Иошуа 8:1–35

  • Аи хотыг отов (1-13)

  • Аиг эзлэв (14-29)

  • Ебал уулан дээр Хуулийг уншив (30-35)

8  Ехова Иошуад «Бүү ай, бүү зүрх алд. Бүх цэргээ авч Аи руу довтлохоор яв. Би Аин хааныг ард олон, хот, газар нутагтай нь чиний мэдэлд өгсөн.  Иерихог хаантай нь устгасан шигээ Аиг хаантай нь устгагтун. Харин та нар мал сүрэг, эд зүйлсийг нь олз болгон авч болно. Хотын ар талд отоцгоо» гэжээ.  Ингээд Иошуа Аиг эзлэхээр бүх цэрэгтэйгээ хөдлөв. Тэрбээр 30 000 хүчит дайчныг сонгоод шөнөөр илгээжээ.  Иошуа тэдэнд «Хотын ар талд отоцгоо. Хотоос хэтэрхий холдолгүй, дайрахад бэлэн байгаарай.  Харин би хамт байгаа хүмүүстэйгээ хот руу ойртож очно. Аин хүмүүсийг урьдынх шигээ бидний өөдөөс гарч ирэхээр бид ухарна.  Тэд: “Израйлчууд урьдын адил биднээс зугтаж байна” гээд биднийг нэхэн хөөнө. Бид тэднийг хотоос холдтол ухрах юм.  Тэгэхээр нь та нар отож байгаа газраасаа босож, хотыг эзэл. Ехова Бурхан тань энэ хотыг та нарт өгнө.  Хотыг эзэлмэгцээ гал тавь. Еховагийн айлдсанчлан үйлдэгтүн. Би та нарт ийн тушааж байна» гэжээ.  Тэгээд Иошуа тэднийг илгээхэд тэд отох газар луугаа явав. Тэд Аи хотоос баруун зүгт буюу Бетел, Аи хоёрын хооронд байраа эзлэв. Харин Иошуа цэргүүдтэйгээ хонолоо. 10  Тэрбээр өглөө эрт босоод цэргүүдээ цуглуулав. Иошуа болон Израйлын ахлагчид цэргүүдийг удирдан Аи руу хөдөлжээ. 11  Иошуатай хамт явсан бүх цэрэг Аи хотыг чиглэн явсаар хойд зүгт нь хуарагналаа. Аи хот болон тэдний хооронд хөндий байв. 12  Иошуа хотоос баруун зүгт, Бетел, Аи хоёрын хооронд дайсныг отуулахаар 5 000 орчим эрийг тавьсан байлаа. 13  Ийнхүү ихэнх хүн хотоос хойд зүгт хуарагнаж, бусад нь хотоос баруун зүгт отон, Иошуа тэр шөнө өнөөх хөндий рүү явжээ. 14  Аин хаан израйлчуудыг хармагцаа тэдэнтэй тулалдахаар хотынхоо эрчүүдтэй хамт цөлийн харалдаах нэгэн газар луу өглөө эрт яаран хөдлөв. Гэвч хотын ар талд хүмүүс отож байгааг мэдсэнгүй. 15  Аин эрчүүдийг довтлоход Иошуа болон израйлчууд бүгдээрээ цөл рүү хүргэдэг замаар зугтав. 16  Тэгэхэд хотод үлдсэн эрчүүд бүгдээрээ израйлчуудыг нэхэн хөөхөөр дайчлагдсан ба тэд Иошуаг хөөсөөр хотоосоо холджээ. 17  Аи болон Бетелд нэг ч эр хүн үлдсэнгүй. Бүгд израйлчуудын араас явсан ажээ. Тэд хотоо хамгаалалтгүй орхиод израйлчуудыг нэхэн хөөсөн юм. 18  Тэгэхэд Ехова Иошуад «Аиг би чиний мэдэлд өгөх учраас барьсан жадаа Аи руу сунга» гэж айлдав. Иймд Иошуа жадаа хотын зүг сунгалаа. 