Иошуа 2:1–24

  • Иошуа Иерихо руу 2 туршуул явуулав (1-3)

  • Рахаб туршуулуудыг нуув (4-7)

  • Рахабт өгсөн амлалт (8-21а)

    • Улаан уяаг тэмдэг болгон уях (18)

  • Туршуулууд Иошуа дээр буцаж ирэв (21б-24)

2  Нуны хүү Иошуа тэр нутгийг тандуулахаар хоёр эрийг Шиттимээс явуулав. Иошуа тэдэнд «Явж тэр нутгийг, ялангуяа Иерихог танд» гэхэд тэр хоёр явжээ. Тэд Рахаб гэгч янхан эмэгтэйн гэрт очиж буудаллав.  Иерихогийн хааны сонорт «Манай нутгийг тандахаар израйл эрчүүд орой ирсэн байна» гэсэн мэдээ хүрчээ.  Тэгээд Иерихогийн хаан: «Танайд ирсэн эрчүүдийг гаргаад ир. Тэд манай нутгийг бүхэлд нь тандахаар ирсэн байна» гэж Рахабт хэлүүлэв.  Харин Рахаб өнөөх хоёр эрийг нуужээ. Рахаб: «Манайд хүмүүс ирсэн нь үнэн. Гэхдээ хаанаас ирснийг нь би мэдсэнгүй.  Тэд харанхуйд, хотын хаалга хаагдах цаг болох гэж байхад явсан. Хаашаа явсныг нь би мэдэхгүй. Гэхдээ та нар даруйхан араас нь нэхвэл гүйцнэ» гэж хэлэв.  (Рахаб өнөөх эрчүүдийг дээвэр дээрээ гаргаж, овоолсон маалингын ишин дунд нуусан байжээ.)  Иймд хааны зарлагууд эрчүүдийн хойноос нэхэн Иорданы гармыг чиглэн явлаа. Тэднийг хотоос гармагц хотын дааман хаалгыг хаажээ.  Өнөөх эрчүүдийг унтахаас өмнө Рахаб дээвэр дээр гарч, тэдэн дээр очив.  Тэгээд тэдэнд «Ехова та нарт энэ нутгийг өгнө гэдгийг би мэдэж байна. Та нараас манай нутгийнхан их айж, бүгдээрээ зүрх алдаад байна. 10  Учир нь Ехова та нарыг Египетээс гаргахдаа Улаан тэнгисийн дундуур хуурай газраар явуулсныг, бас та нар Иорданы нөгөө талд* аморичуудын хоёр хаан Сихон, Огийг бүрмөсөн устгасныг бид дуулсан. 11  Бид энэ тухай дуулаад зүрх алдаж, бүгдээрээ та нараас айж байна. Яагаад гэвэл танай Ехова Бурхан бол дээр тэнгэр дэх, доор газар дахь Бурхан билээ. 12  Тэгэхээр одоо та хоёр надад Еховагаар тангараглана уу. Сайхан сэтгэл гаргасны минь* төлөө та нар манай гэрийнхэнд сайхан сэтгэл гаргаач*. Хэлсэндээ хүрнэ гэсэн тэмдэг өгнө үү. 13  Та нар миний эцэг эх, ах эгч, дүү болон ойр тойрных нь хүмүүсийг бүгдийг нь амьд үлдээгээч. Биднийг битгий үхүүлээч» гэж гуйжээ. 14  Тэгэхэд өнөөх эрчүүд: «Та нарыг аврахаа бид амиараа тангараглая! Хэрэв чи бидний тухай хүнд хэлэхгүй бол Ехова энэ нутгийг бидэнд өгөхөд бид та нарт сайхан сэтгэл гаргаж*, хэлсэндээ хүрнэ» гэжээ. 15  Тэгээд Рахаб өнөөх эрчүүдийг цонхоороо олсоор буулгав. Рахабын гэр хотын хэрмийн дээд хэсэгт байдаг ажээ. 16  Рахаб тэдэнд «Мөшгөгчдөд баригдахгүйн тулд уулархаг нутаг руу явж гурван өдөр нуугд. Тэднийг хотод буцаж ирэхээр нь яваарай» гэв. 17  Эрчүүд Рахабт ингэж хэлэв. «Ийм болзолтойгоор бид тангаргаа биелүүлье. 18  Биднийг энэ нутагт ирэхэд чи, бид хоёрыг буулгах гэж байгаа цонхноосоо энэ улаан уяаг уясан байх ёстой. Эцэг эх, ах дүү, гэрийнхнийгээ бүгдийг нь гэртээ цуглуулаарай. 19  Танай гэрээс хүн гарч явбал бид амийг нь хариуцахгүй. Бид гэм буруугүй байх болно. Харин гэрт чинь байгаа хүн амиа алдвал бид хариуцлага хүлээнэ. 20  Чи бидний тухай хүнд хэлбэл энэ тангараг хүчингүй болно» гэхэд 21  Рахаб: «Та нарын хэлснээр болог» гэж хариулав. Ингээд Рахаб тэднийг явуулжээ. Дараа нь цонхноосоо улаан уяаг уялаа. 22  Хоёр эр уулархаг нутаг руу явж, мөшгөгчдийг хот руу буцтал тэндээ гурван өдөр байв. Мөшгөгчид бүх замаар явж тэднийг хайсан боловч олсонгүй. 23  Харин хоёр тагнуул уулархаг нутгаас явж, гол гатлаад Нуны хүү Иошуа дээр очив. Тэд болсон бүх явдлыг Иошуад яриад 24  «Ехова тэр нутгийг бүхэлд нь бидэнд өгчээ. Тэр нутгийнхан бүгдээрээ биднээс болж зүрх алдаад байна» гэж хэлэв.

Зүүлт

Зүүн талд
Эсвэл «Би та нарыг үнэнчээр хайрласны»
Эсвэл «та нар манай гэрийнхнийг үнэнчээр хайрлаач»
Эсвэл «та нарыг үнэнчээр хайрлаж»