Левит 27:1–34

  • Бурханд өгөхөөр тангарагласан зүйлээ чөлөөлөх (1-27)

  • Еховад бүрмөсөн зориулсан зүйлс (28, 29)

  • Аравны нэгээ эргүүлж худалдаж авах (30-34)

27  Ехова цааш нь Мосед  «Израйлчуудад ингэж хэл. “Хүн хэн нэгнийг Еховад зориулах онцгой тангараг өргөхөөр боллоо гэж бодъё. Тэгэхдээ тэр хүний тухайд тогтоогдсон үнэлгээний дагуу Бурханд хандив өргөхөөр болбол  20–60 настай эрэгтэй хүний төлөө ариун газрын хэмжигдэхүүнээр 50 мөнгөн шекелийг* төлнө.  Харин эмэгтэй бол тогтсон үнэ нь 30 шекел байна.  5–20 насны эрэгтэйн тогтсон үнэ 20 шекел, эмэгтэйнх 10 шекел байна.  Нэг сартайгаас тав хүртэлх настай эрэгтэй хүүхдийн тогтсон үнэ таван мөнгөн шекел, эмэгтэй хүүхдийнх гурван мөнгөн шекел байна.  60-аас дээших насны эрэгтэйн тогтсон үнэ 15 шекел, эмэгтэйнх 10 шекел байна.  Хэрэв тангараг өргөсөн хүн тогтсон үнийг төлж чадахааргүй ядуу бол нөгөө хүнээ тахилчийн өмнө зогсооно. Тэгэхэд тахилч тангараг өргөж байгаа хүний боломж бололцоонд тааруулж үнийг нь тогтооно.  Хэрэв хүн тахил болгон өргөдөг амьтныг Еховад өгнө гэж тангараглавал тэр амьтан Еховагийнх болно. 10  Тийм учраас орлуулж болохгүй. Сайныг муугаар, мууг сайнаар сольж болохгүй. Солихоор бол анхны амьтан, орлуулах амьтан хоёул Бурхных болно. 11  Хэрэв хүн тахил болгож болохгүй бузар амьтныг Еховад өгнө гэж тангараглавал тэр амьтнаа тахилчийн өмнө аваачна. 12  Тахилч сайн муугаас нь хамаарч үнийг нь тогтоох бөгөөд тэр үнийг баримтална. 13  Харин өнөөх хүн амьтнаа эргүүлэн худалдаж авахыг хүсвэл тогтоосон үнэн дээр нь тавны нэгийг нь нэмж өгөх ёстой. 14  Хэрэв хүн сууцаа ариун бэлэг болгон Еховад зориулах гэвэл тахилч тэр сууцын сайн муугаас хамаарч үнийг нь тогтоох бөгөөд үнэ нь тэр ёсоор тогтоно. 15  Харин сууцаа ариусгасан хүн эргүүлж авах бол тогтоогдсон үнэн дээр нь тавны нэгийг нь нэмж өгөх ёстой. Тэгээд сууц тэр хүнийх болно. 16  Хэрэв хүн эзэмшлийнхээ талбайгаас Еховад ариусгаж өгөхөөр бол тэнд тарих үрийн хэмжээгээр үнэ нь тогтоогдоно. Нэг хомер* арвайн үр 50 мөнгөн шекел байна. 17  Хэрэв Чөлөөлөлтийн жилд талбайгаа ариусгавал үнийг нь дээрх үнэлгээгээр тогтооно. 18  Харин Чөлөөлөлтийн жилийн дараа талбайгаа ариусгавал тахилч дараагийн Чөлөөлөлтийн жил хүртэл хэдэн жил үлдсэнийг бодож байгаад үнийг нь багаар тогтооно. 19  Талбайгаа ариусгасан хүн эргүүлж худалдаж авах бол тогтоогдсон үнэн дээр нь тавны нэгийг нь нэмж өгөх ёстой. Тэгээд талбай тэр хүнийх болно. 20  Харин тэрбээр талбайгаа эргүүлж худалдаж аваагүй бөгөөд талбай нь өөр хүнд зарагдвал эргүүлж худалдаж авах боломжгүй болно. 21  Чөлөөлөлтийн жилд талбай чөлөөлөгдөхөөрөө Еховад бүрэн зориулагдан ариун болно. Талбай тахилчдын эзэмшил болно. 22  Хэрэв хүн өвлөж авсан талбайгаа биш худалдаж авсан талбайгаа ариусгаж Еховад өгөхөөр бол 23  тахилч Чөлөөлөлтийн жил хүртэл хэдэн жил үлдсэнээр нь үнийг нь тооцож, мөнөөх хүн тэр өдөртөө үнийг нь төлнө. Энэ нь Еховагийн хувьд ариун юм. 24  Уг зарагдсан талбай Чөлөөлөлтийн жилд хуучин эзэндээ буцаж очно. 25  Үнэ бүрийг ариун газрын хэмжигдэхүүнээр тогтоох ёстой. Нэг шекел нь 20 гератай* тэнцэнэ. 26  Мал амьтны ууган нь Еховагийнх учраас ариусган тусгаарлах хэрэггүй. Үхрийнх ч бай, хониных ч бай төрөхөөсөө Еховагийнх. 27  Хэрэв ууган төл нь бузар амьтных бөгөөд эзэн нь тэр малаа чөлөөлөхийг хүсвэл тогтсон үнэн дээр нь тавны нэгийг нь нэмж өгөх ёстой. Тэр хүн худалдаж авахгүй бол тахилч тогтсон үнээр нь зарна. 28  Еховад бүрмөсөн зориулсан хүнийг ч бай, амьтныг ч бай, талбайг ч бай зарах юм уу эргүүлэн худалдаж авч болохгүй. Яагаад гэвэл бүрмөсөн зориулсан зүйлс Еховагийн хувьд хамгийн ариун билээ. 29  Түүнчлэн цаазлуулах ёстой хүнийг чөлөөлж болохгүй. Заавал хөнөөх ёстой. 30  Талбайн ургац, модны жимс гээд газрын үр шимийн аравны нэг нь Еховагийнх бөгөөд Еховагийн хувьд ариун билээ. 31  Аравны нэгээ эргүүлж худалдаж авахыг хүсвэл үнэн дээр нь тавны нэгийг нь нэмж өгөх ёстой. 32  Үхэр, хонь, ямааны тухайд аравны нэг нь буюу шилбүүр доогуур гарсан арав дахь мал бүр Еховагийн хувьд ариун болно. 33  Тэр малыг сайн муугаар нь үнэлэх юм уу сольж болохгүй. Хэрэв солих гэвэл анхны мал болон орлуулсан мал хоёулаа Бурхных болно. Эргүүлж худалдаж авах боломжгүй”» гэж айлдав. 34  Ехова эдгээр тушаалыг Синаи уулан дээр Мосегоор дамжуулан израйлчуудад өгчээ.

Зүүлт

1 шекел нь 11,4 г. Хавсралт Б14-ийг үзнэ үү.
1 хомер нь 220 л. Хавсралт Б14-ийг үзнэ үү.
1 гера нь 0,57 г. Хавсралт Б14-ийг үзнэ үү.