Левит 26:1–46

  • Шүтээн шүтэж болохгүй (1, 2)

  • Дуулгавартай хүний хүртэх ивээл (3-13)

  • Дуулгаваргүй хүнд оноох шийтгэл (14-46)

26  Та нар газар нутаг дээрээ өөрсдөдөө зориулж бурхад бүтээж болохгүй. Тэдгээр нь ямар ч ашиг тусгүй. Мөн сийлмэл шүтээн юм уу ариун багана бүү босго. Сөгдөж мөргөх гэж сийлмэл чулуун дүрсийг бүү тавь. Учир нь би та нарын Бурхан Ехова билээ.  Миний Амралтын өдрүүдийг сахиж, миний ариун газрыг дээдлэн хүндэл. Би бол Ехова.  Та нар цаашдаа ч миний хууль тушаалуудыг даган мөрдвөл  би та нарт цагт нь хур бороо хайрлана. Газар үр шимээ өгч, хээрийн модод жимсээ ургуулна.  Тариа цайруулах улирал нь усан үзэм хураах хүртэл, усан үзэм хураалт нь үр тарих улирал хүртэл үргэлжилнэ. Та нар ханатлаа идэж, газар нутаг дээрээ аюулгүй аж төрнө.  Би газар нутагт чинь амар тайвныг тогтооно. Та нар хэнээс ч айхгүй унтаж амарна. Би газар нутгаас чинь араатан амьтдыг зайлуулна. Нэг ч дайсан танай нутаг руу халдахгүй.  Та нар дайснуудаа үлдэн хөөж илдээрээ хөнөөнө.  Танай 5 чинь дайсныхаа 100-г, 100 чинь 10 000-ыг үлдэн хөөж илдээр хөнөөнө.  Би та нарыг анхаарч, өнөр өтгөн болгож, та нартай байгуулсан гэрээгээ сахина. 10  Өмнөх жилийн ургацаа идэж дуусаагүй байхад чинь шинэ ургац гарч хуучнаа хаях болно. 11  Миний асар та нарын дунд байх бөгөөд би та нараас нүүр буруулахгүй. 12  Би та нартай хамт байж*, та нарын Бурхан байх бөгөөд та нар миний ард түмэн байна. 13  Би та нарыг египетчүүдэд дахин боолчлуулахгүйн тулд гаргаж авчирсан та нарын Бурхан Ехова. Би та нарын буулгыг эвдэлж, цэх алхуулсан. 14  Харин та нар миний үгийг дагахгүй, эдгээр бүх тушаалыг сахихгүй, 15  миний хууль тогтоолыг үл тоож, шийдвэрүүдийг минь жигшиж, миний тушаалуудыг сахихгүй, гэрээг минь зөрчвөл 16  би та нарыг шийтгэнэ. Яаж гэвэл зовлон шаналалд унагана, сүрьеэ тусгана, халууруулна, харааг чинь муутгана, тамир тэнхээгүй болгоно. Та нар үр таривч дайснууд чинь цөлмөх учраас талаар болно. 17  Би та нарт уурлан хилэгнэж, та нар дайснууддаа ялагдана, үзэн ядагддаг хүмүүстээ дарлуулна, хэн ч хөөгөөгүй байхад зугтана. 18  Ингэсэн ч намайг сонсохгүй бол би та нарыг үйлдсэн нүглийн чинь төлөө долоо дахин хатуу шийтгэнэ. 19  Зөрүүд бардам занг чинь номхруулж, тэнгэрийг чинь төмөр шиг*, газрыг чинь зэс шиг* болгоно. 20  Газар чинь үр шимээ өгөхгүй, хээрийн модод чинь жимс ургуулахгүй учир та нар хүчээ дэмий барна. 21  Гэсэн ч намайг эсэргүүцэж миний үгэнд орохгүй байвал үйлдсэн нүглийн чинь төлөө би долоо дахин хатуу шийтгэнэ. 22  Та нар луу хээрийн зэрлэг амьтдыг явуулан та нарыг үр хүүхдүүдээс чинь хагацааж, мал амьтдыг чинь бариулна. 23  Тэгсэн ч гэсэн засрахгүй намайг эсэргүүцсээр байвал 24  би та нарыг дайснаа гэж үзэн үйлдсэн нүглийн чинь төлөө долоо дахин хатуу шийтгэнэ. 25  Та нар миний гэрээг зөрчсөн учраас би та нар луу дайснуудыг чинь довтлуулж илдээр хөнөөлгөнө. Та нар хотууд руугаа зугтвал би тэнд халдварт өвчин гаргана. Та нар дайсандаа ялагдана. 