Иошуа 11:1–23

  • Хойд зүгийн хотуудыг эзлэв (1-15)

  • Иошуагийн ялалтууд (16-23)

11  Хазорын хаан Иабин энэ тухай сонсмогцоо Мадоны хаан Иобаб, Шимроны хаан, Ахшафын хаан,  хойд зүгийн уулархаг нутгийн хаад, Хиннеретээс өмнө зүгт орших тал газар*, Шефела болон баруун зүг дэх Дорын өндөрлөгийн хаад,  зүүн, баруун зүгийн канаанчууд, уулархаг нутгийн аморичууд, хитчүүд, перизчүүд, иебусчууд, Мизпа дахь Хермоны бэлд суудаг хивичүүдэд хэл хүргүүлэв.  Иймээс тэд далайн эргийн элс мэт үй олон цэргээ дагуулаад асар олон морь, байлдааны тэрэгтэй хөдөлжээ.  Тэдгээр хаан уулзах газраа тохирч цуглаад Израйлтай тулалдахаар Меромын горхины дэргэд хуарагнав.  Тэгэхэд Ехова Иошуад «Тэднээс бүү ай. Би туслах учраас маргааш өдийд израйлчууд тэднийг ялж хөнөөнө. Чи морьдынх нь шөрмөсийг тасал, тэрэгнүүдийг нь галдан шатаа» гэж айлджээ.  Иймээс Иошуа бүх цэрэгтэйгээ Меромын горхины дэргэд тэдэн рүү гэнэдүүлэн дайрав.  Еховагийн ачаар израйлчууд тэднийг ялж Их Сидон, Мисрефот-маим, зүүн зүг дэх Мизпегийн хөндий хүртэл нэхэн хөөж, нэг ч хүн амьд үлдээлгүй устгалаа.  Иошуа Еховагийн тушаалыг ёсчлон биелүүлж морьдынх нь шөрмөсийг тасалж, тэрэгнүүдийг нь галдан шатаав. 10  Түүнчлэн Иошуа буцаж ирээд Хазорыг эзлэн авч хааныг нь илдээр хөнөөв. Учир нь Хазор тэдгээр хаадын нутагт хамгийн хүчирхэг хот байжээ. 11  Израйлчууд тэр хотынхныг илдээр хөнөөн хиар цохиж нэг ч хүнийг нь амьд үлдээгээгүй юм. Тэгээд Иошуа Хазорыг галдан шатаав. 12  Тэрбээр тэдгээр хаадын хотуудыг бүгдийг нь эзэлж хаадыг нь илдээр хөнөөжээ. Еховагийн үйлчлэгч Мосегийн тушааснаар ийнхүү тэднийг хиар цохисон юм. 13  Гэхдээ израйлчууд толгод дээрх хотуудаас Хазороос бусдыг нь шатаагаагүй. Иошуа ганцхан Хазорыг л шатаасан. 14  Израйлчууд эдгээр хотын эд зүйл, мал сүргийг олзолж авчээ. Гэхдээ бүх хүнийг нь илдээр хөнөөж нэгийг нь ч амьд үлдээгээгүй юм. 15  Ехова үйлчлэгч Моседоо тушаал өгсөн бөгөөд Мосе тэр бүх тушаалыг Иошуад уламжилжээ. Еховагийн Мосед тушаасан болгоныг Иошуа ёсоор нь гүйцэтгэжээ. 16  Иошуа энэ бүх нутгийг буюу уулархаг нутаг, Негевийн бүх нутаг, Гошены бүх нутаг, Шефела, Араба, Израйлын уулархаг нутгийг Шефелатай нь* эзэлсэн юм. 17  Ийнхүү Сеирийн харалдаах Халак уулаас Хермон уулын бэл дэх Ливаны хөндийн Баал-гадыг хүртэлх нутгийг эзэлжээ. Иошуа бүх хааныг нь олзлоод хөнөөсөн юм. 18  Тэрбээр эдгээр хаантай нэлээн урт хугацаанд дайн хийсэн билээ. 19  Хивичүүдийн оршин суудаг Гибеон хотынхноос бусад хотынхон израйлчуудтай найрамдаагүй бөгөөд израйлчууд тэдэнтэй дайтаж эзлэн авчээ. 20  Ехова тэднийг өршөөлгүйгээр устгахын тулд зөрүүдлэн муйхарласан чигээр нь орхисон юм. Тийм учраас тэд израйлчуудтай дайтжээ. Еховагийн Мосед тушаасан ёсоор тэднийг бүрмөсөн устгах учиртай байлаа. 21  Иошуа тэр үед Хеброн, Дебир, Анаб гээд Иудагийн бүх уулархаг нутаг, мөн Израйлын бүх уулархаг нутгаас анакчуудыг арчин зайлуулав. Иошуа тэднийг хиар цохиж, хотуудыг нь устгажээ. 22  Израйлын нутагт нэг ч анак хүн үлдээгүй юм. Харин Газ, Гат, Ашдодод л анакчууд үлдсэн ажээ. 23  Ийнхүү Иошуа Еховагийн Мосед амласанчлан энэ бүх нутгийг эзлэн авсан юм. Тэгээд газар нутгийг Израйлын овгуудад өв болгон хувааж өгөв. Ингээд тэр нутаг дайн дажингүй болжээ.

Зүүлт

Эсвэл «Араба»
Эсвэл «хаяа толгодтой нь»