19  Түүнийг гараа сунгах тэр агшинд отогчид байрнаасаа босож, хот руу гүйн ороод эзэлж авмагцаа гал тавилаа. 20  Аин эрчүүд эргэж хартал хотоос нь утаа тэнгэр өөд олгойдож байлаа. Тэд хаашаа ч зугтах аргагүй болов. Тэгтэл цөл рүү зугтаж яваа хүмүүс эргэж тэдэн рүү довтолжээ. 21  Ийнхүү Иошуа болон цэргүүд нь отогчид хотыг эзэлснийг, хотоос утаа олгойдож байгааг хараад эргэж Аин эрчүүд рүү довтолсон юм. 22  Хотыг эзэлсэн хүмүүс ч Аин эрчүүд рүү довтлохоор хотоос гарч ирлээ. Ингээд Аин эрчүүд хоёр талаасаа израйлчуудад бүслэгдэж урхинд орох нь тэр. Израйлчууд нэг ч хүн зугтаалгалгүй бүгдийг нь хөнөөв. 23  Гэхдээ Аин хааныг амьдаар нь барьж Иошуа дээр авчирчээ. 24  Израйлчууд өөрсдийг нь нэхэн хөөсөн Аин бүх хүнийг цөлд хядаж, нэгийг нь ч үлдээлгүй илдээр хөнөөлөө. Тэгээд Аи хотод буцаж ирээд бүх хүнийг нь илдээр хөнөөв. 25  Тэр өдөр эрэгтэй, эмэгтэй бүх хүнийг нь буюу 12 000 хүнийг хөнөөсөн юм. 26  Иошуа Аин хүмүүсийг бүгдийг нь устгатлаа жад барьсан гараа буулгасангүй. 27  Израйлчууд Еховагийн Иошуад тушааснаар хотын мал сүрэг, эд зүйлсийг олз болгон авсан юм. 28  Тэгээд Иошуа Аиг шатааж нуранги болгожээ. Тэр нь өнөөг хүртэл байдаг. 29  Иошуа Аин хааны цогцсыг шонд* өлгөж орой болтол байлгажээ. Тэгээд нар жаргахын алдад шонгоос буулгахыг тушаав. Тэд цогцсыг хотын хаалганы өмнө хаяад дээр нь чулуугаар том овоо босгожээ. Тэр овоо өнөөг хүртэл тэнд байдаг. 30  Тэгээд Иошуа Израйлын Бурхан Еховад зориулж Ебал уулан дээр тахилын ширээ босгов. 31  Еховагийн үйлчлэгч Мосегийн израйлчуудад тушаасанчлан, Мосегийн хуулийн номд «Төмөр багажаар засаагүй чулуугаар тахилын ширээ босго» гэж бичсэнчлэн тахилын ширээ босгосон билээ. Тэд түүн дээр Еховад зориулж шатаалт тахил, эвийн тахилыг өргөжээ. 32  Тэгээд Иошуа, израйлчуудын өмнө Мосегийн бичсэн Хуулийг чулуунууд дээр хуулж бичсэн юм. 33  Израйлчууд ахлагчид, удирдагчид, шүүгчидтэйгээ Еховагийн гэрээний авдрын хоёр талд, авдрыг дамнан яваа леви тахилчдын өөдөөс харан зогсож байв. Харийн хүмүүс израйлчуудтай хамт тэнд байлаа. Израйлын ард олныг ерөөхөөр (Еховагийн үйлчлэгч Мосегийн өмнө нь тушаасанчлан) ард олны хагас нь Геризим уулын өвөрт, нөгөө хагас нь Ебал уулын өвөрт зогсов. 34  Дараа нь Иошуа Хуулийн бүх үгийг, ерөөл хараалтай нь, Хуулийн номд бичсэн тэр чигээр нь чангаар уншлаа. 35  Иошуа эмэгтэйчүүд, хүүхдүүд, израйлчуудын дунд суурьшсан харийнхан гээд Израйлын хурлын өмнө Мосегийн тушаасан бүхнээс нэг ч үг орхилгүй, чангаар уншлаа.

Зүүлт

Эсвэл «модонд»