Иошуа 22:1–34

  • Зүүн зүгийн овгуудыг нутагт нь буцаав (1-8)

  • Иорданд тахилын ширээ босгов (9-12)

  • Тахилын ширээнийхээ учрыг тайлбарлав (13-29)

  • Маргаан шийдэгдэв (30-34)

22  Иошуа реубенчүүд, гадчууд, Манассе овгийнхны хагасыг дуудаж ирүүлээд  «Та бүхэн Еховагийн үйлчлэгч Мосегийн тушаасан бүхнийг биелүүлсэн, бас миний тушаасан бүхнийг биелүүлж үгийг минь дагасан.  Өнөөдрийг хүртэлх энэ бүх хугацаанд та нар ах дүүгээ орхилгүй, Ехова Бурхныхаа тушаалыг биелүүлсэн.  Ехова Бурхан тань амласан ёсоороо ах дүү нарыг тань амар тайван болголоо. Иймээс одоо, Еховагийн үйлчлэгч Мосегийн та нарт эзэмшүүлэхээр өгсөн Иорданы нөгөө тал* дахь нутаг руугаа буцаж, гэр гэртээ харигтун.  Еховагийн үйлчлэгч Мосегийн өгсөн хууль тушаалыг чанд сахиарай. Ингэхдээ Ехова Бурхнаа хайрлан, үргэлж хэм хэмжээг нь дагаж*, хууль тушаалыг нь сахин, Бурхандаа үнэнч байж, бүхий л зүрх сэтгэл, бүхий л амь амьдралаа* зориулж үйлчлээрэй» гэж захив.  Тэгээд Иошуа тэднийг ерөөгөөд явуулахад тэд гэр гэр лүүгээ явжээ.  Манассе овгийнхны хагаст Мосе Башанд өв өгсөн бөгөөд нөгөө хагаст нь Иошуа ах дүүсийнх нь дунд Иорданы баруун талд газар өгсөн юм. Иошуа тэднийг гэр лүү нь явуулахдаа ерөөгөөд  «Та бүхэн гэртээ асар их эд баялаг, мал сүрэг, алт мөнгө, зэс, төмөр, арвин их хувцастай очоорой. Дайснуудаасаа олзолсон юмнаасаа ах дүү дээрээ авч очоод хувааж аваарай» гэж хэлэв.  Тэгээд реубенчүүд, гадчууд, Манассе овгийнхны хагас нь Канаан нутгийн Шило дахь израйлчуудыг орхиод Еховагийн Мосегоор өгүүлсэн тушаал ёсоор эзэмшин суурьшсан Гилеад руугаа буцжээ. 10  Реубенчүүд, гадчууд, Манассе овгийнхны хагас нь Канаан дахь Иорданы бүс нутагт ирээд Иорданы дэргэд сүрлэг том тахилын ширээ босгожээ. 11  Дараа нь бусад израйлчууд «Реубенчүүд, гадчууд, Манассе овгийнхны хагас нь Иорданы бүс нутаг дахь Канааны хил дээр өөрсдөдөө харьяалагдах талд тахилын ширээ босгосон байна» гэсэн яриа дуулав. 12  Израйлын чуулганы бүх хүн үүнийг сонсоод тэдэнтэй дайтахаар Шилод цуглав. 13  Тэгээд тэд тахилч Елеазарын хүү Финехасыг Гилеадад суудаг реубенчүүд, гадчууд, Манассе овгийнхны хагас руу явууллаа. 14  Финехастай хамт Израйлын овог тус бүрээс нэг нэг буюу нийт 10 удирдагч явав. Тэд бүгд Израйлын мянгатуудын дундах эцгийн бүлүүдийн тэргүүнүүд ажээ. 15  Тэд Гилеадын нутагт хүрч реубенчүүд, гадчууд, Манассе овгийнхны хагас дээр очоод: 16  «Еховагийн чуулганы бүх хүн ийн хэлж байна. “Та нар ийм юм хийж Израйлын Бурханд үнэнч бус хандаж яаж чадав аа? Та нар өнөөдөр яагаад Еховагийн үгийг зөрчиж тахилын ширээ босгон Еховад тэрсэлж байгаа юм бэ? 17  Пеорт нүгэл үйлдсэн маань багадлаа гэж үү? Еховагийн чуулганд гамшиг нүүрлэсэн шүү дээ. Тэр нүглийн балгийг бид одоо ч амсаж байна. 18  Гэтэл та нар өнөөдөр Еховагийн үгийг зөрчих гэж байна! Хэрэв та нар өнөөдөр Еховад тэрсэлбэл тэрбээр маргааш Израйлын чуулганд хилэгнэнэ. 19  Та нар эзэмшил нутгаа бузар гээд ингэсэн юм бол Еховагийн асар оршдог, Еховагийн эзэмшлийн нутагт ирж бидний дунд амьдар. Еховад бүү тэрсэл. Бидний Бурхан Еховагийн тахилын ширээнээс өөр тахилын ширээг босгож биднийг бүү тэрслэгч болго! 