Иошуа 4:1–24

  • Дурсгалын чулуунууд (1-24)

4  Израйл үндэстэн Иорданыг гаталж дуусмагц Ехова Иошуад хандан  «Овог бүрээс нэг нэг буюу нийт 12 эрийг сонгож  тэдэнд “Иордан голын дундаас, тахилчдын зогсож байгаа газраас 12 чулуу авч зөөгөөд хоноглох газраа аваачиж тавь” гэж тушаа» хэмээв.  Тэгээд Иошуа Израйлын овог бүрээс нэг нэг буюу нийт 12 сонгосон эрээ дуудаад  тэдэнд «Иордан голын дунд очиж Ехова Бурхныхаа авдрын урдаас Израйлын овгийн тоогоор буюу хүн бүр нэг чулуу аваад мөрөн дээрээ тавьж авчир.  Эдгээр чулуу та нарт дурсгал болно. Хожим танай хүүхдүүд: “Энэ юун чулуунууд вэ?” гэж асуувал  “Еховагийн гэрээний авдрыг авч Иорданыг гатлахад авдрын өмнө Иорданы ус урсахаа больсон юм. Эдгээр чулууг хараад Израйлын ард түмэн үүнийг мөнхөд дурсан санана” гэж хэлээрэй» гэв.  Иймээс тэд Иошуагийн тушааснаар хийжээ. Еховагийн Иошуад өгсөн зааврын дагуу Иордан голын дундаас Израйлын овгийн тоогоор 12 чулуу аваад хонох газраа аваачиж тавьсан юм.  Мөн Иошуа гэрээний авдрыг дамнаж явсан тахилчдын зогсож байсан газарт, Иордан голын дунд 12 чулуу тавьсан юм. Эдгээр нь өнөөг хүртэл тэнд байгаа билээ. 10  Ард олныг Еховагийн Иошуагаар хэлүүлсэн бүхнийг биелүүлж дуустал авдрыг дамнан яваа тахилчид Иордан голын дунд зогссоор байв. Ийн үйлдэхийг Мосе бас Иошуад тушаасан билээ. Ард олон яаран гаталсан юм. 11  Бүх хүнийг гаталж дуусмагц Еховагийн авдрыг дамнан яваа тахилчид тэдний нүдэн дээр гатлав. 12  Мосегийн тушаасан ёсоор реубенчүүд, гадчууд, Манассе овгийнхны хагас бусдынхаа урд, тулалдахад бэлэн байдалтай гаталжээ. 13  Зэвсэглэсэн 40 000 орчим цэрэг Иерихогийн цөлд очихоор Еховагийн гэрээний авдрын урд гатлав. 14  Тэр өдөр Ехова Иошуаг Израйлын бүх хүний өмнө өргөмжилжээ. Тэд Мосег гүнээ хүндэлж байсан шигээ Иошуаг ч насан туршид нь гүнээ хүндэлсэн юм. 15  Ехова Иошуад хандан 16  «Гэрчлэлийн авдрыг* дамнан яваа тахилчдад Иордан голоос гарахыг тушаагтун» гэжээ. 17  Иймээс Иошуа тахилчдад «Иордан голоос гарагтун» гэж тушаажээ. 18  Еховагийн гэрээний авдрыг дамнан яваа тахилчид Иордан голын дундаас гарч, хөлийнх нь ул хуурай газар хүрэхэд Иорданы ус дахин урсаж өмнөх шигээ эргээ халив. 19  Ард олон эхний сарын аравны өдөр Иорданыг гаталж, Иерихогийн зүүн хил дээрх Гилгалд хуарагнан буув. 20  Иорданоос авсан 12 чулууг Иошуа Гилгалд тавьжээ. 21  Тэгээд Иошуа израйлчуудад «Хожим танай хүүхдүүд: “Энэ юун чулуунууд вэ?” гэж асуувал 22  та нар хүүхдүүддээ “Израйлчууд Иорданы хуурай ёроолоор явж, нөгөө талд нь гарч байсан юм. 23  Тэднийг Иордан голын нөгөө талд гарч дуустал Ехова Бурхан маань голын урсгалыг зогсоосон. Ехова Бурхан маань өмнө нь бас ард түмнээ Улаан тэнгисийг гаталж дуустал тэнгисийн усыг хоёр хувааж байсан билээ. 24  Ехова эдгээрийг үйлдсэн нь хэчнээн хүчирхэг гэдгийг нь дэлхийн бүх хүн мэдээсэй, та нарыг Ехова Бурхнаасаа эмээж яваасай гэснийх юм шүү” гэж хэлээрэй» хэмээн захив.

Зүүлт

Гэрээний авдрыг бас ингэж хэлдэг.