Иошуа 12:1–24

  • Иорданы зүүн талын хаадын ялагдал (1-6)

  • Иорданы баруун талын хаадын ялагдал (7-24)

12  Израйлчууд Иорданы зүүн талд Арноны хөндийгөөс* хойшоо Хермон уул хүртэл, зүүн зүгт Арабагийн нутгийг бүхэлд нь эзэлж, хаадыг нь ялсан юм. 2  Аморичуудын хаан Сихон нь Хешбонд сууж, Арноны хөндийн захад орших Ароер, хөндийн дунд хэсгээс аммончуудын хил болдог Иаббокын хөндий* хүртэлх Гилеад нутгийн хагасыг захирдаг байлаа. 3  Мөн Арабагийн зүүн хэсгийг захирч байсан юм. Уг нутаг нь Хиннерет нуураас* Арабагийн тэнгис буюу Давст тэнгис*, зүүн зүгт Бет-иешимот, цаашлаад өмнө зүгт Писгагийн эгц налуу энгэр хүртэлхийг хамардаг. 4  Мөн Башаны хаан Ог нь рефаимчуудаас үлдсэн хүмүүсийн нэг бөгөөд Аштарот, Едрейд сууж, 5  Хермон уул, Салека, гешурчууд болон маакатчуудын хил хүртэлх Башаны бүх нутаг, Хешбоны хаан Сихоны газар нутаг хүртэлх Гилеад нутгийн хагасыг захирдаг байжээ. 6  Еховагийн үйлчлэгч Мосе болон израйлчууд тэднийг ялсан юм. Тэгээд Еховагийн үйлчлэгч Мосе тэр нутгийг реубенчүүд, гадчууд, Манассе овгийнхны хагаст эзэмшил болгон өгсөн билээ. 7  Иошуа болон израйлчууд Иорданы баруун талд Ливаны хөндий дэх Баал-гадаас Сеирийн харалдаах Халак уул хүртэлх нутгийн хаадыг ялав. Тэгээд Иошуа газар нутгийг нь Израйлын овгуудад эзэмшил болгон хувааж өгчээ. 8  Энэ нь уулархаг нутаг, Шефела, Араба, эгц налуу газрууд, цөл, Негев буюу хитчүүд, аморичууд, канаанчууд, перизчүүд, хивичүүд, иебусчуудын нутаг юм. Хаад нь:  9  Иерихогийн хаан, Бетелийн хажуугийн Аи хотын хаан, 10  Иерусалимын хаан, Хеброны хаан, 11  Иармутын хаан, Лахишийн хаан, 12  Еглоны хаан, Гезерийн хаан, 13  Дебирийн хаан, Гедерийн хаан, 14  Хормагийн хаан, Арадын хаан, 15  Либнагийн хаан, Адулламын хаан, 16  Маккедагийн хаан, Бетелийн хаан, 17  Таппуагийн хаан, Хеферийн хаан, 18  Афекийн хаан, Лашароны хаан, 19  Мадоны хаан, Хазорын хаан, 20  Шимрон-мероны хаан, Ахшафын хаан, 21  Таанахын хаан, Мегиддогийн хаан, 22  Кедешийн хаан, Кармел дахь Иокнеамын хаан, 23  Дорын өндөрлөг дэх Дорын хаан, Гилгал дахь Гойимын хаан, 24  Тирзагийн хаан буюу нийт 31 хаан байлаа.

Зүүлт

Эсвэл «сайраас»
Эсвэл «сайр»
Геннесарет буюу Галил нуур
Сөнөсөн тэнгис