Левит 4:1–35

  • Нүглийн төлөөх тахил (1-35)

4  Ехова цааш нь Мосед  «Израйлчуудад ингэж хэл. “Хэрэв хүн Еховагийн хориглосон зүйлийг хийж санамсаргүй нүгэл үйлдвэл ингэх ёстой.  Хэрэв тослогдсон тахилч нүгэл үйлдэж, ард түмэн ч гэм буруутайд тооцогдвол тэрбээр үйлдсэн нүглийнхээ төлөө Еховад согоггүй, залуу эр бухаар нүглийн төлөөх тахил өргөнө.  Бухаа Еховагийн өмнө цугларалтын асрын үүдэнд авчраад толгой дээр нь гараа тавьж, Еховагийн өмнө нядлах ёстой.  Тослогдсон тахилч бухын цуснаас аваад цугларалтын асар луу орно.  Тэгээд цусанд хуруугаа дүрж ариун газрын хөшигний урд Еховагийн өмнө долоон удаа цацна.  Бас цугларалтын асарт Еховагийн өмнө байдаг анхилуун утлагын ширээний эврүүдэд цуснаас түрхэнэ. Үлдсэн цусыг нь цугларалтын асрын үүдэн дэх шатаалт тахилын ширээний суурь луу асгах ёстой.  Дараа нь тахилч нүглийн төлөөх тахилд өргөх бухынхаа бүх өөхийг салгаж авна. Тухайлбал сэмж, дотор өөх,  хоёр бөөрийг нь өөхтэй нь салгах бөгөөд бөөрийг нь салгахдаа элгэн дээрх өөхийг нь ч салгаж авах ёстой. 10  Ингэхдээ эвийн тахилын бухын өөхийг салгаж авдаг шиг салгаж авах юм. Тахилч тэдгээрийг шатаалт тахилын ширээн дээр шатаан уугиулна. 11  Харин арьс, мах, толгой шийр, гэдэс дотор, сэвс 12  буюу бухаас үлдсэн бүх хэсгийг хуарангийн гадна, үнс асгадаг цэвэр газарт аваачиж модон дээр тавьж шатаана. Ийнхүү тэдгээрийг үнс асгадаг газар шатаах ёстой. 13  Израйлын хамаг чуулган санамсаргүй нүгэл үйлдэж буруутай болбол, мөн Еховагийн тушаалыг зөрчсөн уг хэрэг хуралд анзаарагдалгүй өнгөрсөн байгаад 14  нүгэл нь илчлэгдвэл хурал цугларалтын асрын өмнө нүглийн төлөөх тахил болгон залуу бух авчрах ёстой. 15  Чуулганы ахлагчид Еховагийн өмнө уг бухын толгой дээр гараа тавина. Тэгээд Еховагийн өмнө нядална. 16  Дараа нь тослогдсон тахилч бухын цуснаас авч цугларалтын асар луу орно. 17  Тэгээд цусанд хуруугаа дүрж ариун газрын хөшигний урд Еховагийн өмнө долоон удаа цацна. 18  Бас цугларалтын асарт Еховагийн өмнө байдаг утлагын ширээний эврүүдэд цуснаас түрхэнэ. Үлдсэн цусыг нь цугларалтын асрын үүдэн дэх шатаалт тахилын ширээний суурь луу асгах ёстой. 19  Мөн бүх өөхийг нь салгаж аваад тахилын ширээн дээр шатаан уугиулна. 20  Тахилч нүглийн төлөөх тахилын нөгөө бухад үйлдсэний адилаар үйлдэх ёстой. Ийн үйлдэж, тэдний нүглийг уучлуулахын тулд тахил өргөх бөгөөд тэд уучлагдана. 21  Тэрбээр бухаас үлдсэн хэсгийг хуарангийн гадна гаргуулаад эхний бухыг шатаасан шигээ шатаана. Энэ нь Израйлын хамаг чуулганы нүглийн төлөөх тахил юм. 22  Хэрэв удирдагчдын нэг нь Ехова Бурхныхаа тушаалыг зөрчиж санамсаргүй нүгэл үйлдэн буруутай болбол 23  эсвэл Бурхны тушаалыг зөрчин нүгэл үйлдсэнээ дараа нь мэдвэл согоггүй, залуу эр ямааг тахил болгон авчрах ёстой. 24  Тэрбээр залуу ямааны толгой дээр гараа тавина. Еховагийн өмнө шатаалт тахил нядалдаг газар ямааг нядална. Энэ нь нүглийн төлөөх тахил юм. 25  Тахилч нүглийн төлөөх тахилын цуснаас хуруугаараа авч шатаалт тахилын ширээний эврүүдэд түрхэнэ. Үлдсэн цусыг нь шатаалт тахилын ширээний суурь луу асгах ёстой. 26  Тэгээд бүх өөхийг нь эвийн тахилын өөх шиг тахилын ширээн дээр шатаан уугиулна. Ийнхүү тахилч нүглийг нь уучлуулахын тулд тахил өргөх бөгөөд тэр хүн уучлагдах юм. 27  Израйлын ард түмнээс хэн нэг нь санамсаргүй нүгэл үйлдэж Еховагийн хориглосон зүйлийг хийн гэм буруутай болбол 28  эсвэл нүгэл үйлдсэнээ дараа нь мэдвэл нүглийн төлөөх тахил болгон согоггүй залуу эм ямааг авчрах ёстой. 29  Тэрбээр нүглийн төлөөх тахилын малынхаа толгой дээр гараа тавина. Шатаалт тахил нядалдаг газар уг малыг нядлах ёстой. 30  Тахилч цуснаас нь хуруугаараа авч шатаалт тахилын ширээний эврүүдэд түрхэнэ. Үлдсэн цусыг нь тахилын ширээний суурь луу асгах ёстой. 31  Тэгээд бүх өөхийг нь эвийн тахилын өөх шиг салгаж аваад тахилын ширээн дээр Еховад тааламжит үнэрт тахил болгон шатаан уугиулна. Ийнхүү тахилч нүглийг нь уучлуулахын тулд тахил өргөх бөгөөд тэр хүн уучлагдах юм. 32  Хургаар нүглийн төлөөх тахил өргөх бол согоггүй эм хурга авчрах ёстой. 33  Тэрбээр нүглийн төлөөх тахилын малын толгой дээр гараа тавина. Шатаалт тахил нядалдаг газар уг малыг нядална. 34  Тахилч нүглийн төлөөх тахилын цуснаас хуруугаараа авч шатаалт тахилын ширээний эврүүдэд түрхэнэ. Үлдсэн цусыг нь тахилын ширээний суурь луу асгах ёстой. 35  Тэгээд бүх өөхийг нь эвийн тахилын залуу эр хонины өөх шиг салгаж аваад тахилын ширээн дээр, Еховад шатаан өргөх тахилуудын дээр шатаан уугиулна. Ийнхүү тахилч тэр хүний нүглийг уучлуулахын тулд тахил өргөх бөгөөд нүгэл нь уучлагдах юм.

Зүүлт