Иошуа 14:1–15

  • Иорданы баруун талын нутгийг хуваав (1-5)

  • Калеб Хеброныг өвлөв (6-15)

14  Тахилч Елеазар, Нуны хүү Иошуа, Израйлын овгуудын эцгийн бүлүүдийн тэргүүнүүд Канааны эдгээр нутгийг израйлчуудад өв болгон өгсөн юм.  Еховагийн Мосед тушааснаар эдгээр нутгийг* есөн овог болон хагас овогт шавга хаян хувааж өгчээ.  Мосе нөгөө хоёр овог болон хагас овогт Иорданы зүүн талд өв өгсөн байсан юм. Харин левичүүдэд өв өгөөгүй билээ.  Иосефын үр удам нь Манассе, Ефраим гэсэн хоёр овог болжээ. Левичүүд оршин суух хотууд болон мал сүргээ бэлчээх газар авсныг эс тооцвол өөр хувь аваагүй юм.  Израйлчууд Еховагийн Мосед тушаасан ёсоор газар нутгийг хуваажээ.  Иудагийн эрчүүд Гилгалд Иошуа дээр ирэв. Кениз хүн Иефуннегийн хүү Калеб Иошуад «Жинхэнэ Бурхан Ехова Кадеш-барнеад та бид хоёрын тухай үйлчлэгч Моседоо юу гэж айлдсаныг та сайн мэднэ.  Еховагийн үйлчлэгч Мосе энэ нутгийг тандуулахаар намайг Кадеш-барнеагаас явуулахад би 40 настай байсан. Би харсан бүхнээ буцаж очоод үнэнээр нь ярьсан.  Надтай хамт явсан хүмүүс ард түмний зүрхийг үхүүлсэн ч би Ехова Бурхнаа хоёргүй сэтгэлээр дагасан.  Тэр өдөр Мосе: “Чи Ехова Бурхныг минь хоёргүй сэтгэлээр дагасан учраас чиний хөл тавьсан тэр газар чиний, бас үр удмын чинь үүрдийн өв болно” гэж тангарагласан билээ. 10  Израйлчуудыг цөлөөр явж байхад Ехова Мосед ингэж амласнаас хойш 45 жил өнгөрчээ. Би одоо 85 настай. Еховагийн амласан ёсоор, одоо ч амьд байна. 11  Би одоо ч Мосегийн намайг илгээсэн тэр өдрийнх шиг хүч тэнхээтэй байна. Дайтах ч бай, өөр юу ч хийх бай, тэр үеийнх шигээ чадалтай байна. 12  Тэгэхээр, надад өгнө гэж тэр өдөр Еховагийн амласан энэ уулархаг нутгийг одоо өгнө үү. Тэнд анакчууд бэхлэлт бүхий хотуудад байдгийг та тэр өдөр сонссон. Ехова надад гарцаагүй туслах учраас би тэднийг Еховагийн амласнаар хөөн зайлуулна» гэж хэлэв. 13  Иймээс Иошуа Иефуннегийн хүү Калебыг ерөөгөөд Хеброныг өв болгон өгчээ. 14  Хеброн нь өнөөг хүртэл Кениз хүн Иефуннегийн хүү Калебын өв хэвээрээ байгаа. Учир нь Калеб Израйлын Бурхан Еховад чин зүрхнээсээ дуулгавартай байсан юм. 15  Хеброныг урьд нь Кириат-арба гэдэг байжээ. (Арба нь анакчуудын дунд хамгийн нэр хүндтэй хүн байлаа.) Ингээд тэр нутаг дайн дажингүй болов.

Зүүлт

Үгч. «өвийг»