20  Зерагийн ургийн Ахан бүрмөсөн устгах ёстой зүйлийг устгалгүй үнэнч бус загнахад Бурхан Израйлын чуулганыханд бүгдэд нь хилэгнээгүй гэж үү? Аханы нүглээс болж ганц Ахан ч биш, өөр олон хүн амиа алдсан”» гэж хэлэв. 21  Тэгэхэд реубенчүүд, гадчууд, Манассе овгийнхны хагас нь Израйлын мянгатуудын тэргүүнүүдэд 22  «Бурхдын Бурхан Ехова мэднэ! Бурхдын Бурхан Ехова л мэднэ! Израйлчууд ч бас мэдэх болно. Хэрэв бид Еховад тэрсэлж, үнэнч бус загнасан бол Бурхан биднийг өнөөдөр битгий авраг. 23  Бид Еховаг орхиж, шатаалт тахил, идээн өргөл, эвийн тахил өргөх гэж тахилын ширээ босгосон байх юм бол Ехова биднийг шийтгэг. 24  Тахилын ширээ босгосны маань учир гэвэл, хожим танай үр удам манай үр удамд “Та нар Израйлын Бурхан Еховатай ямар хамаатай юм бэ? 25  Реубенчүүд, гадчууд аа, та бидний хооронд Ехова Иорданоор хил заагласан. Та нар Еховатай ямар ч хамаагүй” гээд манай хөвгүүдээр Еховаг шүтүүлэхгүй байх вий гэж бодсон юм. 26  Иймээс бид тахилын ширээ босгохоор шийдсэн билээ. Гэхдээ шатаалт тахил, өргөл өргөхийн тулд босгоогүй. 27  Харин энэ тахилын ширээг та бидний хооронд, бас манай, танай хойч үеийнхний хооронд гэрч болоосой, мөн Еховад үйлчилж түүний өмнө шатаалт тахил, өргөл, эвийн тахил өргөнө гэдгийн маань баталгаа болоосой гэсэндээ босгосон юм. Хожим нь танай үр удмынханд “Та нар Еховатай ямар ч хамаагүй” гэж хэлэгдэхгүйн тулд тэгсэн билээ. 28  Тэд бидэнд, бас хожим манай үр удамд тийн хэлбэл хариуд нь “Манай эцэг өвгөд шатаалт тахил, өргөл өргөх гэж биш, харин та бидний хооронд гэрч болгохоор Еховагийн тахилын ширээг дуурайлган босгосныг нь хар” гэж хэлнэ гэж бодсон юм. 29  Бид Еховад тэрслэн өөр тахилын ширээ босгож Еховагаас нүүр буруулж яаж зүрхлэх билээ! Зөвхөн Ехова Бурхныхаа асрын өмнө байдаг тахилын ширээн дээр л шатаалт тахил, идээн өргөл, бусад тахилыг өргөнө» гэж хариулжээ. 30  Реубенчүүд, гадчууд, манассечуудын хэлсэн үгийг тахилч Финехас болон түүнтэй хамт явсан чуулганы удирдагчид буюу Израйлын мянгатуудын тэргүүнүүд сонсоод сэтгэл нь амарчээ. 31  Тэгээд тахилч Елеазарын хүү Финехас реубенчүүд, гадчууд, манассечуудад «Та нар Еховагаас урваагүй учраас Ехова бидэнтэй хамт байгаа нь өнөөдөр тодорхой боллоо. Та нар израйлчуудыг Еховагийн мутраас аварлаа» гэж хэлэв. 32  Ингээд тахилч Елеазарын хүү Финехас болон ахлагчид реубенчүүд, гадчуудыг орхин Гилеад нутгаас явж Канаан нутагтаа буцаж ирээд тэдний хэлснийг бусдадаа хэлжээ. 33  Үүнийг сонссон израйлчуудын сэтгэл амарч Бурхныг магтсан бөгөөд реубенчүүд, гадчуудын нутгийг сүйтгэх, дайтах талаар дахин нэг ч үг цухуйлгасангүй. 34  Иймээс реубенчүүд, гадчууд: «Ехова бол жинхэнэ Бурхан гэдгийг энэ тахилын ширээ бид бүхэнд гэрчилнэ» гээд тахилын ширээндээ нэр өгөв*.

Зүүлт

Зүүн тал
Эсвэл «заасан замаар нь явж»
Еврейгээр «нефеш». Үгийн тайлбараас «Амь»-ийг үзнэ үү.
Хам сэдвийг нь үзвэл, тэр тахилын ширээг Гэрч гэж нэрлэсэн бололтой.