Левит 21:1–24

  • Тахилчид ариун, бузартаагүй байх ёстой (1-9)

  • Тэргүүн тахилч өөрийгөө бузарлаж болохгүй (10-15)

  • Тахилчид бие эрхтний согоггүй байх ёстой (16-24)

21  Дараа нь Ехова Мосед «Аароны хөвгүүд болох тахилчдад ингэж хэл. “Ард түмнийхээ дундах үхсэн хүнээр хэн ч өөрийгөө бузарлаж болохгүй.  Харин гэрийнхнийхээ төлөө буюу эцэг эх, хүү охин, төрсөн ах дүүгийнхээ төлөө бол болно.  Бас хамт амьдарч байсан*, хүнтэй суугаагүй онгон эгч дүүгийнхээ төлөө болно.  Харин элэг нэгтнийхээ эхнэрийн төлөө өөрийгөө бузарлаж болохгүй.  Тахилчид толгойнхоо үсийг юм уу шанааныхаа сахлыг хусаж болохгүй. Мөн биеэ зүсэж болохгүй.  Тэд Бурхныхаа өмнө ариун байх ёстой. Бурхныхаа нэрийг гутааж болохгүй. Учир нь тэд Ехова Бурхан надад зориулж шатаан өргөх тахил буюу хүнсийг өргөдөг. Тахилчид ариун байх ёстой.  Тэд янхантай, бузартсан эмэгтэйтэй эсвэл нөхрөөсөө салсан эмэгтэйтэй гэрлэж болохгүй. Учир нь тахилч Бурхныхаа өмнө ариун байх ёстой.  Тэрбээр та нарын Бурхны хүнсийг өргөдөг учраас түүнийг ариун гэж үз. Та нарыг ариун болгож тусгаарласан Ехова би ариун учраас та нар тахилчийг бас ариун гэж үзэх ёстой.  Хэрэв тахилчийн охин биеэ үнэлж өөрийгөө бузарлавал эцгээ гутаана. Түүнийг шатаах ёстой. 10  Ах дүүгийнхээ дундаас толгой дээрээ тос цутгуулж, тэргүүн тахилчаар томилогдон, тахилчийн өмсгөл өмсөхөөр сонгогдсон хүн үс зүсээ хайхрахгүй орхих юм уу өмсгөлөө урж болохгүй. 11  Тэрбээр үхсэн хүнд ойртон очиж болохгүй. Эцэг эхийнхээ төлөө ч өөрийгөө бузарлах ёсгүй. 12  Тэрбээр ариун газраас гарч болохгүй. Мөн Бурхныхаа ариун газрыг бузарлаж болохгүй. Учир нь түүний дээр Бурханд зориулагдсаных нь тэмдэг болох Бурхны тосолгооны тос бий. Би бол Ехова. 13  Тэрбээр онгон эмэгтэйг эхнэрээ болгон авах ёстой. 14  Харин бэлэвсэн, салсан, бузартсан эсвэл янхан эмэгтэйтэй гэрлэж болохгүй. Ард түмнийхээ дундаас онгон эмэгтэйг эхнэрээ болгон авах ёстой. 15  Ехова би түүнийг ариусгадаг учраас тэрбээр ард түмнийхээ дундах үр удмаа гутааж болохгүй”» гэв. 16  Ехова цааш нь Мосед 17  «Ааронд ингэж хэл. “Үеийн үед чиний үр удмаас бие эрхтний согогтой хүн Бурхныхаа хүнсийг өргөхөөр тахилын ширээнд ойртох ёсгүй. 18  Бие эрхтний согогтой хүн тахилын ширээнд ойртож болохгүй. Тэдгээрт хараагүй, доголон, нүүрний гажигтай*, эсвэл нэг мөч нь урт, 19  хөл гарынх нь яс хугарсан, 20  бөгтөр, одой*, эсвэл нүдний гажиг, тууралт, үлд, гэмтсэн төмсөгтэй хүн орно. 21  Аароны удмын, бие эрхтний согогтой нэг ч тахилч Еховагийн өргөлийг шатаахаар тахилын ширээнд ойртох ёсгүй. Тэрбээр бие эрхтний согогтой учраас Бурхныхаа хүнсийг өргөхөөр тахилын ширээнд ойртож болохгүй. 22  Тэрбээр Бурхныхаа хүнснээс буюу ариун зүйлс, маш ариун зүйлсээс идэж болно. 23  Гэхдээ хөшгөнд* ойртон очиж болохгүй. Тахилын ширээнд ч ойртон очиж болохгүй. Яагаад гэвэл тэрбээр бие эрхтний согогтой юм. Тэрбээр миний ариун газрыг гутаах ёсгүй. Учир нь би бол тэднийг ариусгадаг Ехова билээ”» гэж айлдав. 24  Тэгээд Мосе үүнийг Ааронд, хөвгүүдэд нь, мөн Израйлын бүх ард түмэнд уламжилжээ.

Зүүлт

Үгч. «өөрт ойр»
Үгч. «хамар нь сэтэрхий»
Эсвэл «тураалд орсон» гэсэн бололтой.
Ариун болон Ариунаас ариун газрыг заагладаг хөшиг