Левит 25:1–55

  • Амралтын жил (1-7)

  • Чөлөөлөлтийн жил (8-22)

  • Эзэмшлээ буцааж авах (23-34)

  • Ядуу хүнд яаж хандах (35-38)

  • Боолын тухай хууль (39-55)

25  Ехова цааш нь Мосед Синаи уулан дээр 2  «Израйлчуудад ингэж хэл. “Та нар миний өгөх гэж байгаа нутагт ороод Ехова миний тогтоосон Амралтын жилийн талаарх хуулийг сахиж газраа амраа. 3  Зургаан жил талбайдаа үр тарьж, усан үзмийн моддоо тайрч арчлан, ургацыг нь хураа. 4  Харин долоо дахь жил нь Ехова надад зориулсан Амралтын жил учраас газраа бүрэн амраагтун. Талбайдаа үр тарих юм уу усан үзмийн моддоо тайрч арчилж болохгүй. 5  Сүүлчийн ургац хураалтаас хойш өөрөө ургасан тариаг хурааж болохгүй. Тайрч арчлаагүй моддоос ургасан усан үзмийг ч хурааж болохгүй. Нэг жил газраа бүтэн амраах ёстой. 6  Гэхдээ Амралтын жилд ургасан ургацаас та нар болон боол шивэгчид, хөлсний ажилчид чинь, мөн та нартай хамт амьдран суудаг харийн хүмүүс идэж болно. 7  Мал адгуус, зэрлэг амьтад ч ургацыг нь идэж болно. 8  Та нар долоон Амралтын жил буюу долоон жилийг долоо дахин тоол. Долоон Амралтын жил нь нийт 49 жил болно. 9  Тэгээд долоо дахь сарын 10-нд буюу Нүглийг уучлуулах тахил өргөх өдөр бүрээ чанга үлээгтүн. Орон даяар бүрээ үлээх ёстой. 10  Тавь дахь жил ариун учраас нутаг даяар эрх чөлөөг зарлан тунхаглагтун. Тэр жил бол Чөлөөлөлтийн жил* учраас хүн бүр эзэмшил рүүгээ, гэр бүл, хамаатан садан руугаа буцан очно. 11  Та нарын хувьд 50 дахь жил нь Чөлөөлөлтийн жил болно. Та нар үр тарьж болохгүй. Өөрөө ургасан тариаг ч, тайрч арчлаагүй моддоос ургасан усан үзмийг ч хурааж болохгүй. 12  Яагаад гэвэл Чөлөөлөлтийн жил учраас та нарын хувьд ариун байх ёстой. Та нар зөнгөөрөө ургаснаас нь идэж болно. 13  Чөлөөлөлтийн жилд хүн бүр эзэмшлээ буцааж авна. 14  Та нар юу ч зарсан, юу ч худалдаж авсан шулж мөлжиж болохгүй. 15  Газар худалдан авч байгаа хүн Чөлөөлөлтийн жилээс хойш хэдэн жил өнгөрснийг тооцох бөгөөд худалдаж байгаа хүн нь хэдэн ургацын жил үлдсэнийг тооцож үнээ тогтоох ёстой. 16  Олон жил үлдсэн бол үнэ нь нэмэгдэж, цөөхөн жил үлдсэн бол үнэ нь хасагдана. Яагаад гэвэл ургац хураалтын тооноос хамаарч зарах ёстой. 17  Хэн ч бусдыг шулж мөлжиж болохгүй. Би бол та нарын Бурхан Ехова учраас та нар Бурхнаасаа эмээх ёстой. 18  Миний хууль тогтоол, шийдвэрийг дагаж мөрдвөл та нар нутагтаа аюулгүй амьдран сууна. 19  Газар үр шимээ өгч, та нар цадтал идэж уун аюулгүй аж төрнө. 20  Гэхдээ та нар: «Долоо дахь жилд үр тарьж, ургац хураахгүй юм бол бид нар юу идэх юм бэ?» гэж хэлж магадгүй. 