Левит 10:1–20

  • Еховагийн буулгасан гал Надаб, Абихуг хөнөөв (1-7)

  • Идэж уух талаар тахилчдад өгсөн тушаал зарлиг (8-20)

10  Дараа нь Аароны хөвгүүд болох Надаб Абиху хоёр галын гаргуулаа аваад дотор нь цог хийж дээр нь утлагыг тавив. Тэгээд түүнийгээ Еховад өргөжээ. Тэд Бурхны тушаасны дагуу хийгээгүй юм.  Тэгтэл Ехова гал буулган тэднийг шатаасанд тэд Еховагийн өмнө үхэв.  Мосе Ааронд «Ехова ингэж айлдаж байна. “Миний асарт ойртож ирдэг хүмүүс намайг ариун гэдгийг санах ёстой бөгөөд бүх хүн намайг алдаршуулах учиртай юм”» гэлээ. Тэгэхэд нь Аарон чимээгүй байв.  Мосе Аароны хамаатан Уззиелийн хөвгүүд болох Мишаел Елзафан хоёрт «Нааш ир, ах дүүгээ ариун газраас холдуулж хуарангийн гадна аваач» гэлээ.  Тэгэхэд нь тэд очоод Мосегийн хэлснээр ах дүүгээ тахилчийн өмсгөлтэй чигээр нь хуарангийн гадна аваачив.  Мосе Ааронд болон Аароны хоёр хүү Елеазар Итамар нарт «Та нар үсээ бүү сэгсийлгэ, хувцсаа бүү ур. Эс тэгвээс та нар үхнэ. Бас Бурхан хамаг чуулганы эсрэг хилэгнэнэ. Еховагийн шатааж алсан хүмүүсийн хойноос ах дүү нар чинь болох Израйлын хамаг чуулган уйлан гашуудна.  Харин та нарын толгой Еховагийн тосолгооны тостой учраас цугларалтын асрын үүднээс холдож болохгүй. Холдвол үхнэ» гэжээ. Иймээс тэд Мосегийн хэлснийг биелүүлэв.  Дараа нь Ехова Ааронд  «Чи ч, хамт байгаа хөвгүүд чинь ч цугларалтын асар луу орохдоо дарс юм уу өөр ямар ч согтууруулах ундаа ууж болохгүй. Уувал үхнэ. Энэ бол та нарын үе уламжлан сахих ёстой зарлиг юм. 10  Үүний үрээр та нар ариун болон бузрыг, цэвэр болон цэвэр бусыг ялгаж салгаж чадна. 11  Бас Еховагийн Мосегоор хэлүүлсэн бүх тушаал зарлигийг израйлчуудад заах чадвартай байх юм» гэлээ. 12  Мосе Ааронд болон үлдсэн хоёр хүү нь болох Елеазар Итамар нарт «Еховад шатаан өргөсөн өргөлүүдээс үлдсэн идээн өргөлийг аваад исгээгүй талх хийж тахилын ширээний ойрхон ид. Яагаад гэвэл энэ нь маш ариун юм. 13  Та нар үүнийг ариун газар идэх ёстой. Энэ нь Еховад шатаан өргөх өргөлүүдээс таны, бас хөвгүүдийн тань хувь учраас тэр юм. Та нарт ингэж хэлэхийг Бурхан надад тушаасан. 14  Та хамт байгаа хөвгүүд охидтойгоо бас даллах өргөлийн өвчүү, ариун хэсэг болох гуяыг бузартаагүй газар идэгтүн. Яагаад гэвэл эдгээр нь израйлчуудын эвийн тахилуудаас таны, мөн хөвгүүдийн тань хувь юм. 15  Тэд Еховад даллах өргөл өргөхийн тулд танд, хөвгүүдэд тань ариун хэсэг болох гуя, даллах өргөлийн өвчүүг шатаан өргөх өөхнүүдтэй авчирч өгнө. Еховагийн тушааснаар өвчүү, гуя нь таны болон хөвгүүдийн тань байнга авах хувь болно» гэжээ. 16  Дараа нь Мосе нүглийн төлөөх тахилын ямааны талаар асууж нягтлахад юу ч үлдээлгүй шатаачихсан байлаа. Тиймээс Мосе Аароны үлдсэн хоёр хүү болох Елеазар Итамар нарт уурлаж 17  «Та нар яагаад ариун газар нүглийн төлөөх тахилыг идээгүй юм бэ? Чуулганы алдаа зөрчлийг зайлуулж, Еховагийн өмнө нүглийг нь уучлуулахын тулд та нарт өгсөн маш ариун зүйл шүү дээ. 18  Цусыг нь ч ариун газар луу авч ороогүй байна. Та нар миний тушааснаар махыг нь ариун газар идэх ёстой байсан юм» гэлээ. 19  Аарон Мосед «Тэд Еховагийн өмнө нүглийн төлөөх тахил, шатаалт тахилыг өргөсөн. Гэхдээ би махнаас нь идэж зүрхлээгүй. Өнөөдөр надад юу тохиолдсоныг та мэднэ шүү дээ. Нүглийн төлөөх тахилаас идсэн бол Еховад таалагдах байсан гэж үү?» гэв. 20  Мосе үүнийг сонсоод Аароныг ойлгов.

Зүүлт