Иошуа 10:1–43

  • Израйлчууд Гибеоныг хамгаалав (1-7)

  • Ехова израйлчуудын төлөө тулалдав (8-15)

    • Зугтаж буй дайснуудыг мөндөр цохив (11)

    • Нар хөдөлгөөнгүй тогтов (12-14)

  • Довтолсон таван хаан алагдав (16-28)

  • Өмнө зүгийн хотуудыг эзлэв (29-43)

10  Иошуаг Иерихо хотыг хаантай нь устгасан шигээ Аиг эзэлж хаантай нь бүрмөсөн устгасныг, мөн Гибеоны оршин суугчдыг израйлчуудтай хэрхэн найрамдаж, дунд нь амьдарч байгааг Иерусалимын хаан Адони-зедек сонсмогцоо 2  ихэд айн түгшжээ. Учир нь Гибеон бол хаан захирдаг хотуудтай адил том хот байв. Аиг бодвол том, эрчүүд нь бүгдээрээ дайчин эрс байлаа. 3  Тэгээд Иерусалимын хаан Адони-зедек нь Хеброны хаан Хохам, Иармутын хаан Пирам, Лахишийн хаан Иафиа, Еглоны хаан Дебирт хэл хүргүүлж 4  «Надад туслагтун. Бүгдээрээ Гибеон руу довтолъё. Гибеончууд Иошуа болон израйлчуудтай найрамдсан байна» гэжээ. 5  Ингээд аморичуудын таван хаан буюу Иерусалимын хаан, Хеброны хаан, Иармутын хаан, Лахишийн хаан, Еглоны хаан цэргүүдтэйгээ гибеончууд руу довтлохоор явж, тэдэнтэй ойрхон хуарагнав. 6  Иймд Гибеоны эрчүүд Гилгал дахь хуаранд байсан Иошуад хэл хүргүүлж «Боолуудаа бүү хөсөр хаяач. Даруйхан ирэгтүн! Биднийг авраач, бидэнд туслаач! Уулархаг нутгийн аморичуудын бүх хаан бидэн рүү довтлохоор цуглаад байна» гэхэд 7  Иошуа бүх цэрэг, хүчирхэг дайчдынхаа хамт Гилгалаас хөдөлж, өгсөн явжээ. 8  Тэгэхэд Ехова Иошуад «Тэднээс бүү ай. Би чамд туслах учраас чи тэднийг ялна. Нэг нь ч чамайг сөрөн зогсож чадахгүй» гэж айлдав. 9  Иошуа Гилгалаас шөнөжин явсаар дайснууд руугаа гэнэт довтоллоо. 10  Ехова дайснуудыг нь самууруулсанд израйлчууд тэднийг Гибеонд үй олноор нь хөнөөгөөд Бет-хорон руу өгсдөг замаар нэхэн хөөж, хядан явсаар Азека, Маккедад хүрэв. 11  Израйлчуудаас зугтан яваа дайснуудыг Бет-хороноос уруудахад Ехова Азека хүртэл том том мөндөр буулгасанд тэд үхжээ. Мөндөрт цохиулж үхсэн хүн израйлчуудын илдэнд амиа алдсан хүнээс олон байлаа. 12  Ехова израйлчуудын нүдэн дээр аморичуудыг бут цохисон тэр өдөр Иошуа израйлчуудын өмнө Еховад хандан: «Нар аа, Гибеоны дээр тогтооч!Сар аа, Аиалоны хөндийн дээр тогтооч!» гэж залбирав. 13  Иймд израйлчуудыг дайснуудаа ялтал нар гийгүүлж, сар тогтжээ. Энэ тухай Иашарын номд бичээгүй гэж үү? Тэр өдөр нар тэнгэрийн голд тогтож, жаргасангүй. 14  Ехова хүнийг чухам ингэж сонссон өдөр урьд хожид байгаагүй билээ. Ехова израйлчуудын төлөө тулалдаж байлаа. 15  Тэгээд Иошуа бүх цэрэгтэйгээ хамт Гилгал дахь хуарандаа буцаж ирэв. 16  Харин өнөөх таван хаан аль хэдийн зугтаж, Маккедагийн агуйд нуугдсан байжээ. 17  Тэр таван хааныг Маккедагийн агуйд нуугдаж байгааг Иошуа сонсоод 18  цэргүүддээ «Том чулуунууд өнхрүүлэн агуйн амыг таглаад хэдэн хүнийг харуулд гаргаж мануул. 19  Бусад нь сааталгүй, дайснуудаа хөөж, араас нь довтлогтун. Тэднийг хот руу нь оруулж болохгүй. Ехова Бурхан тань туслах учраас та нар тэднийг ялна» гэжээ. 20  Иошуа болон израйлчууд тэднийг үй олноор нь хяджээ. Хэдэн хүн зугтаад бэхлэлттэй хотуудад очиж амь гарсныг эс тооцвол бүгдийг нь хүйс тэмтэрсэн юм. 21  Тэгээд Израйлын цэргүүд Маккеда дахь хуаранд, Иошуа дээр бүгд эсэн мэнд буцаж ирэв. Израйлчуудын эсрэг үг хэлж зүрхлэх хүн дахиж нэг ч гарсангүй. 