21  Би та нарыг зургаа дахь жилд ивээх учраас газар үр шимээ өгч та нар гурван жил хэрэглэх хангалттай ургац хураана. 22  Тэгээд найм дахь жилд нь үр тарьж, ес дэх жилийн ургац гартал хуучин үр тариагаа иднэ. Тэгэхээр шинэ ургац гартал хуучнаа иднэ. 23  Газар минийх учраас бүр зарж болохгүй. Учир нь та нар миний хувьд харийн оршин суугчид, түр суугчид юм. 24  Та нар эзэмшин суух бүх газартаа газрыг эргүүлэн худалдаж авах эрхийг олгож байх ёстой. 25  Хэрэв элэг нэгтэн чинь ядуурч эзэмшлээсээ зарвал ойрын хамаатан нь ирж зарагдсан өмчийг нь буцаан худалдаж авах ёстой. 26  Харин худалдаж авах хамаатангүй боловч өөрөө өөдлөн дэвжээд өмчөө эргүүлэн худалдаж авах чадалтай болбол 27  зарснаасаа хойших жилүүдийн ургацын үнийг тооцоолж байгаад анх зарсан үнээсээ хасаж, худалдаж авсан нөгөө хүндээ зөрүүг нь өгнө. Ийнхүү эзэмшлээ буцааж авч болно. 28  Харин эргүүлж худалдаж авах боломжгүй бол зарсан зүйл нь Чөлөөлөлтийн жил болтол худалдаж авсан хүнийх хэвээрээ байна. Чөлөөлөлтийн жилд тэр эзэмшил хуучин эзнийхээ мэдэлд очно. Тэрбээр эзэмшил рүүгээ эргэн очно. 29  Хэрэв хүн хана хэрэмтэй хот доторх сууцаа зарвал зарснаасаа хойш нэг жилийн дотор эргүүлэн худалдаж авч болно. Худалдаж авах эрх нь бүтэн жил хүчинтэй байна. 30  Харин бүтэн жил өнгөрөхөд эргүүлж худалдаж аваагүй бол тэр хана хэрэмтэй хот доторх сууц худалдаж авсан хүн болон үр удмынх нь байнгын эзэмшил болно. Чөлөөлөлтийн жилд ч чөлөөлөгдөхгүй. 31  Хана хэрэмгүй тосгон доторх сууцыг хээр талтай адилтган үзэж, хэзээ ч хамаагүй эргүүлж худалдаж авах эрхтэй. Худалдаж аваагүй байсан ч Чөлөөлөлтийн жилд сууцаа буцаан авна. 32  Левичүүдийн хот доторх сууцын тухайд, левичүүд сууцаа хэзээ л бол хэзээ эргүүлэн худалдаж авах эрхтэй. 33  Леви хүн хот доторх сууцаа эргүүлж худалдаж авч чадахгүй бол сууц нь Чөлөөлөлтийн жилд эргээд түүнийх болно. Яагаад гэвэл левичүүдийн хотууд доторх сууцууд нь Израйл дахь тэдний эзэмшил юм. 34  Бас хотынх нь эргэн тойрны бэлчээрүүдийг зарж болохгүй. Энэ нь тэдний байнгын эзэмшил юм. 35  Элэг нэгтэн чинь ядуурч, өөрийгөө тэжээж чадахгүй болбол та нар харийн хүн, түр суугчид туслах ёстой шигээ тэр хүнд ч туслах ёстой. Тэгж байж тэр хүн та нарын дунд амьдран сууна. 36  Мөн түүнээс хүү нэхэж болохгүй. Та нар Бурхнаасаа эмээх ёстой бөгөөд тэр хүн та нарын дунд амьдран сууна. 37  Тэр хүнд мөнгө хүүтэй зээлэх юм уу ашиг харж хоол хүнс өгч болохгүй. 