Левит 13:1–59

  • Уяман өвчинтэй хамаатай заавар (1-46)

  • Хувцсан дээрх уяман (47-59)

13  Тэгээд Ехова Мосе Аарон хоёрт  «Хэрэв хүний арьс хавдаж, шархалж эсвэл арьсан дээр нь толбо гарч, улмаар уяман* өвчин тусвал тэр хүнийг тахилч Аарон юм уу тахилч хөвгүүдийнх нь нэг дээр аваачих ёстой.  Тахилч арьсных нь үрэвслийг үзнэ. Хэрэв үрэвсэлтэй хэсгийнх нь үс цайж, арьсныхаа цаана үрэвссэн байвал энэ нь уяман өвчин юм. Тахилч үрэвслийг нь үзээд тэр хүнийг бузартсан гэж зарлана.  Хэрэв арьсан дээрх толбо нь цагаан, арьсны өнгөн хэсэгт л гарсан, дээрх үс нь цайгаагүй байвал тахилч халдвартай хүнийг долоон хоног тусгаарлана.  Тахилч долоо дахь өдөр нь шалгаж үзнэ. Нэмж үрэвсээгүй, арьсан дээгүүр нь тархаагүй байвал тэр хүнийг дахин долоон хоног тусгаарлана.  Долоо дахь өдөр нь тахилч дахин шалгаж үзнэ. Тэгэхэд үрэвсэлгүй болж, арьсан дээгүүр нь тархаагүй, ярны хогжруу төдий байвал тэр хүнийг цэвэр гэж зарлана. Тэр хүн хувцсаа угаагаад цэвэр болно.  Харин тахилч түүнийг цэвэр гэж тодорхойлсны дараа халдварт үрэвсэл арьсан дээгүүр нь тархвал тэр хүн дахиад* тахилчид үзүүлэх ёстой.  Тахилч үзэхэд халдварт үрэвсэл арьсан дээгүүр нь тархсан байвал тахилч тэр хүнийг бузартсан гэж зарлана. Энэ нь уяман өвчин мөн.  Уяман өвчин нь даамжирсан хүнийг тахилч дээр аваачих бөгөөд 10  тахилч тэр хүнийг үзнэ. Арьсан дээрх хавдар нь цагаан, дээрх үс нь цайсан, шархалсан харагдаж байвал 11  архаг уяман юм. Тахилч тэр хүнийг бузартсан гэж зарлана. Бузартсан учраас дахин ажиглах гэж хөл хорих шаардлагагүй. 12  Хэрэв хүний бүх бие дээгүүр уяман өвчин тархан, толгойноос хөлийн ул хүртэл бүрхсэн нь тахилчид харагдахуйц байвал 13  тахилч тэр хүнийг сайтар үзнэ. Уяман өвчин бүх биеэр нь тархсан байвал тахилч тэр хүнийг цэвэр* гэж зарлах ёстой. Бүх арьс нь цагаан болсон учраас тэр хүн цэвэр юм. 14  Харин дахиад шархалбал бузартана. 15  Тахилч шархлааг нь үзээд шархлааных нь улмаас тэр хүнийг бузартсан гэж зарлах ёстой. Энэ нь уяман өвчин мөн. 16  Харин шархлаа нь эргээд цагаан болбол тэр хүн тахилч дээр очно. 17  Тахилч үзээд шархлаа нь цагаан болсон байвал тэр хүнийг цэвэр гэж зарлана. Тэр хүн цэвэр юм. 18  Хүний бие дээр идээт яр гараад эдгэсэн ч 19  ормон дээр нь цагаан товруу гарах юм уу цайвар ягаан толбо үүсвэл тэр хүн тахилчид үзүүлэх ёстой. 20  Тахилчийг үзэхэд арьсныхаа цаана үрэвсэлтэй, дээрх үс нь цайсан байвал тэр хүнийг бузартсан гэж зарлана. Энэ нь идээт ярны ормон дээр гарсан уяман өвчин юм. 21  Хэрэв тахилч үзэхэд үс нь цайгаагүй, арьсны гүнд ороогүй, бүдгэрсэн харагдвал тахилч тэр хүнийг долоон хоног тусгаарлана. 