Иошуа 9:1–27

  • Ухаалаг гибеончууд найрамдахаар ирэв (1-15)

  • Гибеончуудын худал ярьсныг мэдэв (16-21)

  • Гибеончууд түлээ бэлтгэгч, ус зөөгч болов (22-27)

9  Иорданы баруун талд буюу уулархаг нутагт, Шефелад, Их тэнгисийн* эрэг дагуу, Ливаны урд оршин суудаг хитчүүд, аморичууд, канаанчууд, перизчүүд, хивичүүд, иебусчуудын хаад болсон явдлыг дуулаад  Иошуа болон израйлчуудтай тулалдахаар нэгдэв.  Иошуа Иерихо болон Аиг устгасныг Гибеоны оршин суугчид бас дуулжээ.  Тэгээд тэд ухаан зарж, элэгдэж хуучирсан шуудайнд хоол хүнс хийж, мөн зад тавиад нөхсөн тулмыг илжгэндээ ачлаа.  Бас нөхөөстэй элэгдсэн шаахай, хуучирч элэгдсэн хувцас өмсөж, хатаж үйрсэн талх авч явлаа.  Тэд Гилгал дахь хуаранд байсан Иошуа дээр очоод түүнд болон Израйлын эрчүүдэд «Бид алс холын нутгаас ирлээ. Бидэнтэй гэрээ байгуулаач» гэж гуйв.  Гэвч Израйлын эрчүүд хивичүүдэд «Та нар бидэнтэй ойрхон амьдардаг юм биш биз? Хэрвээ тийм бол юу гэж та нартай гэрээ байгуулах юм бэ?» гэжээ.  Тэд Иошуад «Бид бол таны боол» гэж хэлэв. Тэгэхэд нь Иошуа: «Та нар юун хүмүүс вэ? Хаанаас ирэв?» гэж асуухад  тэд: «Таны боол бид Ехова Бурхны тань нэр алдрыг биширч алс холын нутгаас ирлээ. Яагаад гэвэл бид түүний алдар цуу болон Египетэд үйлдсэн бүхнийх нь талаар сонссон юм. 10  Мөн түүнийг Иорданы нөгөө талд* байсан аморичуудын хоёр хаан болох Хешбоны хаан Сихон, Аштаротод байсан Башаны хаан Огийг устгасныг дуулсан. 11  Иймээс манай ахлагчид, манай нутгийнхан бидэнд “Замын хоол хүнсээ аваад тэдэнтэй уулзахаар яв. Тэгээд тэднээс «Бид танай боол болъё, бидэнтэй гэрээ байгуулаач» гэж гуйгаарай” гэж захисан юм. 12  Биднийг гэрээсээ гарсан өдөр энэ талх халуунаараа байсан. Харин одоо хатаж үйрснийг нь хар даа. 13  Бас дарсаар дүүргээд авч гарсан энэ туламнууд шинээрээ байсан. Харин одоо зад тавьчихаад байна. Аян замын уртад хувцас, шаахай маань ч элэгдээд байна» гэж хэлэв. 14  Тэгэхэд нь Израйлын эрчүүд хоол хүнсийг нь шалгаж үзжээ. Гэхдээ Еховагаас лавлаж асуусангүй. 15  Ингээд Иошуа тэдэнтэй найрамдаж, амьд үлдээнэ гэж гэрээ байгуулав. Чуулганы ахлагчид ч мөн тэгж тангараглажээ. 16  Тэд гэрээ байгуулснаасаа хойш гурван өдрийн дараа гибеончуудыг ойрхон амьдардгийг нь мэдэв. 17  Тэгээд израйлчууд замд гарч гурав дахь өдрөө тэдний нутагт иржээ. Тэдний хотууд нь Гибеон, Хефира, Беерот, Кириат-иеарим байв. 18  Гэхдээ израйлчууд тэдэн рүү довтолсонгүй. Яагаад гэвэл чуулганы ахлагчид Израйлын Бурхан Еховагаар тэдэнд тангарагласан билээ. Иймд израйлчууд ахлагчдад дургүйцэн гомдоллов. 19  Тэгэхэд нь бүх ахлагч: «Нэгэнт бид Израйлын Бурхан Еховагаар тэдэнд тангарагласан учир тэдэнд хор хүргэж болохгүй. 20  Тэднийг амьд үлдээе. Эс бөгөөс Бурхан тангаргаас маань болж бидэнд хилэгнэнэ» гэжээ. 21  Тэгээд цааш нь «Тэднийг амьд үлдээгээд чуулганыхны түлээ бэлтгэгч, ус зөөгч болгоё» гэж хэлэв. Ахлагчид гибеончуудын хэргийг ингэж шийджээ. 22  Иошуа гибеончуудыг дуудаж ирүүлээд «Та нар ойрхон амьдардаг мөртлөө “Бид алс холын нутгаас ирлээ” гэж яаж биднийг мэхлэж чадав аа? 23  Та нар хараагдсан. Үүнээс хойш та нар Бурхны маань өргөөний түлээг бэлтгэж, ус зөөн үргэлж боол байна» гэж хэлэв. 24  Тэд Иошуад «Ийм учиртай юм аа. Ехова Бурхан тань энэ бүх нутгийг та нарт өгч, оршин суугчдыг нь устга гэж үйлчлэгч Моседоо тушаасныг боолууд тань дуулсан билээ. Тэгээд биднийг хөнөөх вий гэж айсандаа тэгж хэлсэн юм. 25  Бид таны мэдэлд байна. Та зөв, сайн гэж үзсэнээ бидэнд үйлдэнэ үү» гэж хэлэв. 26  Иошуа түүнчлэн үйлджээ. Тэрбээр гибеончуудыг израйлчуудаас аварч, израйлчууд ч гибеончуудыг устгаагүй юм. 27  Гэлээ ч Иошуа тэр өдөр тэднийг Еховагийн сонгох газар дахь тахилын ширээ болон чуулганыхны түлээ бэлтгэгч, ус зөөгч болгов. Тэд өнөөг хүртэл энэ ажлаа хийж байна.

Зүүлт

Газар дундын тэнгис
Зүүн талд