22  Иошуа: «Агуйн амыг нээж, таван хааныг агуйгаас гаргаж авчир» гэж тушаав. 23  Тэд таван хаан буюу Иерусалимын хаан, Хеброны хаан, Иармутын хаан, Лахишийн хаан, Еглоны хааныг агуйгаас гаргаж Иошуа дээр авчирлаа. 24  Хаадыг авчрахад Иошуа Израйлын эрчүүдийг бүгдийг нь дуудаж ирүүлээд хамт явсан жанжиддаа «Урагш гарагтун. Энэ хаадын шилэн хүзүүн дээр гишгэ» гэсэнд тэд урагш гарч хаадын шилэн хүзүүн дээр гишгэв. 25  Тэгэхэд нь Иошуа эрчүүддээ «Бүү ай, бүү зүрх алд. Зоригтой, тууштай бай. Учир нь та нартай дайтах бүх дайсанд Ехова ингэж хандана» хэмээжээ. 26  Тэгээд Иошуа өнөөх хаадыг хөнөөж, цогцсыг нь таван шонд* өлгөөд орой болтол байлгав. 27  Нар жаргах үед Иошуагийн тушаалаар хаадын цогцсыг шонгоос буулгаж, нуугдаж байсан агуйд нь хаяв. Агуйн аманд том чулуунууд тавьсан нь өнөөг хүртэл бий. 28  Тэр өдөр бас Иошуа Маккедаг эзлэн аваад хүмүүсийг нь илдээр хөнөөжээ. Тэрбээр хаан болон хотын бүх хүнийг хиар цохиж, нэг ч хүнийг амьд үлдээгээгүй юм. Иерихогийн хааныг хөнөөсөн шигээ Маккедагийн хааныг ч хөнөөсөн билээ. 29  Ингээд Иошуа цэргүүдтэйгээ Маккедагаас Либна руу явж, либначуудтай тулалдав. 30  Ехова либначууд болон хааныг нь ялахад израйлчуудад тусалсан учир израйлчууд нэг ч хүнийг амьд үлдээлгүй хотын бүх хүнийг илдээр хөнөөв. Тэд Иерихогийн хааныг хөнөөсөн шигээ Либнагийн хааныг хөнөөсөн билээ. 31  Дараа нь Иошуа цэргүүдтэйгээ Либнагаас Лахиш руу явж тэндээ хуарагнаад лахишчуудтай тулалдав. 32  Ехова Лахишийг ялахад израйлчуудад тусалсан учир тэд хоёр дахь өдрөө хотыг эзэллээ. Либначуудыг устгасан шигээ тэр хотын бүх хүнийг илдээр хөнөөжээ. 33  Гезерийн хаан Хорам Лахиш хотынхонд туслахаар ирсэн ч Иошуа Хорамыг цэргүүдтэй нь бут цохижээ. Тэрбээр нэг ч хүн амьд үлдээгээгүй юм. 34  Тэгээд Иошуа цэргүүдтэйгээ Лахишаас Еглон руу явж тэндээ хуарагнаад еглончуудтай тулалдав. 35  Хотыг тэр өдөртөө эзэлж аваад хүмүүсийг нь илдээр хөнөөжээ. Тэд лахишчуудыг устгасан шигээ тэр хотын бүх хүнийг тэр өдөр хиар цохисон юм. 36  Дараа нь Иошуа цэргүүдтэйгээ Еглоноос Хеброн руу өгсөөд хебрончуудтай тулалдав. 37  Тэд хотыг суурингуудтай нь эзэлж аваад хаан болон бүх хүнийг нь илдээр хөнөөн нэг ч хүнийг амьд үлдээгээгүй. Иошуа еглончуудыг устгасан шигээ тэр хотын бүх хүнийг хиар цохисон юм. 38  Эцэст нь Иошуа цэргүүдтэйгээ Дебирийн зүг эргэж, дебирчүүдтэй тулалдав. 39  Тэрбээр хотыг бүх сууринтай нь эзлээд хаан болон хотын хүмүүсийг илдээр хөнөөн нэг ч хүн амьд үлдээлгүй бүгдийг нь хиар цохив. Иошуа хебрончууд болон либначуудыг хаантай нь устгасан шигээ дебирчүүдийг хаантай нь устгасан юм. 40  Иошуа уулархаг нутгийг тэр чигээр нь, мөн Негев, Шефела, уулсын налуу бэлийг эзэлж, бүх хааныг нь ялж, нэг ч хүн амьд үлдээгээгүй билээ. Израйлын Бурхан Еховагийн тушааснаар амьсгалтай бүхнийг нь хиар цохижээ. 41  Иошуа Кадеш-барнеагаас Газ, Гошены бүх нутаг, хойшоо Гибеон хүртэл эзэлсэн юм. 42  Израйлын Бурхан Ехова израйлчуудын төлөө тулалдаж байсан учир Иошуа энэ бүх хааныг ялж, газар нутгийг нь нэг аян дайнаар эзэлжээ. 43  Ингээд Иошуа цэргүүдтэйгээ Гилгал дахь хуарандаа буцаж ирэв.

Зүүлт

Эсвэл «модонд»