22  Харин арьсан дээгүүр нь тархвал тахилч тэр хүнийг бузартсан гэж зарлана. Энэ бол халдварт өвчин юм. 23  Хэрэв толбо тархалгүй, нэг л газраа байвал энэ нь идээт ярнаас үлдсэн үрэвсэл төдий бөгөөд тахилч тэр хүнийг цэвэр гэж зарлах ёстой. 24  Хэрэв хүн түлэнхийн шархтай байгаад дээр нь цайвар ягаан юм уу цагаан толбо үүсвэл 25  тахилч үзнэ. Дээрх үс нь цайсан, арьсныхаа цаана үрэвсэлтэй байвал энэ нь шархан дээр гарсан уяман өвчин юм. Тахилч тэр хүнийг бузартсан гэж зарлана. Энэ нь уяман өвчин мөн. 26  Хэрэв тахилч үзэхэд дээрх үс нь цайгаагүй, толбо арьсны өнгөн хэсэгт л үлдэж, бүдгэрсэн харагдвал тахилч тэр хүнийг долоон хоног тусгаарлана. 27  Тахилч долоо дахь өдөр нь үзээд толбо арьсан дээгүүр нь тархсан байвал тэр хүнийг бузартсан гэж зарлана. Энэ бол уяман өвчин юм. 28  Харин толбо нь тархаагүй, бүдгэрсэн, нэг газраа байвал энэ нь цэврүү, үрэвсэл төдий учраас тахилч тэр хүнийг цэвэр гэж зарлана. 29  Эрэгтэй юм уу эмэгтэй хүний толгой эсвэл эрүүн дээр нь үрэвсэлтэй юм гарвал 30  тахилч үзнэ. Арьс нь цаанаа үрэвссэн, толгойн үс, сахал нь шарлаж нарийсаад хуйх, сахлын халдварт өвчин туссан байвал тахилч тэр хүнийг бузартсан гэж зарлана. Энэ нь толгой, эрүүний уяман өвчин юм. 31  Хэрэв тахилч үзэхэд цаанаа үрэвсээгүй, дээр нь ямар ч хар үс үзэгдэхгүй байвал тэр халдвартай хүнийг долоон хоног тусгаарлах ёстой. 32  Долоо дахь өдөр нь тахилч шалгаж үзнэ. Тэгэхэд үрэвсэл нь томроогүй, шар үс байхгүй, цаанаа үрэвссэн харагдахгүй бол 33  өнөөх хүн үрэвссэн хэсгээ тойруулаад хусах ёстой. Тахилч тэр халдвартай хүнийг долоон хоног тусгаарлана. 34  Долоо дахь өдөр нь тахилч дахин үрэвслийг нь шалгаж үзнэ. Тэгэхэд хуйх, сахлынх нь үрэвсэл арьсан дээгүүр нь халдварлаж тархаагүй, цаанаа үрэвссэн харагдахгүй бол тэр хүнийг цэвэр гэж зарлана. Тэр хүн хувцсаа угаагаад цэвэр болно. 35  Харин цэвэр гэж тооцогдсоных нь дараа халдварт үрэвсэл арьсан дээгүүр нь тархвал 36  тахилч үзнэ. Хэрэв халдварт үрэвсэл арьсан дээгүүр нь тархсан байвал тэр хүн бузартсан гэсэн үг учраас тахилч шар үс байгаа эсэхийг нь үзэх шаардлагагүй. 37  Харин үрэвсэл нь томроогүй, дээр нь хар үс ургасан байвал эдгэсэн гэсэн үг. Тэр хүн цэвэр бөгөөд тахилч тэр хүнийг цэвэр гэж зарлана. 38  Эрэгтэй юм уу эмэгтэй хүний арьс цагаан толбонуудтай болбол 39  тахилч үзнэ. Хэрэв толбонууд нь бүдэг цайвар бол энэ нь арьсан дээрх тууралт төдий учраас тэр хүн цэвэр. 40  Эрэгтэй хүний үс нь унаж, халзарсан ч тэр хүн цэвэр. 