38  Би бол та нарт Канааны нутгийг өгөхийн тулд, Бурхан чинь гэдгээ батлахын тулд та нарыг Египетээс гаргаж авчирсан Ехова Бурхан чинь билээ. 39  Хөрш зэргэлдээ амьдардаг элэг нэгтэн чинь ядуурч, боол чинь болохын тулд өөрийгөө та нарт зарахад хүрвэл зарц боолын ажил хийлгэж болохгүй. 40  Харин хөлсний ажилчин, түр суугч шиг үзэх ёстой. Тэрбээр Чөлөөлөлтийн жил хүртэл ажиллана. 41  Тэгээд тэрбээр хүүхдүүдтэйгээ чамайг орхин гэр лүүгээ явж, өвөг дээдсээсээ өвлөж авсан эзэмшил рүүгээ буцна. 42  Учир нь тэд бол Египетээс миний гаргаж авчирсан зарц нар минь юм. Тэд боол мэт худалдагдах ёсгүй. 43  Түүнд харгис хэрцгий хандаж болохгүй. Бурхнаасаа эмээгтүн. 44  Та нарын зарц шивэгчид эргэн тойрны чинь үндэстнүүдийн хүмүүс байх ёстой. Та нар харь үндэстнүүдээс зарц шивэгчдийг худалдан авч болно. 45  Мөн та нарын дунд түр суугч харийн хүмүүсээс болон нутагт чинь төрсөн тэдний үр хүүхдээс боол худалдаж авч болно. Ингэснээр тэд та нарын мэдлийнх болох юм. 46  Та нар нас барахдаа тэднийг үр хүүхдүүдийнхээ боол болгож болно. Тэгвэл тэд цаашдаа ч үр хүүхдүүдэд чинь үйлчилж, боол нь байх юм. Харин элэг нэгтнүүдээ харгислан дарлаж болохгүй. 47  Та нарын дундах харийн оршин суугч юм уу түр суугч хөрөнгөжиж, харин элэг нэгтэн чинь ядуурч харийн оршин суугч, түр суугч эсвэл харийн оршин суугчийн үр удамд өөрийгөө боол болгон худалдвал 48  чөлөөлөгдөх эрхтэй хэвээрээ байна. Төрсөн ах дүү нь түүнийг эргүүлж худалдаж авч болно. 49  Мөн гэрийнхэн нь, авга ах, нагац ах нь юм уу тэдний хүүхэд эсвэл цусан төрлийнх нь хүн түүнийг эргүүлж худалдаж авч болно. Эсвэл мөнөөх хүн хөрөнгөжвөл өөрийгөө чөлөөлж болно. 50  Тэгэхдээ өөрийгөө худалдсан жилээс Чөлөөлөлтийн жил хүртэлх хугацааг худалдан авсан хүнтэйгээ тооцох бөгөөд өөрийгөө зарсан үнэ нь Чөлөөлөлтийн жил хүртэлх хугацаагаар тооцсон үнэ байх юм. Тэр хүний ажилласан өдрүүдийг хөлсний ажилчныхтай адилхан тооцох ёстой. 51  Олон жил үлдсэн бол тэр хугацаанд төлөх мөнгийг чөлөөлөгдөхийн тулд буцааж өгнө. 52  Чөлөөлөлтийн жил хүртэл цөөхөн жил үлдсэн бол тэр хугацаанд төлөх мөнгийг тооцоолоод чөлөөлөгдөхийн тулд буцааж өгнө. 53  Түүнийг эзэндээ зүтгэж байхад нь эзэн нь түүнийг хөлсний ажилчин мэт үзэх ёстой. Ажилчнаа дарлаж байгаа эсэхийг нь та нар анзаарч байгтун. 54  Гэхдээ тэрбээр энэ мэт байдлаар чөлөөлөгдөөгүй байлаа ч Чөлөөлөлтийн жилд үр хүүхдүүдтэйгээ чөлөөлөгдөнө. 55  Учир нь израйлчууд бол миний зарц нар. Тэд бол Египетээс миний гаргаж авчирсан зарц нар минь билээ. Би бол та нарын Бурхан Ехова.

Зүүлт

Эсвэл «Эврийн бүрээдэлтийн жил»