Иошуа 1:1–18

  • Ехова Иошуаг зоригжуулав (1-9)

    • Хуулийг нам дуугаар унших (8)

  • Иорданыг гатлах бэлтгэл (10-18)

1  Еховагийн үйлчлэгч Мосег нас барахад Ехова Мосегийн туслах, Нуны хүү Иошуад* ингэж хэлэв.  «Миний үйлчлэгч Мосе нас барлаа. Тэгэхээр одоо чи Израйлын хамаг ард олонтой бэлтгэлээ базаагаад Иорданыг гатлан, тэдэнд миний өгөх нутаг руу яв.  Би Мосед амласан ёсоороо, гишгэсэн газар бүрийг чинь та нарт өгнө.  Танай нутаг өргөжин тэлж, цөлөөс хойшоо Ливан, цаашлаад Их мөрөн буюу Евфрат, баруун тийш Их тэнгист* хүрнэ. Энэ нь хитчүүдийн газар нутаг бүхлээрээ юм.  Амьд байх цагт чинь чамайг эсэргүүцээд ялах хүн нэг ч гарахгүй. Би Мосед тусалж байсан шигээ чамд тусална. Би чамайг орхихгүй, хаяхгүй.  Зоригтой, тууштай бай. Учир нь чи бол энэ ард түмэнд амласан газрыг эзэмшихэд нь туслах хүн. Би тэдний өвөг дээдэст тэр газрыг өгнө гэж амласан юм.  Гагцхүү зоригтой, тууштай бай! Миний үйлчлэгч Мосегийн чамд өгсөн Хуулийг бүгдийг нь чандлан сахь. Баруун тийш ч, зүүн тийш ч бүү хазай. Тэгвэл чи хаана ч явсан, аливааг мэргэн ухаанаар хийнэ.  Хуулийн энэ номд бичсэн бүхнийг чанд сахихын тулд чи энэ номд бичигдсэн зүйлсийн тухай үргэлж ярьж, өдөр шөнөгүй амандаа унших* ёстой. Тэгвэл чи амжилтад хүрч, аливааг мэргэн ухаанаар хийнэ.  Би чамд тушаагаагүй гэж үү? Зоригтой, тууштай бай. Чиний Бурхан Ехова чамайг хаана ч явсан, чамд туслах учраас бүү айж сүрд!» гэлээ. 10  Тэгээд Иошуа ард түмний удирдагчдад 11  «Та нар хуарангаар явж, ард олонд тушаан “Гурав хоногийн дотор Иорданыг гатлан Ехова Бурхныхаа өгч байгаа нутагт очиж, эзлэн авах учраас хоол хүнсээ базаа” гээрэй» гэж хэлэв. 12  Тэгээд Иошуа реубенчүүд, гадчууд болон Манассе овгийнхны хагаст ингэж хэлэв. 13  «Еховагийн үйлчлэгч Мосег та нарт юу гэж тушаасныг сана. Тэрбээр: “Ехова Бурхан чинь энэ нутгийг та нарт өгсөн бөгөөд та нар амар тайван аж төрж байна. 14  Танай эхнэр хүүхэд, мал сүрэг Иорданы энэ талд* миний та нарт өгсөн нутагт үлдэнэ. Харин хүчирхэг дайчид та нар бүгдээрээ тулалдахад бэлэн байж, ах дүүгийнхээ урд гатал. Та нар ах дүүдээ туслах ёстой. 15  Ехова та нарт амар тайвныг соёрхсон шигээ ах дүүг тань амар тайван болготол, бас Ехова Бурхны чинь өгч байгаа газар нутгийг ах дүү тань эзэмштэл та нар туслах ёстой. Тэгээд та нар Иорданы зүүн талд, өөрсдийг чинь суулгахаар Еховагийн үйлчлэгч Мосе миний өгсөн нутагт буцаж очоод эзэмшээрэй” гэсэн билээ» гэв. 16  Тэд Иошуад «Бид таны тушаасан бүхнийг биелүүлнэ. Таны илгээсэн газар бүрд очно. 17  Бид Мосед дуулгавартай байсан шигээ танд дуулгавартай байна. Таны Бурхан Ехова Мосед тусалсан шигээ танд туслаг. 18  Таны зарлигт тэрсэлж, тушаалуудыг тань чанд сахиагүй хэн боловч үхвэл зохино. Гагцхүү зоригтой, тууштай байгтун!» гэж хэлжээ.

Зүүлт

Эсвэл «Иехошуа». «Ехова авардаг» гэсэн утгатай.
Газар дундын тэнгис
Эсвэл «тунгаан бодох»
Зүүн талд