41  Зулайных нь үс халзарсан ч цэвэр. 42  Гэтэл халзарсан хуйх юм уу зулай дээр нь цайвар ягаан шарх үүсвэл энэ нь хуйх, зулай дээрх уяман юм. 43  Халзарсан хуйх юм уу зулай дээрээ цайвар ягаан шархтай хүнийг тахилч үзэхэд тэр нь уяман шиг харагдвал 44  тэр хүн уяман өвчтэй гэсэн үг. Тэр хүн бузартсан бөгөөд тахилч толгой дээр нь гарсан өвчнийх нь улмаас тэр хүнийг бузартсан гэж зарлана. 45  Уяман өвчтэй хүний хувьд хувцсаа урж, үсээ сэгсийлгэн, сахал амаа бүтээгээд “Бузартсан, бузартсан!” гэж хашхирах ёстой. 46  Тэрбээр өвчтэй бүхий л хугацаандаа бузартсан байна. Бузартсан учраас тусгаарлагдах бөгөөд хуарангийн гадна амьдрах ёстой. 47  Хэрэв уяман өвчин дараах зүйлсэд, тодруулбал ноосон хувцас, маалинган хувцас, 48  маалинган юм уу ноосон даавуу, арьс юм уу арьсан эдлэлд халдаж 49  шар ногоон эсвэл улаавтар толботой болговол энэ нь арьс, даавуу, арьсан эдлэлд халдсан уяман өвчин гэсэн үг. Үүнийг тахилчид үзүүлэх ёстой. 50  Тахилч толботой зүйлийг үзээд долоон хоног тусгаарлаж тавих ёстой. 51  Долоо дахь өдөр нь тахилч шалгаж үзэхэд толбо хувцас, даавуу, арьсан дээгүүр (юунд ч хэрэглэдэг бай) тархсан байвал энэ нь халдвартай уяман өвчин учраас бузар юм. 52  Тэрбээр уяман өвчин халдсан хувцас, ноосон юм уу маалинган даавуу, арьсан эдлэлийг шатаах ёстой. Яагаад гэвэл энэ нь халдвартай уяман өвчин юм. Заавал шатаах ёстой. 53  Харин тахилч шалгаж үзэхэд уяман өвчин хувцас, даавуу, арьсан эдлэл дээгүүр тархаагүй байвал 54  уямантай тэр зүйлийг угаахыг тахилч тушаах бөгөөд дахин долоон хоног тусгаарлаж тавина. 55  Уямантай тэр зүйлийг сайтар угааснаас хойш долоон хоногийн дараа тахилч шалгаж үзнэ. Тэгэхэд уяман өвчин тархаагүй хэр нь бүдгэрээгүй байвал бузар гэсэн үг. Гаднаасаа ч идэгдсэн бай, дотроосоо ч идэгдсэн бай тэр зүйлийг шатаах ёстой. 56  Харин тахилч шалгаж үзэхэд уямантай хэсэг нь сайтар угааснаас хойш бүдгэрсэн байвал хувцас, арьс, даавуунаас тэр хэсгийг нь урж авах ёстой. 57  Хэрэв хувцас, даавуу, арьсан эдлэлийн өөр хэсэгт уяман тархсан байвал тэр эд зүйлийг шатаах ёстой. 58  Хувцас, даавуу, арьсан эдлэлийг угаасны дараа уяман арилсан байвал хоёр дахь удаагаа угаах ёстой бөгөөд цэвэр болно. 59  Энэ бол уяман өвчин халдсан ноосон хувцас, маалинган хувцас, даавуу, арьсан эдлэлийг цэвэр эсвэл бузартсан гэж зарлахад зориулсан хууль юм» гэж айлдав.

Зүүлт

«Уяман» гэж орчуулсан еврей үг нь өргөн утгатай бөгөөд арьсны янз бүрийн халдварт өвчнийг илэрхийлэх нь бий. Бас хувцас, байшин дээр уямангийн халдвар илэрдэг.
Эсвэл «хоёр дахь удаагаа»
Эсвэл «халдваргүй»