. Ниневе бол тойрч алхахад гурван өдөр болохоор маш том хот ажээ. 4  Иона хот руу орж «Дөч хоногийн дараа Ниневе устгагдана» гэж тунхаглангаа бүтэн өдөржин алхав. 5  Тэгэхэд нь ниневечүүд Бурхны сэрэмжлүүлгийг хүлээн авчээ. Тэд мацаг барихаар болж, баян ядуу, хөгшин залуугүй бүгдээрээ таар нөмрөв. 6  Ионагийн тунхагласан мэдээ Ниневегийн хааны сонорт хүрэхэд тэрбээр сэнтийнээсээ босож, хааны өмсгөлөө тайлаад таар нөмрөн үнсэн дээр суув. 7  Бас Ниневе даяар мөрдүүлэх ийм тунхаг гаргажээ.«Хаан болон хааны ноёд зарлиг буулгах нь: Хүн, мал амьтны аль аль нь юм идэж болохгүй. Бүр юу ч идэж болохгүй, ус ч ууж болохгүй. 8  Хүн, мал амьтны аль аль нь таар нөмрөх ёстой. Бурхныг шаргуу дуудаж, бузар муу, харгис хэрцгий үйл үйлддэгээ болигтун. 9  Тэгвэл жинхэнэ Бурхан гамшиг буулгах эсэхээ дахин бодолцож, уурлан хилэгнэхээ больж, бид амьд мэнд үлдэх ч юм билүү?» гэжээ. 10  Жинхэнэ Бурхан тэдний юу хийснийг, бузар мууг үйлдэхээ хэрхэн больсныг хараад гамшиг буулгах эсэхээ дахин бодолцож үзжээ. Тэгээд гамшиг буулгасангүй.

Зүүлт