26  Намайг хүнсний чинь хангамжийг таслахад арван эмэгтэй талхаа нэг зууханд барьж, талхаа жинлэж хуваах ба та нар идсэн ч цадахгүй. 27  Тэгээд ч та нар намайг сонсохгүй эсэргүүцсээр байвал 28  би бүр ч их уурлан хилэгнэж, үйлдсэн нүглийн чинь төлөө долоо дахин хатуу шийтгэнэ. 29  Та нар охид хөвгүүдийнхээ махыг иднэ. 30  Би та нарын мөргөлийн өндөрлөгүүдийг устгаж, утлагын ширээнүүдийг чинь цавчин унагааж, та нарын хүүрийг амьгүй, жигшүүрт шүтээнүүдийн* чинь дээр овоолно. Та нар намайг жигшдэг учраас би та нараас нүүр буруулна. 31  Би та нарын хотуудыг устгаж, ариун газруудыг чинь эзгүйрүүлнэ. Та нарын өргөсөн тахилуудын тааламжит үнэрийг би таашаахгүй. 32  Намайг газар нутгийг чинь эзгүйрүүлэхэд тэнд оршин суух дайснууд чинь тэр нутгийг хараад гайхаж балмагдана. 33  Би та нарыг үндэстнүүдийн дунд тарааж, араас чинь илдээ сугална. Газар нутаг чинь эзгүйрч, хотууд чинь сүйрнэ. 34  Эзэнгүй газар нутаг чинь өмнө нь эдэлж чадаагүй бүх амралтаа эдэлнэ. Та нар газраа өмнө нь амраагаагүй учраас та нарыг дайснуудынхаа нутагт байхад амарна. 35  Та нар нутагтаа байхдаа газраа амраагаагүй учраас газар нутаг эзгүй байх хугацаандаа бүх амралтаа эдэлнэ. 36  Амьд гараад дайснуудынхаа нутагт байгаа хүмүүсийн сэтгэлийг би цөхрөөнө. Тэд навчны сэрчигнэх чимээнээр зугтаж, илдтэй хүнд элдэн хөөлгөх мэт зугтаж, хэн ч мөрдөж мөшгөөгүй байхад унаж бүдчинэ. 37  Хэн ч мөшгөөгүй байхад илдтэй хүнээс зугтах мэт гүйцгээж, бие биенийхээ дээрээс бүдрэн ойчицгооно. Та нар дайснуудынхаа өөдөөс юу ч хийж чадахгүй. 38  Олонх чинь үндэстнүүдийн дунд, дайснуудынхаа нутагт үрэгдэнэ. 39  Амьд үлдсэн нь өөрсдийнхөө болон эцэг өвгөдийнхөө үйлдсэн нүглээс болж дайснуудынхаа нутагт зовж шанална. 40  Тэгээд тэд өөрсдийнхөө болон эцэг өвгөдийнхөө нүглийг улайж, намайг эсэргүүцэн үнэнч бус загнаснаа хүлээн зөвшөөрнө. 41  Үйлдсэн нүглээс нь болж би бас тэднийг эсэргүүцэж дайснуудынх нь нутагт аваачна. Ингэснээр тэд нүглийнхээ хариуцлагыг үүрч, сэтгэл нь* номхорч магадгүй. 42  Тэгвэл би Иаков, Исаак, Абрахамтай байгуулсан гэрээгээ санаж, эзгүйрсэн газар нутагт анхаарлаа хандуулна. 43  Тэднийг эзгүйд газар нутаг өмнө нь эдлээгүй амралтаа эдэлнэ. Израйлчууд ч миний шийдвэрийг үл тоож, хууль тушаалыг маань жигшсэн нүглийнхээ хариуцлагыг үүрнэ. 44  Гэхдээ би тэднийг дайснуудынхаа нутагт байхад нь бүрмөсөн орхихгүй, газрын хөрснөөс арчихгүй. Хэрэв тэгвэл би гэрээгээ зөрчсөн хэрэг болно. Яагаад гэвэл би тэдний Бурхан Ехова. 45  Би тэдний төлөө өвөг дээдэстэй нь байгуулсан гэрээгээ санана. Би Бурхан нь гэдгээ батлахын тулд өвөг дээдсийг нь үндэстнүүдийн нүдэн дээр Египетийн нутгаас гаргаж авчирсан юм. Би бол Ехова”» хэмээн айлдав. 46  Эдгээр зарлиг, шийдвэр, хуулийг Ехова Синаи уулан дээр Мосегоор дамжуулан израйлчуудад тогтоож өгсөн юм.

Зүүлт

Үгч. «Би та нарын дунд алхаж»
Тэнгэрээс хур бороо орохгүйг хэлжээ.
Ган гачиг болохыг хэлжээ.
Еврей үг нь «баас» гэдэг үгтэй холбоотой бололтой. Жигшдэг юмаа энэ үгээр хэлдэг байжээ.
Үгч. «хөвч таслуулаагүй зүрх нь»