Иошуа 18:1–28
18 Тэгээд Израйлын чуулган Шилод хуран чуулж, тэндээ цугларалтын асар барьжээ. Тэд Канааны нутгийг эзэлж авсан байлаа.
2 Гэхдээ Израйлын долоон овог газраа* хувааж аваагүй байв.
3 Иймээс Иошуа израйлчуудад «Та нар өвөг дээдсийнхээ Бурхан Еховагийн өгсөн газрыг эзэмшихээс хэдий болтол хойш суух юм бэ?
4 Овог бүрээс гурван хүнийг сонго. Би тэднийг илгээе. Тэд газар нутгаар хөндлөн гулд яваад өвлөсөн газраа хуваахын тулд газрын зураг гаргаад над дээр буцаж ирэг.
5 Тэд газар нутгийг долоо хуваах ёстой. Иуда өмнө зүгт нутагтаа, Иосефын үр удам хойд зүгт нутагтаа хэвээрээ үлдэнэ.
6 Харин та нар газар нутгийг тодорхойлж бичээд газрыг долоо хуваагтун. Бичсэнээ над дээр авчир. Би та нарын төлөө Ехова Бурхныхаа өмнө шавга хаяна.
7 Гэхдээ левичүүд хувь хүртэхгүй. Учир нь Еховад тахилчаар үйлчлэх нь тэдний хувь юм. Манассе овгийнхны хагас, Гад, Реубен овог Еховагийн үйлчлэгч Мосегийн өгсөн, Иорданы зүүнтээх газар нутгийг аль хэдийн авсан билээ» гэж хэлжээ.
8 Газрыг тодорхойлж бичих эрчүүд явахаар зэхэв. Иошуа тэдэнд «Замд гарч, тэр нутгаар хөндлөн гулд явж, тодорхойлж бичээд над дээр буцаж ирэгтүн. Би энд, Шилод Еховагийн өмнө та нарын төлөө шавга хаяна» гэж хэлэв.
9 Тэгээд өнөөх эрчүүд замд гараад тэр нутгаар хөндлөн гулд явж, хотуудыг нь номд тодорхойлж бичжээ. Уг газрыг долоо хуваав. Дараа нь тэд Шило дахь хуаранд Иошуа дээр буцаж ирлээ.
10 Иошуа Шилод Еховагийн өмнө тэдний төлөө шавга хаяад оногдсон газрыг нь израйлчуудад хувааж өгчээ.
11 Бениамин овгийн ургуудын шавга буув. Тэдэнд шавгаар оногдсон газар нутаг нь Иудагийн үр удам болон Иосефын үр удмын газар нутгийн дунд байлаа.
12 Хойд хил нь Иорданоос эхэлж, Иерихогийн хойд бэл рүү өгсөөд баруун тийш уулархаг нутгаар өгсөн Бет-авены цөлд хүрнэ.
13 Тэндээсээ Луз буюу Бетел хүрээд өмнөд бэлээр нь өнгөрөн Доод Бет-хороны өмнө талд байдаг уулан дээрх Атарот-аддар луу уруудна.
14 Хил нь баруун тийш үргэлжлэн, Бет-хороны өмнө талд байдаг уулаар урагш эргэнэ. Тэгээд Иудагийн хот болох Кириат-баал буюу Кириат-иеаримд хүрнэ. Энэ бол баруун хил нь юм.
15 Өмнө талын хил нь Кириат-иеаримын захаас баруун тийш үргэлжилж, цаашлаад Нефтоагийн булаг хүрнэ.
16 Тэгээд Рефаимын хөндийн хойно, Хинномын хүүгийн хөндийн эсрэг талд орших уулын хормой руу уруудаад Хинномын хөндий, иебусчуудын өмнөд бэл, цаашлаад Ен-рогел руу уруудна.
17 Хил нь хойш үргэлжлэн, Ен-шемеш хүрээд Адуммимын өгсүүр газрын харалдаа байдаг Гелилот хүрч, Реубений хүү Боханы чулуу руу уруудна.
18 Тэгээд Арабагийн харалдаа байдаг уулын хойд бэл хүрээд Араба руу уруудна.
19 Уг хил Бет-хоглагийн хойд бэлийг өнгөрөөд өмнө зүгт Иорданы адагтай нийлдэг Давст тэнгисийн* хойд тохойд тулна. Өмнөд хил нь энэ юм.
20 Зүүн хил нь Иордан гол юм. Эдгээр нь Бениамин овгийн ургуудад өв болгож өгсөн газар нутгийн хил билээ.
21 Бениамин овгийн ургуудын хотууд нь: Иерихо, Бет-хогла, Емек-кезиз,
22 Бет-араба, Земараим, Бетел,
23 Аввим, Пара, Офра,
24 Хефар-аммони, Офни, Геба юм. Эдгээр 12 хот нь тосгодтойгоо байв.
25 Бас Гибеон, Рама, Беерот,
26 Мизпе, Хефира, Моза,
27 Рекем, Ирпеел, Тарала,
28 Зела, Ха-Елеф, Иебус буюу Иерусалим, Гибеа, Кириат хэмээх 14 хот нь тосгодтойгоо байв.
Эдгээр нь Бениамин овгийн ургуудын өв билээ.